2013/01/02

“Сэнди Хүүк”-ийн сурагчид цагдаагийн хамгаалалт дор хичээлдээ орлоо

Өнгөрсөн сарын 14-нд АНУ-ын Ньютаун мужийн Сэнди Хүүк бага сургуульд буутай этгээд халдаж 27 хүний амь насыг хохироосон аймшигт хэрэг гарсан. Амиа алдсан хүмүүсийн 20 нь бага насны хүүхэд байсан юм. Үндэстэн даяар аймшиг төрүүлсэн энэ хэргийн золиос болсон хүүхдүүд багш нарын дурсгалыг хүндэтгэн АНУ төрийн далбаагаа дөрөв хоног буулгаж гашуудал илэрхийлсэн билээ.

Анги танхимд хүүхдүүдийн цангинасан дуу, инээд хөөр цалгидаг байсан нь гашуудлын аяаар солигдож, сургуулийг хэсэг хугацаанд хаагаад байсан. Харин өнөөдрөөс сургууль эргэн хэвийн ажиллагаандаа орж, хүүхдүүд хичээлдээ явцгааж эхэлжээ.

Ньютаун дахь Монрогийн бага сургуулийг ч мөн Сэнди Хүүк хэмээн нэрлэхээр болсон бөгөөд хуучирч муудсан тавилгуудыг шинэчилж хүүхдүүдийг илүү тухтай,  хамгаалалттай орчинд сургахаар болжээ.

Сургуулийн шинэ хотхонд цагдаагийн хамгаалалтыг хүч нэмэгдүүлсэн. Түүнчлэн хүүхдүүдийг хүргэж өгөх автобус сургуулийн ойролцоо хүргэх биш бүр сургуулийн хашаан дотор оруулж байхаар болсон байна. Энэ төрлийн хамгаалалт зөвхөн Сэнди Хүүк сургуулиар зогсохгүй. Америкийн бага сургуулиуд бүхэлдээ хүүхдүүдийг хамгаалах энэ ажлыг зохион байгуулж байна. Түүнчлэн удаа дараа гарч байгаа хүйтэн зэвсэгтэй холбоотой гэмт хэрэг нэмэгдэж байгаатай холбоотойгоор иргэдийн буу эзэмших асуудлыг ч хатуу анхаарах болж байгаа.

Э.Мөнхнасан

0 сэтгэгдэл:

Post a Comment