2013/01/02

Өнгөрөгч 2012 оныг гэрэл зургийн дуранд-II

2012 он манай "мэдээллийн дэлгэц"-ийн гэрэл зургийн дуранд хэрхэн бууж үлдсэнийг бид эргэн сануулж байгаа билээ. Ингээд бид уг цувралынхаа үргэлжлэлийг хүргэж байна.

Долдугаар сарын 04  "Азийн хүүхдүүд" спортын V их наадам болов

"Азийн хүүхдүүд" спортын V их наадам өнгөрсөн оны энэ өдөр ОХУ-ын Якутын Саха хотод болсон. Дөрвөн жилд нэг удаа зохиогддог уг наадамд 28 орны баг тамирчид нийт 23 төрөлд өрсөлдсөн юм. Энэхүү наадамд манай улс ч баг тамирчиддаа илгээсэн билээ.

Долдугаар сарын 11 Монгол наадам

Уламжлал ёсоороо монголчууд бид Ардын хувьсгалын ойн их баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлсэн. Төрийн ордноос Их Монгол Улсаас улбаатай Есөн  хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд залах ёслолын ажиллагаа болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж наадмыг нээж үг хэлснээр түүхт 91 жилийн ойн баярын нээлт албан ёсоор эхэлсэн.

 Долдугаар сарын 11 Х.Бат-Эрдэнийн хүрэн түрүү магнайгаар тодорлоо

Ардын хувьсгалын 91 жилийн ойн их баяр наадмаар уламжлал ёсоороо зургаан насны морьд шанадас сорьсон. Эдгээрээс хурдан их насны морьдын уралдааныг эргэн сануулъя. Энэ насанд 417 хурдан буян  бүртгүүлсэн байснаас 405 хурдан ажнай шанадас сорьсон. Түрүү магнайд Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Монгол Улсын Манлай уяач Х.Бат-Эрдэнийн хүрэн морь тоосоо өргөлсөн. Харин аман хүзүүнд  Ховд аймгийн Дарви сумын уугуул Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Гачуурт морин спорт уяачдын холбооны  тэргүүн Ү.Атарсайханы ембүү хул хурдалж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Д.Баясгалангийн суман хүрэн, Төв аймгийн Баян сумын уугуул, Монгол Улсын Тэргүүн шадар сайд М.Энхболдын хүрэн халзан айргийн гурав, дөрөвт орсон бол айргийн тавд хүүхэдгүй морь орж ирсэн. Гэвч журам ёсоор байр хойшлуулан тооцсон билээ.

Долдугаар сарын 12 Төрийн их наадмын түрүү бөх

Дэнж хотойтол наадах монгол түмний маань урмыг сэргээж, бахархлыг төрүүлдэг зүйл нэг бол яах аргагүй хүчит бөхийн барилдаан. Өнгөрсөн жилийн наадамд алдарт аварга, арслангуудынхаа үргэлжлэл нэгэн гайхамшиг болохоор наадмын түрүүг улсын арслан П.Бүрэнтөгс, улсын гарьд Д.Рагчаа нар булаалдсан билээ.

Долдугаар сарын 11 "Дэгжин Монгол"

Жил бүрийн долдугаар сарын 13-ны өдөр Сүхбаатарын талбайд "Дээлтэй Монгол" наадам болдог. Өнгөрсөн жилийн энэ өдөр дахин давтагдахгүй, чамин хийц, өнгө загвартай Монгол дээлээрээ дэлхий нийтийн анхаарлын төвд орсон Монголчууд "Дээлтэй Монгол" наадмыг зургаа дахь жилдээ зохион байгууллаа.

Долдугаар сарын 23 Олимпийн тосгонд Монголын багийн тугийг мандуулав

"Лондон 2012" олимпийн наадмын тосгонд Монголын багийн тугийг мандуулах ёслолын ажиллагаа энэ өдөр болсон. Уг ёслолын ажиллагаанд МҮОХ-ны дэд Ерөнхийлөгч Ц.Дамдин, Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Алтангэрэл, Олимпийн тосгоны дарга Сэр Чарльз Аллен, тамирчдын төлөөлөл, Лондон хотноо оршин суух монголчууд оролцсон. Олимпийн тосгонд Монгол улсын багийг хүлээн авч, төрийн далбааг хүлээн авах ёслолын ажиллагааг Их Британийн хүүхэд, залуучуудын театр хөтлөн явуулсан бөгөөд бүхэлдээ "Куин" хамтлагийн мюзикл хэлбэрээр өрнөсөн юм.

