2014/08/20

Ю.Цэдэнбалын ач охиныг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин БНМАУ-ын Төрийн тэргүүн, Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ю.Цэдэнбалын хүү Зоригийн охин Анастасияг өнөөдөр / 2014.08.20 / Төрийн ордонд хүлээн авч уулзав.

Хатагтай Анастасия Улсын Их Хурлын гишүүн Д.Арвинд халуун дотноор хүлээн авч буйд талархал илэрхийлээд өвөөгийнхөө төрсөн нутаг болох Увс аймгийн Давст суманд зочлон, ном хуруулаад ирсэн тухайгаа дуулгасан юм. Мөн  энэ удаагийн уулзалтыг зохион байгуулсан бүх хүмүүст талархаж байгаагаа дуулгаад өнөөг хүртэл  өвөөг нь Монгол Улсын төр засаг хүндэтгэж явдагт баяртай байдгаа илэрхийлэв. Түүнчлэн тэрээр хэлэхдээ, Монголын талаар бодож байсан түүний бодлууд өөрчлөгдсөн. Өвөөгийнхөө гэрийн бууцан дээр очоод  агаараар нь амьсгалахад өөрийгөө монгол хүн гэдэг мэдрэмж төрж байсан тухайгаа хэллээ.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Арвинд хандан 1990-ээд оны хүнд хэцүү үед түүний эцэг Ц.Зоригийг Монгол Улсын иргэншилтэй болгоход гүн туслалцаа үзүүлж, гол үүргийг гүйцэтгэж байсанд талархаж явдгаа илэрхийлээд Цэдэнбалын Зоригийг Монгол Улсад амьдрах орон сууцтай болгосон зэрэг түүний хүчин чармайлт гаргаж хийсэн ажлуудад нь  хүндэтгэл үзүүлэхээр ирсэн тухайгаа мэдэгдэв. Улсын Их Хурын гишүүн Д.Арвин З.Анастасияг Монгол Улсад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд цаашид нягт холбоотой байхыг захилаа. Мөн түүний аавд мэнд хүргэхийн  зэрэгцээ  Монгол Улсад  айлчлан ирэхийг  урилаа  хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нйттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0 сэтгэгдэл:

Post a Comment