2014/08/20

Н.Алтанхуягийн нэргүй захидлуудын нууц

Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хугацаа дуусч, Засгийн газар тайлангаа тавих хугацаа тулсан нь Ерөнхий сайдыг сандаргаж эхэлжээ. Үүнээс гадна хамаг ажлыг нь нугалалцаж байсан ахлах зөвлөх Л.Гансүх нь Авлигатай тэмцэх газрынханд саатуулагдаад 20 шахам хоносон нь Ерөнхий сайдыг тун ч ихээр чилээлгэж байгаа гэх. Ингэхээс ч аргагүй бололтой, "Цэвэр агаар" сангийн мөнгө угаасан гэх дуулиант хэрэгт охин А.Саранзаяа нь нэр холбогдсон. Хэдийгээр прокурорын газраас түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон ч "Нүүрс" хөтөлбөрт дахин нэр нь багтсан нь эцгийнх нь сэтгэлийг зовоосон биз. Нөгөө талдаа Ерөнхий сайд Авлигатай тэмцэх газартай түнжин хагарсан нь энэ мэт үйл явдлаас ч улбаалсан байж таарна. Гэхдээ хэнийг нь ч хэрэгт сэжигтнээр татаагүй байгаа. Ийм нөхцөлд тэднийг буруутгахад бас бэрх. Ерөнхий сайд энэ бүхнийг хэнээс ч илүү мэдэх атлаа Авлигатай тэмцэх газартай "дажин" зарласан нь нэг талдаа ард иргэдээсээ шүүмжлэх сонсоход хүргэв.


Мөн сүүлийн үед "Ардчилсан намын журмын нөхдөөс" гэх буцах хаяггүй мэдэгдлүүд шил дараалан хэвлэлүүдэд тавигдах болсон нь Ерөнхий сайдын зааварчилгаагаар "цэргүүд" нь бичиж байна гэх мэдээлэл юм. Иймдээ тулсан бол үнэхээр хэлэх үг алга. Хамгийн сүүлд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдэд хэмээн хаягласан нэргүй захидал хэвлэлүүдээр тавигдсан.  Хамгийн хачирхалтай нь, буцах нэр хаяггүй. Уг нь Ардчилсан намын гишүүд хэзээ ч нэрээ нууж явсан удаагүй. Коммунист дэглэмийн үед ардчилсан хувьсгалыг хийхдээ ч тэд сүүдэрт нуугдаагүй. Тэд тэмцвэл хашгираад л талбай дээр гарна, тэд хилэгнэвэл өлсгөлөн зарлаад ч болов тэмцэнэ, тэд хүсвэл хэн нэгний улаан нүүр рүү харж байгаад гал бутартал нүцгэн үнэнийг илчилдэг. Ийм л хүмүүсийн өмнөөс хэн нэг нь захидал бичин тоглох. Зарим нэг хүн "Эзэнгүй захиа" гэх ч "Нууц ноёнтон нь илэрсэн" ч гэж хошигнож байна. Нууц ноёнтон ч юу байх билээ, Ерөнхий сайдыг ийн нэрлэж байгаа хэрэг. Гэхдээ энэ бүх нэргүй захидлын цаад санаа нь Ерөнхий сайд өөрийгөө болон ахлах зөвлөхөө "уснаас хуурай авч гарах"-ыг хүсч байгаа үйлдэл төдийгүй "Эзэн-100"-гаар хийж амжаагүйгээ халхавчлах арга ч байж мэдэх аж.

Учир юу вэ гэвэл Шинэчлэлийн Засгийн газарт эвсэж байгаа МАХН-ын даргатай холбоотой түүнийг хамгаалсан мэдэгдэл мөн давхар "цацагдсан" нь зовлон нэг байгааг л харуулсан хэрэг юм. Мэдэгдлийн агуулга нь Шинэчлэлийн Засгийн газар огцорчих вий, түүнээс Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон МАХН-ын сайдуудыг гаргачих вий гэсэн л хардлага харагдана билээ. Уг нь тэд ирэх дөрвөн ч сонгуульд хамтарч оролцох тохиролцоонд хүрснийг МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбаас эхлээд тус намын гишүүд үгүйсгээгүй. Уг хэлэлцээрт багтсан амин чухал "зүүлт" нь МАХН-ын даргыг хэлмэгдсэн хэмээн хэргийг нь угааж, нэр төрийг нь сэргээх явдал гэдгийг эх сурвалж өгүүлж байгаа.

Ш.СУРМАА

0 сэтгэгдэл:

Post a Comment