2014/04/18

Н.Энхболд: Мөрийтэй тоглохыг хориглоогүй билүү?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Онцгой албан татварын тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд олонхи гишүүний саналаар "Төслийг хэлэлэх нь зүйтэй" хэмээн үзлээ.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төсөлд бүх төрлийн согтууруулах ундаа, тамхи, суудлын автомашин, авто бензин, шатахуун, бооцоот тоглоомын үйл ажиллагаанд ашиглаж байгаа техник тоног төхөөрөмжинд ногдуулдаг Онцгой албан татварыг ам.доллараар бус төгрөгөөр тооцдог болох. Ингэхдээ ам.долларын төгрөгтэй харилцах ханшийг 1450 төгрөгөөр тооцохоор тусгаад байгаа юм. Харин хуулийн үйлчлэлийн хугацааг хууль батлагдсан өдрөөс хэрэгжүүлэхээр заажээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүдээс цөөнгүй нь энэхүү хуулийн төсөлд шүүмжлэлтэй хандлаа. УИХ-ын гишүүн Я.Содбаатар нар "Засгийн газар экспортыг дэмжихээ зарласан байтлаа импортыг дэмжиж, татварын хөнгөлөлт үзүүлэх нь буруу. Нөгөө талдаа татварын тэгш бус байдал үүсгэж байна. Онцгой албан татвар төлдөг хэсгийнх нь татварын хэмжээ тухайн өдрийн ам.долларын ханшаас үл харгалзан 1450 төгрөг байдаг, бусад импортын барааныхан тухайн өдрийн ханшаар татвараа төлөх нь шударга бус. Өнөөдрийн байдлаар ам.долларын төгрөгтэй харилцах ханш 1788 төгрөг байна. Цаашдаа ам.долларын ханш буурна гэх баталгаа байхгүй. 2014 оны төсөвт ам.долларын төгрөгтэй харилцах ханшийг 1384 төгрөгөөр тооцсон байтал одоо болохоор 1450 болгох. Гэтэл зах зээл дээрх бодит ханш нь ам.доллар 1788 төгрөгтэй тэнцэж буй нь эргэлзээ төрүүлж байна" гэсэн юм.

Мөн дээрх хуулийн төслийг УИХ-аар баталсан нөхцөлд 2014 оны төсвийн орлого 90 тэрбум төгрөгөөр тасрах тооцоо бий аж. Энэ тохиолдолд төсвийн шинэ хуулиар дээрх хуулийн үйлчлэх хугацаа батлагдсан өдрөөр бус 2015 оноос хэрэгжих ёстой. Гэтэл төсвийн хуулиа зөрчсөн төслийг Засгийн газар оруулж ирж, УИХ-ын гишүүн дунд хэрүүл тарьж байгаа нь зохисгүй үйлдэл болж байна гэдгийг ч зарим гишүүн онцолсон юм.

Түүнчлэн хэлэлцүүлгийн шатанд хамгийн их маргаан дагуулсан сэдэв нь яагаад заавал 1450 төгрөгөөр тооцно гэсэн тоо тавив. Энэ нь бодитой юу гэх хардлага байлаа.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: -2014 оны төсвийг хэлэлцэж байх үед ам.долларын төгрөгтэй харилцах ханшийг 1384 төгрөгөөр тооцож оруулж ирсэн. Одоо харин 1450-иар тооцсон байна. 1450 гэсэн үндэслэлээ тайлбарла. Төсвийн шинэ хуулиар эл хууль батлагдсан өдрөөсөө хэрэгжихгүй боломжгүй 2015 оноос хэрэгжих шаардлага үүсч байна. Гэтэл төсөл дээр хэрэгжих хугацаа нь 2014 он гэсэн байна. Зөрчилтэй төсөл оруулж ирдэгээ болиоч ээ, бодит байдлаа үнэнээр нь хэлээч ээ. Заль мэх хэрэглэсэн аргаа Засгийн газар зогсоох ёстой гэв.

