2013/01/02

Грачёв: Бензиний үнэ өснө

Оросын улсын  Думын эрчим хүчний  хорооны тэргүүн Иван Грачёв сэтгүүлчдэд хэлэхдээ, энэ онд Орост бензиний үнэ  литр нь 4 рублиэр өсч болох юм гэж мэдээлжээ. Үнийн өсөлт нь онцгой татвар нэмэгдэж, түүнчлэн "Евро-3"  стандартад шилжиж байгаагаас үүдэлтэй байх болно гэж депутат тэмдэглэсэн байна.

Тухайлбал, хийсэн тооцооноос үзвэл, 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс түлш үйлдвэрлэгчдэд ирэх татварын нийт ачаалал 1 тонн шатахуунд 2 мянга 400 рубль байх бөгөөд ингэснээр эцсийн хэрэглэгчдийн хувьд үнэ нэлээд нэмэгдэх ажээ.

"Евро-3" стандартад шилжиж байгаа нь зах зээлд түлшний хомсдол үүсгэж болох юм гэж болгоомжилж байгаагаа парламентын гишүүн  бас илэрхийлжээ.  Учир нь зарим компани  тоног төхөөрөмж  шинэчлэх ажлыг  нэгдүгээр сарын 1-нээс наана дуусгаж амжихгүй юм.  Оросын эрчим хүчний яамны мэдээгээр, 2013 онд түлшний хомсдол  1 сая орчим тонн байж болох юм гэж Грачёв хэлсэн байна.

"Хомсдол үүсч, улмаар зах зээлд  дарамт болох бөгөөд үүний хариуд юмны  үнэ өсдөг" гэж тэр дурджээ.

Өнөөдрийн байдлаар, Оросын нутагт үйлдвэрлэж буй бензиний ихээхэн хэсэг нь  "Евро-3" стандартад бүрэн нийцэж байгаа юм.

С.Золбоо

0 сэтгэгдэл:

Post a Comment