2014/04/24

Ч.Улаан: Төрийн алба 60 мянган хүнээр нэмэгдээгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийг эрчимжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Эл асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан "Төрийн алба өнгөрсөн онд 60 мянган хүнээр нэмэгдсэн гэх мэдээлэл байна. Үүнд бодитой хариулт өгөөч" гэв.

Үүнд Сангийн сайд Ч.Улаан "Арай ч дээ, жилийн дотор төсвийн байгууллагын орон тоог 60 мянган хүнээр нэмнэ гэж юу байсан юм бэ, Лүндээ гишүүн ээ?. Буруу мэдээлэл байна. Бодит мэдээлэл бол 2013 онд 8000 хүнээр төрийн алба нэмэгдсэн. Гол төлөв хууль шүүхийн байгууллагынхны орон тоо нэмэгдсэн. УИХ-аас баталсан хуулийн хүрээнд орон тоо нэмэгдсэн" гэх хариулт өглөө.

Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг эдийн засгийг сэхээхэд хэмнэлт чухал байгааг онцоллоо. Хэмнэлтийг төр өөрөөсөө эхлүүлэх, мөн жижиг бизнес эрхлэгчдээ дэмжих ёстой гэлээ. Энэ тухай тэрээр "Баялаггүй орнууд жижиг бизнес эрхлэгчдээ маш сайн дэмждэг. Татвараар дарамталдаггүй. Энэ нь хүн өөрөө өөртөө ажлын байр бий болгодог, цаанаа 2-3 хүнийг ажлын байраар хангадаг.

УИХ-ын намрын чуулганы завсарлагаанаар УИХ-ын гишүүд Австрали улсад ажиллахад нийт ажлын байрны 45 хувийг жижиг бизнесийнхэн бий болгодог, түүнийгээд дагаад Хувь хүний орлогын албан татвараас маш их хэмжээний мөнгө орж ирдэг байгаатай танилцсан. 

Гэтэл манай бизнес эрхлэгчид сар бүр НӨАТ-ын тайлан өгнө гэдэг маш том ажилтай суудаг. Жижиг бизнесийнхэнд түрээсийн дарамт маш их. Зээл авахад барьцаа шаарддаг, гэтэл барьцаа байдаггүй. Жижиг бизнес эрхлэгчдийн 80 гаруй хувь нь эмэгтэйчүүд. Эмэгтэйчүүдэд барьцаа байдаггүй. Дээр нь шалгалт, дарамт ихтэй. Өөрчлөх тал дээр юу бодож байна вэ?. Үүнд хариулт өгөөч гэв.

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр "Хэмнэлэгт гэдэг зөв санаа. Японоос УИХ-ын гишүүд туршлага судлахад атомын цахилгаан станцаа хаасан ч хэмнэлтийн бодлого явуулсанаар эрчим хүчний хэрэгцээгээ шийдэж байгаа.

Засгийн газар жижиг бизнестэй холбоотойгоор санхүүгийн эх үүсвэрээр дэмжинэ. Урт хугацаатай бага хүүтэй зээл олгоно. Татварын дарамтыг багасгана. Ашигт малтмал, тансаг хэрэглээнээс бусад төрлийн татварыг хөнгөвчилнө.

Түрээсийн зардлыг бууруулна. Гол нь хуулийн зохицуулалт гацчихаад байгаа.  Түрээсийн зардлын өсөлтийг хязгаарлах, тогтвортой байлгах чиглэлээр Г.Уянга гишүүнтэй хамтран ажиллаж байна.

Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд Зээлийн батлан даалтын санг нэмэгдүүлэх шаардлага бий. Дээр нь банкууд өөрийн хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлэхгүй бол зээл олгохдоо өөрийн хөрөнгийн хэмжээнийхээ 20 хувиас хэтрүүлж олгож болохгүй. Гэтэл бизнес эрхлэгчид их хэмжээний зээл хүсэхээр хуулиа зөрчих учраас бэрхшээл үүсч байна гэлээ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ


0 сэтгэгдэл:

Post a Comment