2014/07/24

Л.Болд, Ж.Бэйрд нар мэдэгдэл гаргав

Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Канад улсын Гадаад хэргийн сайд Жон Бэйрдийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал өнөөдөр эхэлсэн тухай мэдээллийг бид хүргэсэн билээ.

Айлчлалын хүрээнд сайд Л.Болд Ж.Бэйрдтэй ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Канадын харилцаа, бүс нутаг болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцлоо. Уулзалт, хэлэлцээний үеэр сайд Л.Болд Канад улс нь Монгол Улсын гадаад бодлогод чухал байр эзэлдгийг тэмдэглэж, өнгөрсөн 40 жилийн хугацаанд хөгжиж ирсэн хоёр улсын харилцааны түвшинг ахиулах, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, чингэхдээ уул уурхай төдийгүй хуулийн шинэчлэл, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсролын салбарын хэлхээ холбоог бэхжүүлж, хамтран ажиллах санал тавив.

Сайд Ж.Бэйрд Канадын Засгийн газар Монгол Улстай хөгжүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгч ирснийг тэмдэглээд Канад улсын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламжийг 2014-2018 онд үзүүлэх онцгой 25 орны нэгээр Монгол Улсыг сонгосон нь үүний илрэл болохыг мэдэгдэв. Төрийн алба, эрх зүйн шинэчлэл, хөдөөгийн хөгжлийн хүрээнд манай улстай идэвхтэй хамтран ажиллах, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх канадын талын сонирхлыг Сайд Ж.Бэйрд дахин нотлов. Түүнчлэн Монгол Улс АПЕК-т элсэх асуудлыг Канадын тал дэмжиж ажиллахаа мэдэгдлээ.

 

Хэлэлцээний дүнд Гадаад харилцааны сайд нар Хамтарсан мэдэгдэл гаргасныг хүргэе.

Мэдэгдэлд: Ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлст тулгуурлаж, бүс нутаг, олон улсын аюулгүй байдлын тулгамдсан асуудлаар ижил төстэй байр суурийг агуулсан тогтвортой, эрчимтэй харилцаа, хамтын ажиллагааг Монгол Улс, Канад улс хөгжүүлэхээр зорьж ирснийг Сайд нар цохон тэмдэглэв. Түүнчлэн, энх тайван, аюулгүй байдал, сайн засаглалыг бэхжүүлэхийн төлөө үргэлжлүүлэн хамтран ажиллаж, өнөөгийн харилцааг "иж бүрэн түншлэл"-ийн түвшинд өргөжүүлэх шийдвэрт хүрснээ онцлов.

Гадаад харилцааны сайд Л.Болд Канад улс нь Монгол Улсын чухал Гуравдагч хөрш, Хойд Америк дахь дотно түнш болохыг дахин нотлов. Канад улсын Гадаад хэргийн сайд Ж.Бэйрд Канадын Засгийн газар хоёр талын харилцаанд урт хугацааны ач холбогдол өгч буйг нотлоод Канадын Хөгжлийн тусламж үзүүлэх онцгой орнуудын жагсаалтад Монгол Улсыг оруулах шийдвэр саяхан гаргасныг тэмдэглэв.  

Хоёр талын хөгжлийн хамтын ажиллагаа Монгол Улсын төрийн алба, түүний дотор байгалийн баялгийн менежментийн чадавхийг бэхжүүлэх замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад чиглэгдэнэ.

Хот байгуулалт, хөдөөгийн хөгжил, шүүхийн шинэчлэл болон цагдаагийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх зэрэг харилцан сонирхсон салбарт хөгжиж буй хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун буйгаа Сайд нар илэрхийлэв.

Худалдаа, хөрөнгө оруулалтын асуудал нь хоёр талын харилцааны чухал бүрэлдэхүүн хэвээр болохыг Сайд нар онцлов. Канад Улс нь Монголын тэргүүлэх хөрөнгө оруулагч орнуудын нэг бөгөөд үүний тусгал болж Канадын Засгийн газар "Дэлхийн зах зээл" үйл ажиллагааны хөтөлбөртөө Монгол Улсыг тэргүүлэх чиглэлийн орон хэмээн тодорхойлсон. Гадаад харилцааны сайд нар Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээрийг байгуулах яриа хэлэлцээ сэргэснийг сайшаагаад гэрээг эцэслэнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв. Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр нь хоёр талын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа өсөн нэмэгдэх тогтвортой, тодорхой орчин бүрдүүлэхэд дэмжлэг болно гэдэгт санал нэг байв. 

Олон улсын тавцанд, Монгол, Канад нь олон улсын нилээдгүй байгууллагын гишүүд юм. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага зэрэгт  Монгол Улс гишүүнээр амжилттай элсэх хүчин чармайлтыг Канад Улс тууштай, шийдвэртэй дэмжиж ирсэн. Умард Атлантын Гэрээний Байгууллага болон Ардчилсан Орнуудын Хамтын Нийгэмлэгийн хүрээнд ч Монгол, Канад хоёр түнш орнууд юм. Сайд Ж.Бэйрд Канад Улсаас энх тайван, аюулгүй байдлын зорилгоор Монгол Улсад үзүүлж буй дэмжлэгтээ түлхүү анхаарч, Канадын Цэргийн сургуулилалт, хамтын ажиллагааны хөтөлбөрийн шугамаар үргэлжлүүлэн үзүүлэхээ дахин тэмдэглэв.

Хоёр орны иргэд хоорондын харилцааг дэмжих нь харилцаа урт хугацаанд өргөжин хөгжихөд чухал ач холбогдолтой болохыг Сайд нар онцлов.

Боловсролын салбар манай хоёр орны хувьд чухал ач холбогдолтойг дахин нотолж, боловсролын байгууллагууд хооронд тогтсон бүтээлч хамтын ажиллагааг талууд онцлон тэмдэглээд энэхүү хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа нотлов. Түүнчлэн сайд Л.Болд Канад Улсад суралцах Монгол оюутны тоог нэмэгдүүлэх сонирхлоо илэрхийлэв.

Сайд нар өнгөрсөн жил тохиосон хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд дээд, өндөр түвшинд болон хууль тогтоох байгууллагын түвшинд харилцан айлчлалууд хэрэгжиж, хоёр талын хамтын ажиллагаа бэхжсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Онцлоход, Канад улсын Гадаад хэргийн сайд Жон Бэйрдийн айлчлал маргааш өндөрлөнө. 

Г.НАРАН

0 сэтгэгдэл:

Post a Comment