Наймдугаар сарын 07  Нийслэл шинэ удирдлага томилогдов

2012-2016 онд нийслэл хотыг удирдах хүнээр Эрдэнийн Бат-Үүл сонгогдов

Наймдугаар сарын 14  "Зоос"-ын удирдлагууд манай дуранд

"Зоос" банкинд их хэмжээний санхүүгийн хохирол учруулж, дампууруулсан хэмээн буруутгагдсан 113 дугаар салбарын захирал Ж.Алтанцаг, Гадаад дахь төлбөр, тооцоо хариуцсан санхүүгийн албаны дарга П.Сэлэнгэ нарт холбогдох хэргийн шүүх хурал нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхэд анх удаа товлогдож, олны хараанаас хол байсан тэд манай гэрэл зурагчны дуранд анх удаа өртсөн юм.

Наймдугаар сарын 16 Спортын алдартнуудыг урамшуулах зарлиг гаргав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж спортын алдартнуудаа урамшуулах, залуу тамирчдад хөшүүрэг, ахмад үеийнхний амьжиргаанд нь нэмэр болгох үүднээс Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гаргасан. Ингэснээр Олимпийн наадмын алтан медальтныг сар бүр дөрөв, мөнгөн медальтныг гурав, хүрэл медальтныг хоёр сая төгрөгөөр урамшуулж, харин Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Олимпийн зай, жинд алтан медаль авсан бол хоёр сая, мөнгө медальтанд нэг сая, хүрэл медаль хүртсэн тамирчинд 500 мянган төгрөг өгч байхаар боллоо.

Наймдугаар сарын 16 Паралимпийн XIV наадамд оролцох тамирчдыг үдэн гаргав

"Лондон-2012" паралимпийн XIV наадамд оролцох Монголын баг, тамирчдыг үдэн гаргах ёслолын ажиллагаа энэ өдөр Биеийн тамир спортын газарт болсон. Энэ удаад манай улсаас пара буудлагын шигшээ багийн тамирчин, ОУХМ Ц.Лхамсүрэн, пара жудо бөхийн шигшээ багийн тамирчин Д.Ганбат, А.Мөнхбат, пара байт харвааны шигшээ багийн тамирчин Б.Жавзмаа, Б.Оюун-Эрдэнэ, пара хөнгөн атлетикийн шигшээ багийн тамирчин Ч.Мөнх-Эрдэнэ нар оролцсон юм.

Наймдугаар сарын 24 Тэсрэх бөмбөгийн дуулиан

"Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудлын танхимаас  үл мэдэх бодис олдож хуваарьт нислэгүүд хойшилсон хэрэг наймдугаар сарын 24-ний өдөр гарсан. Энэ дагуу нисэх буудал аюулгүй ажиллагаагаа  хангах үүднээс онц байдал зарлаж үйл ажиллагааг нь түр зогсоосон юм. Шалгалтын явцад уг олдсон бодис нь сургалтын дуу чимээ гаргадаг хэрэгсэл болох нь тогтоогдсон билээ.

Наймдугаар сарын 27 Дугаарын хязгаарлалт

Нийслэлийн шинэ удирдлагуудын зүгээс замын хөдөлгөөний ачааллыг сааруулах зорилгоор тээврийн хэрэгслийн улсын дугаарын төгсгөлийн тооноос хамаарч хөдөлгөөнийг нь хязгаарлахаар болсон. Энэ арга хэмжээ өнгөрсөн жилийн наймдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа билээ.

