2014/08/20

УИХ-ын дарга Японы Парламентын төлөөлөгчидтэй уулзав

УИХ-ын дарга З.Энхболд Монгол Улсад айлчилж байгаа Япон Улсын Парламент дахь Либерал Ардчилсан намын Япон Монголын найрамдлын бүлгийн дарга Мотоо Хаяаши тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2014.08.20/ хүлээн авч уулзлаа.

УИХ-ын дарга З.Энхболд уулзалтын эхэнд, Япон Улсын Парламент дахь Япон, Монголын найрамдлын гурван бүлгийн тэргүүн өргөн бүрэлдэхүүнтэй Монгол Улсад айлчилж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.

Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд "гуравдагч хөрш" Япон Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцаанд Монгол Улсын төр засаг өндөр ач холбогдол өгч байгааг тэрээр онцлон тэмдэглэлээ. Мөн өнгөрсөн 07 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн Япон Улсад хийсэн айлчлал амжилттай болж, хоёр орны хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /EPA/ байгуулах зарчмын тохиролцоонд хүрээд байгаад баяртай байна. Энэхүү хэлэлцээр нь хоёр орны Стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргана гэдэгт итгэлтэй байна хэмээн онцлон тэмдэглэв.

Япон Улсын Парламент дахь Либерал Ардчилсан намын Япон Монголын найрамдлын бүлгийн дарга Мотоо Хаяаши хэлэхдээ, манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа ялангуяа стратегийн харилцаа, эдийн засгийн түншлэл эрчимтэй хөгжиж байгаад талархаж байна. Бид танай улсын хувийн хэвшилд хувь нэмрээ оруулахад таатай байх болно гэв. Мөн Монгол Японы хооронд соёлын харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд Монгол Улсад айлчилж байгаа бөгөөд Монгол Японы уран бүтээлчдийн хамтарсан "Тэнгэр, Нар, Түншлэл" сэдэвт үзэсгэлэнгийн нээлтэнд оролцох тухайгаа УИХ-ын даргад танилцууллаа.

Уулзалтанд Японы Улсын Парламент дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн төлөөлөгчид, Япон улсаас Монголд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү, Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол Японы Парламентын бүлгийн дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга  С.Одонтуяа, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, УИХ-ын гишүүн Су.Батболд, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон албаны бусад хүмүүс байлцлаа.

Япон Улсын Парламентад Зөвлөхүүдийн танхим дахь Япон Монголын найрамдлын бүлэг, Төлөөлөгчдийн танхим дахь найрамдлын бүлэг, Либерал Ардчилсан нам дахь Япон Монголын харилцааг дэмжих бүлэг гэсэн нийт гурван  найрамдлын бүлэг үйл ажиллагаа явуулдаг юм хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

0 сэтгэгдэл:

Post a Comment