2014/04/17

З.Энхболд: Ерөнхийлөгч өргөн барьсан ч хамаагүй

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан Шилэн дансны тухай хуулийг УИХ-ын гишүүдийн олонх нь хэлэлцэх шаардлагагүй хэмээн "унагалаа".  Уг нь хэлэлцүүлгийн явцад хуулийн агуулгыг зарчмын хувьд дэмжиж буйгаа олон гишүүд илэрхийлж байсан ч тухайн хуулийг батлахтай холбоотойгоор ямар хуулиуд өөрчлөгдөхийг тусгаагүй учраас бүрдэл дутуу хэмээн үзсэн байна.

Тодруулбал, шилэн дансны тухай хуулиар аудитын байгууллагад тодорхой үүрэг үүсч байхад тэр нь тухайлсан хуульд өөрчлөлт болж орохгүй бол хэрэгжихгүй шүү дээ гэх санал гарсан бөгөөд "иргэдийн аудит" гэх шинэ ойлголт нь хуулийн төслийг унах шалтгаан болчих шиг болов.

Уг нь энэ талаар хуулийн төслийн санаачлагчид  өмнө нь "Мэдээлэл иргэдэд энгийн, ойлгомжтой, тогтмол цаг хугацаанд хүргэгдсэн байх ёстой. Мэдээж үүнд төрийн үйлчилгээг хүргэж, татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж байгаа бүхий л байгууллагууд хамрагдана. Мөн Засгийн газрын болон орон нутгийн тусгай сангууд, төрийн болон орон нутгийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагууд, гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлж буй төслийн нэгжүүд гэх мэтчилэн хамрагдах юм. Улсын төсөв, өр зээл, бонд гэх үйл ажиллагааны зардлууд шилэн дансанд орно гэсэн үг. Ингэснээрээ бид төрийн төсөв, санхүүтэй холбоотой бүхий л үйл ажиллагааг иргэдэд шилэн дансаар дамжуулж, нээлттэй, ил тод байдлаар хүргэх, иргэдийн хяналтыг бий болгох юм. Үүнтэй холбоотойгоор иргэдийн аудит гэж шинэ нэр томъёо гарч ирж байгаа. Иргэдийн аудит нь төрийн байгууллагууд иргэдэд хүргэх ёстой мэдээллээ өдөр тутам, цаг хугацаанд нь хүргэж байгаа эсэх дээр хяналт тавина. Түүнчлэн бас нэг зохицуулж байгаа үйл ажиллагаа нь төсөвт байгууллагуудын өдөр тутмын гүйлгээ, шилжүүлгэн дээр нэг, хоёр, гуравдугаар гарын үсэг зурж байгаа нөхдүүд "Шилэн дансны мэдүүлэг"-ийг бөглөх ёстой. Үүгээрээ дамжуулаад тухайн төлбөрийн даалгаврыг гүйцэтгэж байгаа дарга, ерөнхий нягтлан нь "Төлбөр гүйцэтгэхээсээ өмнө ашиг сонирхлын аливаа зөрчилд автаагүй" гэдгийг нотлох юм. Тухайн төлбөрийн даалгаврыг гүйцэтгэх үүргийг аль нэг сайд, эсвэл агентлагийн дарга зүгээр л амаараа өгчихдөг. Тэгэхээр цаашдаа ямар нэгэн аман даалгавар байхгүй болно. Ингэснээр хариуцлагыг эзэнтэй болгож, тухайн төлбөр гүйцэтгэх үйл ажиллагаа, ялангуяа тендер, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой төлбөрүүд ямар нэгэн хууль зөрчсөн байвал хариуцлагыг шууд тооцох механизм нь бүрдэж байгаа юм" хэмээн тайлбарлаж байсан ч гишүүдэд энэхүү шинэ ойлголт нь төдийлэн ойлгогдсонгүй.

УИХ-ын дарга З.Энхболд "Ерөнхийлөгч өргөн барьсан нь байна уу, жирийн өргөн барьсан нь байна уу хамаагүй хуулийн төслийг бүрэн бүрэлдэхүүнтэйгээр өргөн барих ёстой.  УИХ нь бүрдэл дутуу хуулийг хэлэлцэж байсан удаа байхгүй. Энэ хуулийг дагаад ямар хуулиуд өөрчлөгдөх юм бэ гэдэг нь байхгүй байж болохгүй. Ер нь иргэдийн аудит гэж шинэ ойлголт гаргах үндэслэл нь юу юм бэ" гэсэн бөгөөд гишүүд олонхиороо энэ асуудлыг шийдэг хэмээн санал хураалгасан юм. Ингээд Шилэн дансны тухай хуулийг хэлэлцэх нь зүйтэй эсэхээр санал хураалт явуулахад олонх хэлэлцэх шаардлагагүй хэмээн үзсэн байна.  

Б.ЭНХ


0 сэтгэгдэл:

Post a Comment