2014/04/24

“Буянт-Ухаа” орон сууцны азтан хэзээ тодрох вэ?

Сар шинийн өмнө Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Буянт-Ухаа" хорооллыг ашиглалтад оруулснаа зарлан тууз хайчилснаас хойш бүтэн дөрвөн сар өнгөрсөн ч одоог хүртэл иргэд байрандаа орж чадаагүй хүлээж байгаа.

Борлуулалтыг хариуцаж байгаа Төрийн орон сууцны корпорацийн зүгээс "Энэ ажил манай талаас шалтгаалахгүй, Засгийн газартай зарим нэг асуудал дээр ойлголцох шаардлагатай байгаа" гэсэн тайлбар хийж буй.

Тэгвэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр 30 минут уулзалтынхаа үеэр "1700 гаруй айлын орон сууцанд 8000 гаруй иргэн захиалга өгсөн. Захиалга өгсөн иргэдийг үл хөдлөх хөрөнгөтэй юу, өмнө нь зургаа, найман хувийн зээлд хамрагдаж орон сууц авч байсан уу гэдгийг нягтлах баталгаажуулалт явж байгаа. Хараахан дуусаагүй байна. Азтаныг шалгаруулахдаа уламжлалт арга ашиглана" гэсэн тайлбар хийлээ.

Уламжлалт арга гэдэг нь орон сууцны захиалга өгсөн иргэн бүрийн код бичсэн цааснаас сугалж, азтай орон сууцны эзнийг тодруулах юм байна. Энэ нь автомат машин ашиглаж өөрсдийн танил талдаа байр өгсөн гэх хардлагаас хол байх хамгийн шударга арга гэж Засгийн газрын төвшинд ярьсан юм байна. Мөн Засгийн газрын зүгээс азтаныг энэ долоо хоногийн сүүлээр шалгаруулах боломж бий эсэхийг Төрийн орон сууцны корпорацийн зүгээс лавлахад "Амжихгүй" гэх хариулт өгсөн аж. Тиймээс ирэх долоо хоногт "Буянт-Ухаа" хорооллын орон сууцны азтан шалгарч мэдэх юм байна.

Сануулахад, "Буянт-Ухаа" хорооллын захиалгыг иргэдээс өнгөрсөн гуравдугаар сарын 10-24-ний хооронд авсан юм. Захиалга авснаас хойш бүтэн сарын хугацаа өнгөрч байхад баталгаажуулалт дуусаагүй, иргэд хэзээ байртай болохоо хүлээн хоног тоолж сууна. Төрийн үйлчилгээ цахимжиж, хурдтай болж байгаа тухай Ерөнхий сайдаас эхлээд холбогдох дарга нар ярьдаг ч орон сууцны азтан болохоор захиалгаа өгсөн иргэдийн хувьд хүлээсээр байна.

Г.ДАРЬ


0 сэтгэгдэл:

Post a Comment