2014/04/24

С.Бямбацогт: Төгрөгийн ханш 30 гаруй хувиар суларлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Үдээс хойшхи хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эдийн засгийг эрчимжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байгаа юм.

Уг тогтоолтой холбогдуулж, УИХ дахь МАН-ын бүлгээс дүгнэлт гаргасныг тус бүлгийн дарга С.Бямбацогт танилцуулав. Тэрээр "Өнгөрсөн онд инфляци 12.5 хувьд хүрч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 20-40 хувь өсөв. Үр дүнд нь иргэдийн худалдан авах чадвар 40 хувиар буурлаа. 2014 оны эхний улирлын байдлаар нийт тэтгэвэр авагчдын 83,2 хувь нь 294,2 тэрбум төгрөгийн, нийт ажиллагсдын 30,5 хувь нь 1,2 их наяд төгрөгийн цалин, тэтгэвэрийн зээлтэй боллоо. Энэ нь уруудсан эдийн засгийн хор уршиг айл өрх бүрийн хаалгыг тогшиж эхэлсний шинж юм.

Монгол Улс гадаад валютын нөөцөөсөө 2,4 тэрбум ам.долларыг нэг жилийн дотор зарцуулсан хэрнээ төгрөгийн ханш 30 гаруй хувиар суларлаа. Тиймээс олон улсын Bloomberg агентлаг хамгийн их суларсан мөнгөн тэмдэгтээр монгол төгрөгийг нэрлэж, дэлхий дахинаа зарлав.

Гадаадын хөрөнгийн биржүүд дээр Монголын компаниудын үнэт цаас "үнэгүй цаас" болж 30-40 хувиар унасан тухай мэдээлэл байна.

Засгийн газрын гадаад өр сүүлийн  нэг жилд 2 тэрбум 984 сая ам.доллараар нэмэгдлээ. Энэ нь 1990-2011 оны үе үеийн Засгийн газрын 21 жилийн хугацаанд авсан нийт гадаад, зээл тусламжийн хэмжээнээс 784 сая ам.доллараар илүү гарчээ. Хувийн хэвшлийн өрийг оролцуулаад тооцвол Монголын нийт өр 19,2 тэрбум ам.долларт хүрч, ДНБ-ий 195 хувьтай тэнцэн, улс үндэстнээрээ өрийн дарамтад орчихсон байна. "Өртэй хүн өөдөлдөгүй" гэж өвөг дээдсийнхээ үнэн үгийг эрх баригчдад эргэн нэг сануулмаар байна.

Монгол Улсын нэгдсэн төсвийн алдагдал ДНБ-ий 7,5 хувь буюу 1 их наяд 318 тэрбум төгрөг болсны зэрэгцээ энэ оны 1 дүгээр улирлын тайлан мэдээгээр нэгдсэн төсвийн орлого 21 хувь буюу 302 тэрбум төгрөгөөр тасарч, зарлага 27 хувь буюу 475 тэрбум төгрөгийн дутагдалтай, төсвийн хөрөнгө оруулалт 7,2 хувийн гүйцэтгэлтэй байна. Төсвийн орлогын тасалдал ингэж үргэлжилбэл энэ оны төгсгөлд ард түмний цалин, тэтгэвэрийг хугацаанд тавьж чадахгүй байдалд хүрэхээр байна.

Үнэ тогтворжуулах хөтөлбөр нэрээр 4 их наяд төгрөгийг хэвлэж цөөн тооны аж ахуйн нэгж, иргэдэд бага хүүтэйгээр тараасан нь төгрөгийн ханшийн сулрал, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хөөрөгдөхөд голлох нөлөө үзүүлсэн. Энэ нь зах зээлийн шударга өрсөлдөөнийг устгаад зогсохгүй  танилтай нэг нь 5-8 хувийн хүүтэй зээлийг төрөөс авч,  танилгүй хэсэг нь 15-20 хувийн хүүтэй зээлийг банкнаас авдаг тогтолцоог бий болголоо. Улс орны хөгжлийн суурь болох ТЭЦ-5, төмөр зам, Тавантолгой гэх мэт томоохон төслүүд эрх баригчдын өөр хоорондынх нь эрүүл бус маргаанаас болж гацаанд орж хямралд хүч нэмлээ.

Гэтэл тогтоолын төсөлд тусгагдсан арга хэмжээнүүд үр дүн муутай, тунхагийн шинжтэй байгаа нь Засгийн газар бий болсон нөхцөлд зөв онош тавьж, дүгнэлт хийж чадахгүй байгаагийн илэрхийлэл юм. Иймд Засгийн газраас өргөн мэдүүлсэн 23 зүйл бүхий тогтоолын төслийн талаар  тодорхой хэдэн зүйлийг хэлье.

1. Энэхүү 23 арга хэмжээний 17 нь Ардчилсан намын сонгуулийн амлалт байна. Энэ нь эдийн засгийн хямралт байдлыг даван туулах бодлого биш, өмнөх амлалтаараа ард түмнээ дахин хуурах гэсэн оролдлого юм.

2. Эрх баригчид хөрөнгө оруулалтыг биш өр зээлийг илүүд үзэж өндөр хүүтэй богино хугацаатай зээлийг дахин авахаар санаархаж байна. Энэ нь хойч үеэ дааж давашгүй өр төлбөрт унагаж эх орныхоо эдийн засгийн тусгаар тогтнолыг алдагдуулах алхам шүү гэдгийг анхааруулан сануулъя.

3. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унасан үед Засгийн газар нүүрсний нийлүүлэлтийн урт хугацааны гэрээ байгуулах ажлыг эрчимжүүлэхээр төсөлд тусгасан нь  улс орны ирээдүйг бодсон бодлого биш өдөр хоногийг өнгөрөөх гэсэн арга юм.

4. Үр дүнгүй болох нь өнгөрсөн хугацаанд батлагдсан үнэ тогтворжуулах хөтөлбөрийг үргэлжлүүлэн инфляцийг хөөрөгдсөнөөр ард түмний нуруун дээр буух ачааг улам нэмэхээр байна.

5. Хямралыг давах халхавчин дор дарханцаазат болон тусгай  хамгаалалттай газар нутагташигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах далд санаагаа хэрэгжүүлэх вий гэсэн болгоомжлолыг төрүүлж байгаа тул төсөлд заасан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг ил тод, нээлттэйгээр ярилцах ёстой. Төрийн өмчит уул уурхайн олон аж ахуйн нэгж байхад "Монголын баялаг холдинг" хэмээх компанийг нэмж байгуулах нь төрийн данхар бүтцийг улам томруулсан, хэн нэгэнд зориулсан санаачилга хэмээн үзэж байна" гэлээ.

Энэхүү тогтоолын төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нараас хариулт авч байгаа юм.

Г.ДАРЬ


0 сэтгэгдэл:

Post a Comment