2014/04/18

ГХЯ-ны “Нээлттэй өдөрлөг” болж байна

Гадаад харилцааны яамны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах "Нээлттэй өдөрлөг" Чингисийн талбайд болж байна. "Нээлттэй өдөрлөг"-ийн үеэр яамны газар нэгжүүд болон Улаанбаатар дахь гадаадын Дипломат төлөөлөгчийн газрууд өөрсдийн үйл ажиллагааг танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч буй аж. Мөн Консулын газрынхан виз мэдүүлэх, гадаадад зорчихтой холбоотой зөвлөгөө өгч, нотариатын үйлчилгээ үзүүлэн, хилийн чанадад байгаа зарим ДТГ-тай иргэдийг  холбох зэрэг арга хэмжээг зохион байгуулж байна. Мөн Гадаад харилцааны төв архивын үзэсгэлэн гарч, архивтай холбоотой үйлчилгээ үзүүлэх бөгөөд Дипломат ёслолын албанаас дипломат ёслолын талаар мэдээлэл өгч байгаа юм.

Тус яам нь Монгол Улсын тусгаар тогтнол, төрийн бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүтэн байдлыг олон улсын харилцааны зарчим, эрх зүйн хувьд баталгаажуулж байдаг бөгөөд үндэсний ашиг сонирхол, байр суурь, нэр хүндийг олон улсын хэмжээнд дипломат аргаар бататган хамгаалах зорилготой юм.

Монгол Улс дэлхийн 173 улстай дипломат харилцаатай бөгөөд хилийн чанадад 32 элчин сайдын яам, хоёр Байнгын төлөөлөгчийн газар, есөн Ерөнхий консулын газар, гурван консулын газар ажиллуулж байгаа бөгөөд үүнээс гадна Монголд буй бүхий л консулын газруудтай тус яам харилцаатай ажилладаг аж.

Нээлттэй өдөрлөгийн үеэр иргэд Гадаад харилцааны яамны архивын үзмэр, үе үеийн гадаад паспорт, үе үеийн тамга хэрэглэлтэй танилцаж байсан бөгөөд Монгол дахь консулын газар бүрийн тухайн улсын онцлогийг илтгэсэн мэндчилгээг сонирхож, өөрт хэрэгтэй мэдээллийг шууд тус газрын дарга удирдлагуудаас нь лавлаж, Элчин сайдын газруудын бэлтгэсэн мэдээллүүдтэй танилцаж байв.

Тухайлбал Франц улсын Элчин сайдын яам, хамтран танилцуулгаа бэлтгэсэн Монгол-Францын төвөөс хэлний сургалтынх нь талаар, Турк улсын Элчин сайдын яамныхнаас тус улсад аялал жуулчлал хийх боломжийн талаар, Кувейт, Хойд Солонгос зэрэг улсын Элчин сайдын яамныхнаас тус улсын соёлынх нь талаар илүүтэй сонирхож байлаа.

Б.МАНДАХ


0 сэтгэгдэл:

Post a Comment