2014/08/19

Си Жиньпиний авлигын эсрэг тэмцэл

-Си-гээс хойш энэ комисс Хятадын коммунист намын өндөр дээд тушаалын есөн хүнийг шалгаад байгаа. Тэдний нэг Чжоу Юнкан нь Си-гийн үед Байнгын хорооны даргаар ажиллаж байсан билээ. Авлигатай тэмцэх торонд бар ч орно, ялаа ч орно гэж Си хэлсэнчлэн ийнхүү барууд аль хэдийнэ торонд оржээ-

Ноён Си Жиньпин Хятадын удирдлагад ирснээс хойш Бээжин хотын төвд байрладаг нэгэн байгууллагын үйл ажиллагаа идэвхижсэн нь Сахилгын асуудлыг шалгах төв комисс юм. Монголоор буулгаж ойлговол Авлигатай тэмцэх газар юм.

Олон нийтийн дунд нэр хүнд нь сэвтсэн намын эрх мэдэлтнүүдийн буруугаас болж унасан намынхаа имижийг өөрчлөх, мөн нам доторх фракцуудын тэмцлийг зөөлрүүлэхэд Си энэ байгууллагыг ашиглаж байгаа хэмээн "Вашингтон Пост" өнгөрсөн долдугаар сарын 2-ны дугаартаа бичжээ.

Авлига хээл хахууль авахын эсрэг тэмцэх ийм байгууллага Хятадад 1927 оноос хойш байгаа юм. Гэхдээ өнгөрсөн хугацаанд энэ байгууллагыг нам нь ирээдүйгүй доод тушаалын болон нас нь өтөлсөн дээд албан тушаалтнууд, мөн дотоодын зөрчлөөс шахагдсан кадруудыг зайлуулахын тулд л ашиглаж иржээ.

Харин Си-гийн үед энэ байгууллага толгойгоо өндийлгөн, олонд ил гарч, намын өндөр албан тушаалтнуудын айж болгоомжилдог газар болон хувирч байна. Хүмүүсийн ярьдагаар энэ байгууллагад нэрээ нууцалсан эх сурвалжаас гомдлоо хүлээн авдаг аж. "Тэнд барууных шиг жишиг байхгүй. АНУ-ынхаар бол Холбооны мөрдөх товчоо, Сангийн яам, Нууц алба, Аудитын албаны элементүүдийг агуулсан нэгж" хэмээн АНУ-ын Холбооны мөрдөх товчоонд Хятадын шинжээчээр ажиллаж байсан Крис Жонсон Вашингтон Пост сонинд ярьсан байна. Гэхдээ АНУ-тай харьцуулвал энэ нэгж хамаагүй илүү эрх чөлөөтэй, мөн илүү улстөржсөн хэмээн тэр дүгнэжээ. Түүний хэлснээр энэ байгууллага хуулийн системээс гадуур Хятадын Коммунист намын хуулийн байгууллага маягаар ажилладаг аж. Сахилгын асуудлыг шалгах төв комиссийн мөрдөгчид нотлох баримтыг олохын тулд ямар нэг зөвшөөрөл авах шаардлагагүй бөгөөд намын ажилтан хэнийг ч баривчлан саатуулах эрхтэй. Энэ комиссоор шалгагдсан хэргүүд шүүхэд шилжин, ихэвчлэн хүнд ял авдаг.

Си-гээс хойш энэ комисс Хятадын коммунист намын өндөр дээд тушаалын есөн хүнийг шалгаад байгаа. Тэдний нэг Чжоу Юнкан нь Си-гийн үед Байнгын хорооны даргаар ажиллаж байсан билээ. Авлигатай тэмцэх торонд бар ч орно, ялаа ч орно гэж Си хэлсэнчлэн ийнхүү барууд аль хэдийнэ торонд оржээ.

Зарим барууны судлаач намын өндөр албан тушаалтнуудыг ийнхүү авлигын хэрэгт татах нь Хятадын коммунист намын гол имиж байсан тогтвортой байдлыг үгүй хийж, фракциудын хоорондох тэмцлийг өдөөх аюултай гэж үзэж байна. "Гэсэн ч тэд улам цаашаа явахыг хүсч байна" хэмээн комисст өмнө ажиллаж байсан нэгэн нэрээ нууцлан Вашигнтон Постод ярьжээ.

Эдийн засгийн өсөлтийг дагаад хээл хахуулийн хэрэг цэцэглэж байсныг Хятадын эрх баригчид мэдэж байсан, үүнтэй тэмцэнэ гэдгээ ч мэдэгдэж байсан, гэхдээ Си шиг ингэж гардан хийж байгаагүй гэдгийг судлаачид онцолж байна. Си-гийн арга барил өөр байна гэдгийг ч хүлээн зөвшөөрч байна. Бараг долоо хоног бүр хэн нэг албан тушаалтан, эсвэл төрийн компанийн удирдлагыг шалгаж эхэлсэн гэсэн ядмагхан мэдээ хэвлэлээр цацагдмагц, блогчид, иргэд тэр хүний тансаг орд харшийн тухай, нууц амрагуудын тухай мэдээллийг тэр дор гарган ирдэг байна.

2013 оны байдлаар комисс дэд сайд болон түүнээс дээш албан тушаалын 31 хүнийг шалгаж эхэлсэн юм. 2013 оноос өмнөх ийм тоог ил болгож байгаагүй ч Вашингтон Постын бичсэнээр жилдээ 10-аас илүү өндөр албан тушаалтанг шалгаж байгаагүй аж.

Авлигатай хийж байгаа Си-гийн тэмцэл яах аргагүй амжилттай байгаа нь Комиссийн даргаар зөв хүнээ олж тавьсан гэж үздэг. Комиссийн даргаар "гал сөнөөгч" хэмээн нэрлэгдсэн 65 настай Ван Цишанийг Си томилжээ. Даргаар томилогдонгуутаа Ван Цишань комиссийг өргөжүүлэн хуучин дөрвөн хэлтэстэй байсныг найм болгосон байна.  "Төмрийг давтахын тулд өөрөө хүчтэй байх хэрэгтэй" хэмээн өнгөрсөн жил сэтгүүлчидтэй уулзах үеэрээ Ван хэлж байжээ. "Мэдээж Си, Ван нарын хооронд өндөр итгэлцэл байгаа" хэмээн Вашингтон Пост бичжээ. Тэд 1970-аад оноос бие биеэ мэддэг эртний танилууд юм.

Бэлтгэсэн Д.НАРАНТУЯА

 

0 сэтгэгдэл:

Post a Comment