2014/04/24

Тамхины хяналтыг өөрчлөх хуулийг дэмжсэнгүй

Чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн өргөн барьсан Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Өнгөрсөн онд батлагдсан Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт маш сайн, үр дүнгээ өгч байгаа ч тамхи борлуулах цэгийг тодорхой зааг гаргасан нь тамхины худалдааг далд бизнес болгох, тамхи татах тусгай цэггүй зэрэг олон шүүмжлэл дагуулаад байсан учраас Тамхи татах зөвшөөрөгдсөн цэгтэй болох ,тамхины худалдааг зохицуулах, тамхи татах, худалдаалах 500 метр гэсэн хэмжээг багасгаж, 500 алхам болгохыг хуульд тусгасан байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт, тодруулга авлаа.

УИХ-ы гишүүн Ц.Нямдорж "Хууль зүйн хувьд нэг зүйл асууя. Ердийн алхаагаар хэмжиж болохуйц 500 алхамыг яаж тооцох вэ. Стандартад алхаа гэдэг хэмжих нэгж орж ирж байгаа юм уу" гэсэн асуултад УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Хуулийг амьдралд хэрэгжүүлэх гэдэг санаа. Олон нийтийн байцаагч нар алхаж очоод л торгуулиа аваач гэсэн санаа" юм.

УИХ-ын гишүүн Г.Уянга "Тамхины хяналтын тухай хууль сайн хууль болсон. Хүүхдүүдийг тамхи татахаас сэргийлж байгаа. Тамхи татдаг гишүүдийг санал хураалтад оролцуулах нь зөв үү. Тамхины хуулиас болж далд тамхи худалдаалалт нэмэгдэж байна" гэсэн асуултад УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Олон нийтийн байцаагч нар байгаа газраасаа 500 алхамын зайд байгаа тодорхой газруудаа тодорхойлох боломжтой гэж үзэж байгаа. Тамхи татдаг хүмүүс санал өгөх биш, тамхины бизнес эрхэлдэг хүмүүсийг санал хураалтад оруулахгүй гэж ярьж болох байх" гэсэн хариулт өглөө. Мөн Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан "Тамхины дотоодын үйлдвэрлэл 2011-2013 онд буурсан. Импорт 2011-2012 онд нэмэгдээд, сүүлийн хоёр жилийг авч үзвэл импорт найман хувиар буурсан. 2013 оноос импортын янжуур 12 хувиар, дотоодын тамхи 21,4 хувиар өссөн байна" гэсэн мэдээллийг өглөө.

УИХ-ын гишүүн С.Оюун " Хууль сайн хэрэгжиж байгаа учраас заавал хуульд өөрчлөлт оруулах хэрэг байна уу. Энэ хуулийг дэмжихгүй байх нь зүйтэй байх. Хамгийн сайн арга бол тамхи татдаг хүмүүс гэр бүлээ, хүүхдүүдээ бодоод тамхинаас гарах нь зүйтэй" гэсэн саналаа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар "Энэ хууль сайн хууль гарсан. Энэ хуулийн нэмэлт өөрчлөлтөөр тамхины хуулиа сайжруулъя, хууль хэрэгжих явцад зарим нэг зохицуулалт хийх  нь зүйтэй. Алхам гэдгийг метрээр хэмжих нь зүйтэй байх.  Тамхины хууль бус наймаа бий болсон гэдэг зүйл захууд дээр байсан" гэсэн санал өглөө.

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр "Тамхи татдаг гишүүд саналаа өгөхгүй гараад явчихлаа гэж УИХ-ын дарга нь хэлж байгаа нь Ашиг сонирхол зөрчиж байна гэж үзэж байгаа юм уу. Харин тэр алхам гэдгийг метр болгох боломж байна уу" УИХ-ын дарга З.Энхболд "Би сануулах үүргэтэй. Үүний дагуу сануулж байгаа юм" гэлээ.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл "О.Баасанхүү маш энгийн зүйл оруулж ирсэн. Олон улсад тамхи татдаг цэг байдаг учраас энэ хүн оруулж ирсэн байна. Хэрэв хүмүүсийн эрүүл мэндэд анхаарч байгаа бол эрүүл мэнд ба ядуурал  гэсэн хурал хийж байхад үүнд нэгдэж орохгүй байна вэ. Архаг ядуурал, агаарын бохирдол зэрэгт бүгд анхаарлаа хандуулаасай" гэсэн саналаа илэрхийллээ.

Гишүүд үг хэлсний дараа Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналаар санал хурааж, 57,7 хувийн саналаар гишүүд дэмжих боломжгүй гэж үзлээ. Тиймээс УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн өргөн барьсан Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хууль санаачлагчид нь буцаалаа.

Үүгээр УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөж, 14.00 цагт үргэлжлэхээр боллоо.

Ш.ОЧ


0 сэтгэгдэл:

Post a Comment