2013/01/25

Агаарын бохирдол урагт хэрхэн нөлөөлж байгааг судална

Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль дээр өнөөдөр "Агаарын бохирдол-Эрүүл мэнд" сэдэвт уулзалт боллоо. Уулзалтад Канадын Саймон Фрейзерийн их сургууль, Тайваны их сургууль, АНУ-ын Беркелегийн их сургууль, МУИС, ЭМШУИС-ийн эрдэмтэн судлаачид оролцов. Мөн Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Цэвэр агаар сан, Эрүүл мэндийн яам, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны мэргэжилтнүүд оролцсон юм. Энэ үеэр Монголын агаарын бохирдлын өнөөгийн байдал, бусад оронд хэрэгжүүлж буй туршлагын талаар санал солилцов.
Саймон Фрейзерийн их сургуулийн профессор Райн Ален "Монголд агаарын бохирдол хамгийн тулгамдсан асуудал болсон байна. Манай их сургуулийн зүгээс агаарын бохирдол урагт хэрхэн нөлөөлөх талаар суурь судалгааг Монголын судлаачидтай хамтран хийнэ. Цаг хугацаа шаардах ч үр дүн нь ач холбогдолтой болно гэдэг итгэж байна" гэсэн юм.
Уулзалтын үеэр ЭМШУИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн захирал О.Чимэдсүрэн  хэлэхдээ "Агаарын бохирдлоос үүдэн хүний эрүүл мэнд, ялангуяа бага насны хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үүсдэг. Мөн жирэмсэн эхчүүд, урагт ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэг  гэдэг ч нотолсон судалгаа гэж алга. Тиймээс Канадын багтай хамтран агаарын бохирдол урагт ямар нөлөө үзүүлж байна вэ гэдгийг тогтоох зорилготой судалгаа хийнэ. Агаарын бохирдлоос болоод ураг бага жинтэй, төрөлхийн гажигтай гардаг. Хамгийн  их агаарын бохирдолтой Сүхбаатар дүүргийг сонгосон. Жирэмсэн эхчүүдийг  нярайлах хүртэл нь хяналтанд аваад тухайн айлын орчинд байгаа агаарын бохирлдлыг тодорхойлох юм. Мөн тэр айлд агаар цэвэршүүлэх филтер тавиад тавьсан, тавиагүй хоёр айлд хүүхдийн эрүүл мэнд, эхэд ямар нөлөө, өөрчлөлт гарч байгааг судлах юм. Ингэснээр Засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд үр дүнгээ өгч байна уу, бодлого боловсруулагчид цаашид юунд анхаарах ёстой вэ гэдэгт  нөлөөлөхүйц баримттай судалгаа болох юм" гэлээ.
П.Наран

0 сэтгэгдэл:

Post a Comment