2014/08/19

Дорнодын АН-ынхан Ерөнхий сайдад ханджээ

Дорнод аймгийн Ардчилсан намын гишүүд уржигдраас хоёр талцан тэмцэл эхлүүлжээ. Эх сурвалжаас авсан мэдээллээр 2014 оны наймдугаар сарын 18-ны орой 19.00 цагийн орчимд Дорнод аймгийн ИТХ-ын дарга Г.Болдбаатар тэргүүтэй хэсэг нөхөд намын байрны хаалгыг эвдэж орсоноор дээрх тэмцэл үүссэн байна. Тэд намын байранд орсныхоо дараа хаалгыг түгжиж, аймгийн Ардчилсан намын дарга Д.Цэрэнчимэгийг огцрохыг шаарджээ.

Түүний энэ үйлдлийг эхнийх биш, Д.Цэрэнчимэгийг аймгийн Ардчилсан намын даргаар томилогдсоноос хойш дөрөв дэх удаагаа хийж буй дайралт гэж эх сурвалж хэллээ. Ийм дайралт хийх болсон нь аймгийн ИТХ-ын дарга Г.Болдбаатар өмнө нь тус аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж байсантай холбоотой гэнэ. Тэрбээр намын даргын алба хашиж байхдаа намынхаа нэр хүндийг ашиглаж бусдаас авлига авсан гэх хэл аманд орооцолдсон тул 2012 оны орон нутгийн сонгуулийн өмнө хариуцлага тооцож чөлөөлжээ. 2012 оны УИХ-ын сонгуульд олонхи болсон эрх баригч намын хувьд сонгуулийн мөрийн хөтөлбөртөө "Авлига хээл хахуультай хатуу тэмцэнэ" гэдгээ зарласан байсан тул энэ мэтчилэн асуудалд орооцолдсон боловсон хүчиндээ хариуцлага тооцохоос аргагүй байсныг тус намын гишүүн хэллээ. Тиймээс ч Ардчилсан намын зүгээс Г.Болдбаатар даргыг дөрвөн жилийн турш улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь хязгаарласан аж. Гэвч тэрбээр бууж өгсөнгүй, энэ хугацаанд дөрөв дэх удаагаа намын гишүүдийнхээ эсрэг хөдөлж, хамгийн сүүлд хаалгыг эвдэж танхайрчээ. Үүнийг тус намын гишүүд, дэмжигчид "Орон нутгийн засаглалыг хууль бусаар авах гэсэн оролдлого" хэмээн үзэж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нарт хандан арга хэмжээ авахыг хүссэн албан бичиг илгээсэн байна. Мөн Д.Цэрэнчимэг дарга бодит байдлаа намын даргадаа уламжлахаар Улаанбаатар хотод ирсэн байгаа аж.

Намынхаа даргын эсрэг хөдөлгөөн өрнүүлээд байгаа экс дарга Г.Болдбаатартай Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгч н.Бүжин, н.Оюундэлгэр, н.Загдсүрэн тэргүүтэй гишүүд мөн нэгджээ.

Г.Болдбаатар нь одоогоор Дорнод аймгийн ИТХ-ын дарга төдийгүй аймгийн Засаг даргын зөвлөх юм байна. Тэрбээр 2012 оны орон нутгийн сонгууль болохоос ердөө долоо хоногийн өмнө намын даргынхаа албанаас чөлөөлөгдөж байсан аж. Энэ нь түүний хувьд дахин, дахин намын даргатайгаа арсалдах, албан тушаалаас нь чөлөөлөхийг санаархах акцийг үзүүлэхээс аргагүйд хүргэсэн байх талтайг ч зарим гишүүн хэллээ.

Гэхдээ авлига хээл хахуульд нэр нь холбогдож, хууль хяналтын байгууллагад шалгагдаж байсан түүнийг намын даргынх нь суудлаас чөлөөлөхгүйгээр Ардчилсан нам орон нутгийн сонгуульд оролцох нь сонгогчдын итгэлийг татах боломжгүй тул алдаа гаргасан хүндээ хариуцлага тооцохоос аргагүй байсан гэх үгийг дайх гишүүн ч байна.

Харин бид Г.Болдбаатар даргаас дээрх асуудалтай холбоотойгоор байр суурийг нь сонсох гэсэн боловч "Намын эсрэг хөдөлсөн зүйл байхгүй. Наад мэдээллийг чинь одоо сонслоо" гэсэн товч хариулт өгснөөр утсаа тасалсан юм.

Г.ДАРЬ

 

0 сэтгэгдэл:

Post a Comment