Есдүгээр  сарын 03  Барилга дээр гарсан осол хүүхдийн амийг авав

Хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байтал Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооллын "Саппоро" төвийн ойролцоо барилгын зуурмаг дээш нь шахдаг том оврын автомашины хоолойны тулгуур зам дээр унаж, бага насны хүүхэд амта алдсан хэрэг гарсан.  Үүний дараагаар шил шилээ даран олон ч осол гарч, эрдэнэт хүний амь сүйдсэн. Энэ хэрэгтэй холбогдуулан Улаанбаатар хотын захирагч хууль бусаар барилга барьж байгаа барилгын эзэдүүдтэй тэмцэл өрнүүлж эхэлсэн билээ.

Есдүгээр  сарын 08 "The Bootleg Beatles", "Michael Learns to Rock" Монголд

Английн Ливерпүүл хотноо тэртээ 1960 онд байгуулагдаж байсан домогт "The Beatles" хамтлагийн хуулбар "The Bootleg Beatles" хамтлагийн тоглолт манай улсад болов. Мөн өлдөрт "Michael Learns to Rock" хамтлагийнхан манай улсад тоглолтоо хийсэн билээ.

Аравдугаар сарын 15 Лениний хөшөөг буулгав

"Улаанбаатар" зочид буудлын урд олон жилийг үдсэн В.И.Лениний хөшөөг НИТХ-ын захирамжийн дагуу аравдугаар сарын 15-ны өдөр буулгалаа.

Аравдугаар сарын 17 Нарны гүүр нээлтээ хийв

Япон улсын Засгийн Газрын буцалтгүй тусламжаар Нарны замыг Их тойруугийн Энгельсийн гудамжтай төмөр зам дээгүүр холбосон " Нарны гүүр"-ийн нээлт аравдугаар сарын 17-ны өдөр болсон. Энэ гүүрэн гарц нь Төмөр замын хөдөлгөөнд саад  болохгүйгээр Япон улсын дэвшилтэт технологиор баригдсан ган гүүр бөгөөд урт нь 262 метр, хойд урд дөхөх замууд 353 метр , нийт 895 метр урт, дөрвөн эгнээ зорчих хэсэгтэй. Мөн явган хүний зам, борооны ус зайлуулах  байгууламж, гэрэлтүүлэг, гэрлэн дохио, гүүрнээс буух явган хүний шат бүхий авто замын иж бүрэн байгууламж юм.

Аравдугаар сарын 29 Нийслэлийн тугийг анх удаа мандуулав

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 373 жилийн ойн өдөр анх удаа нийслэлийн тугийг мандуулж, сүлдэт хуурийг цэнгүүлэв. Туг мандуулах ёслолын ажиллагаанд  Нийслэлийн удирдлагууд оролцож, Батлан хамгаалахын их сургуулийн сонсогчид болон хүндэт харуулууд жагсч, Улаанбаатар хотын билэг тэмдэг болох хангарьд шувууны дүрс бүхий хөх өнгийн туг мандсан юм.

Арваннэгдүгээр сарын 09 Дахин амилсан "Гамлет"

У.Шекспирийн  "Гамлет" жүжгийг манайуран бүтээлчид 33 жилийн дараа тайзнаа амилуулав. Энэ удаад ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар ажиллаж, Гамлетын дүрд С.Болд-Эрдэнэ,  Офелияд залуу жүжигчин А.Ганчимэг, СТА Д.Ганцэцэг нар тоглосон юм.

Арваннэгдүгээр сарын 14 Эзэн Чингисийн мэндэлсний 850 жилийг тэмдэглэв

УИХ-ын чуулганаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн хэмээн тогтож, энэ өдөр бүх нийтээр амарч, тэмдэглэж байхаар хуульчлав. Чингис хааны төрсөн өдөр энэ онд арваннэгдүгээр сарын 14-нд тохиосон.

Арваннэгдүгээр сарын 21 Орон нутгийн сонгууль болов

Орон нутгийн сонгууль энэ өдөр болсон. Харин сонгогчдын ирц хангалтгүй байснаас нийслэлийн ихэнх дүүрэгт сонгуулийн ирц хүрээгүй. Гэсэн дийлэнх олонхийн саналаар  АН орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан юм.

Шууд.мн-Мэдээллийн дэлгэц

0 сэтгэгдэл:

Post a Comment