Үүнд Сангийн сайд Ч.Улаан:
-Хуулийн төслийг өргөн мэдүүлсэн нь нэгд, валютын зохиомол хэрэгцээг хязгаарлах зайлшгүй шаардлага байгаа. Хоёрт, аж ахуйн нэгжүүд дээр дарамт учруулахгүй байх зорилгоор оруулж ирсэн. Ханшийн тухайд, ханшийн хөдөлгөөн хаашаа байх вэ гэдгийг харгалзан үзэхийг хичээсэн. Өнгөрсөн гурван жилийн ханш, ирэх гурван жилийн ханшийн дундажийг авсан. Хууль хэрэгжих хугацаа маргаан дагуулж байна, хэдийгээс мөрдөх вэ гэдгийг оновчтой тогтоож болно, 2015 оноос хэрэгжүүлэхээр зааж болно.

УИХ-ын дарга З.Энхболд: -Биет хэмжээгээ өөрчилж ханштай холбохгүй, энэ өдөр гарах ханшаар тооцвол маргаан гарахгүй.

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг: -Энэ хуулийн зорилго нь өөрөө бизнес эрхлэгчдэд таатай нөхцөл бүрдүүлэх. Хэрвээ татварыг тухайн өдрийн ханшаар тооцох юм бол энэ хуулийг УИХ-аар батлах шаардлагагүй. Гэхдээ Тамхины хяналтын тухай конвенциор Монгол Улсад хүлээсэн үүрэг бий. Түүнд тамхинд ногдуулдаг татварын хэмжээ жижиглэн худалдааныхаа 60 хувьтай тэнцэж байх ёстой ч одоо 25 хувьтай тэнцдэг. Ийм нөхцөлд тамхины ОАТ-ыг хөнгөлөх нь буруу. Дээр нь жип машиныг сугалж авч ОАТ-ын хөнгөлөлт үзүүлмээргүй байна, авто машины түгжрэл нийслэлд ямар байгаа билээ. Мөн мөрийтэй тоглоомын автомат машины татварыг хөнгөлөх бус нэмээд орлогыг нь спортыг дэмжих арга хэмжээ рүү зарцуулж өөрчлөх боломжийг судлах шаардлагатай гэв.

УИХ-ын гишүүн Н.Энхболд: -Хуулийг дараагийн жилээс мөрдүүлье гэж байгаа бол төслийг өнөөдөр хэлэлцэхийн хэрэг байна уу. Нөгөө талдаа татварын ялгааг үүсгэж байна, дээрх нэр заагдсан импортод ОАТ-ын хөнгөлөлт үзүүлдэг, төсөвт үүссэн цоорхойг нь талх төлдөг байж таарахгүй. Гуравт,  мөрийтэй тоглоомыг Монголд хорьчихсон биш билүү.  Гэртээ мөрийтэй тоглож байгаа хүмүүсийг баривчилж хориод байна гэдэг. Гэтэл УИХ нь мөрийтэй тоглоомонд ашиглагдах техник хэрэгслийг ОАТ-ын хөнгөлөлт үзүүлнэ гээд яриад сууж байх нь юу болж байна вэ?.

Сангийн сайд Ч.Улаан: -Хуулийн төслийг өнөөдөр хэлэлцэхийн ач холбогдлыг гурван зүйлээр хэлье. Нэгдүгээрт, хууль хоорондын зөрчил байгааг арилгах зорилготой. Үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийнэ гэж хуульдаа заасан байгаа. Хоёрдугаарт, ОАТ-ыг ам.доллараар авах нь валютын зохиомол хомсдол үүсгэж байна. Тэгэхээр хуулийн төслийг хэлэлцээд нэгмөр тогтоочихвол бизенсийнхэнд зөв сигналь өгөх юм болов уу. Тэгээд ч татварыг төгрөгт шилжүүлээд тогтооход нэг удаа ханшаа дөрөөлж байж сална. Ямар ханшаар дөрөөлж гарах вэ гэдгээ тогтох ёстой байх. Тэгш бус байдал гарах уу гэвэл гарна, урьд ч тийм л байсан шүү дээ гэсэн хариулт өгсөн юм.

Эцэст нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж гурван гишүүн, харин төслийг дэмжихгүй байгаагаа илэрхийлж хоёр гишүүн тус бүр саналаа хэлж дууссаны дараа санал хураахад чуулганд оролцсон гишүүдийн олонхи нь байнгын хорооны гишүүдээс оруулж ирсэн саналыг хүлээж аваагүй тул төсөл нэгдүгээр хэлэлцүүлэгт шилжээд байна. Дээрх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэснээр УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө.

Г.ДАРЬ


0 сэтгэгдэл:

Post a Comment