2014/09/02

Ахмад дайчдаас Монгол Улсын баатар төрөв

Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж ахмад дайчдыг төрийн дээд цол, одонгоор шагналаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр ахмад дайчдын төлөөлөлд уг шагналыг гардуулан өгөв.

 

 

Халх голын байлдааны ахмад дайчдаас Монгол Улсын баатар төрсөн юм. 1939 оны Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайнд оролцож, эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах эрхэм үйлсэд дайчин нөхдөө удирдан, өөрийн амь биеэ үл хайрлан эрэлхэг зоригтой баатарлагаар тулалдаж, хойч үедээ үлгэр дууриал үзүүлсэн түүхэн гавъяаг нь өндрөөр үнэлж ахмад дайчин Пунцагийн Шагдарсүрэнд Монгол Улсын баатар цол хүртээж, баатар цолны Алтан таван хошуу тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Сүхбаатарын одонгоор ахмад дайчин Баяндалайн Сааралдайг,

Цэргийн гавъяаны улаан тугийн одонгоор ахмад дайчин Шагдарын Багаажав, Сүрэнгийн Лхамжав нарыг,

Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор ахмад дайчин Гончигийн Батмөнх, Сүхийн Борхүү, ахмад дайчин эмэгтэй Цэрэнгийн Чимэдцэрэн нарыг тус тус шагнав.

 

Шагнал гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ,

"Эрхэм Монгол Улсын баатар Пунцагийн Шагдарсүрэн гуай,

Эрхэм ахмад дайчид, ард иргэд ээ,

Та бид энэ жил Халхын голын байлдааны ялалтын түүхт ойг улс даяараа хүндтэтгэн тэмдэглэж байна. Монголын ард түмэн түүхэн гавъяа байгуулсан баатарлаг охид хөвгүүдээ эргэн дурсаж байдаг. Мөн Монголчууд бидэнд дайн байлдааны хүнд цагт үнэлж баршгүй тус хүргэсэн, Зөвлөлтийн дайчид, орос анд нөхдийнхөө гавъяаг бид хэзээ ч мартах ёсгүй. Учир нь тэд Монгол Улсын бие даасан байдал, хөгжил дэвшлийн төлөө залуу халуун нас, амь биеэ үл хайрлан тэмцсэн юм.

Өнөөдрийн энэ түүхт өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин манай оронд айлчлахаар хүрэлцэн ирж байгаа нь бүр ч бэлгэдэлтэй юм. Монгол, Оросын олон ахмад дайчид өнөөдөр гавъяа зүтгэлээ үнэлүүлж байна. Халхын голын байлдааны түүхэн ялалтын ойн өдөр Монгол, Оросын ахмад дайчдын төлөөлөл болсон 38 буурал маань Монгол төрийн хүндэтгэл хүлээж шагнагдлаа. 

Шагналаа биеэр ирж авах боломжгүй ахмадуудын шагналыг тусгай төлөөлөл гэрт нь очиж гардуулж өгнө. 1939 онд 18 настай явсан залуу дайчин өнөөдөр 93 насны босго давсан байгаа. Өнөөдөр энд шагналаа гардан авсан хүмүүсийн  дундаас би Монгол Улсын баатар цол хүртсэн Пунцагийн Шагдарсүрэн гуайн тухай онцгойлон дурдахыг хүсэж байна. Тэрээр дайны амь өрссөн өдрүүдэд 21-хэн настайдаа 1939 оны гуравдугаар сард Тамсагийн зургадугаар морьт дивизийн 17 дугаар морьт хороонд Штабын дарга, улмаар хороон даргаар томилогдон эх орноо хамгаалах ариун үйлсэд амь бие үл хайрлан хүчин зүтгэжээ. Тэр Халхын голын байлдаан эхлэхээс дуусах хүртэл эх оронч дайчин нөхдөө удирдан тулалдаж явсан манай домогт залуу дарга нарын нэг юм.

Тэрээр Халхын голын байлдаан төдийгүй, 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон манай бахархалт ахмад үеийнхний төлөөлөл-баатар хүн юм. Шагдарсүрэн гуайд олгож байгаа энэ эрхэм хүндтэй цол бол нийт ахмад дайчиддаа Монголын төр, ард түмнээс үзүүлж буй өндөр дээд хүндэтгэл юм. Энэ бол Монголын ард түмэн хойч үе, ахмад үеийнхнийхээ баатарлаг түүх, тэдний гавъяа зүтгэлийг хэзээ ч мартахгүй байнга дурсаж байхын илэрхийлэл юм.

Өнөөдөр мөн төрийнхөө есөн хөлт Цагаан тугийн өмнө шагналаа авсан ахмадуудаа нэр дурдаж хэлэхийг хүсэж байна. Халхын голын байлдаанд наймдугаар морьт дивизийн хөгжимчин, тагнуулчаар үүрэг гүйцэтгэсэн Гончигийн Батмөнх гуай, Халхын голын дайн төдийгүй Чөлөөлөх дайнд оролцсон Сүхийн Борхүү гуай, тавдугаар дивизийн 13 дугаар морьт хороонд нууцын даргаар үүрэг гүйцэтгэсэн Баяндалайн Сааралдай гуай, 15-хан насандаа өөрийн хүсэл, сайн дураараа Халхын голын байлдаанд сувилагч цэргээр очиж, галын цэгт үүрэг гүйцэтгэж байсан Цэрэнгийн Чимэдцэрэн гуай, наймдугаар дивизэд их бууны наводчикийн үүрэг гүйцэтгэсэн Шагдарын Багаажав гуай, 14 дүгээр морьт хорооны бага даргаар тулалдаж байсан Сүрэнгийн Лхамжав гуай нартаа чин сэтгэлээсээ баяр хүргэе.

Мөн Халхын голын байлдаанд оролцож гавъяа байгуулсан мянга мянган зөвлөлтийн ахмад дайчдын төлөөлөл энэ өдөр Монгол Улсын эрхэм дээд цолоор шагнагдсан. Тэдний төлөөлөл болж шагнал хүртэж байгаа ОХУ-ын иргэд болох Халхын голын байлдааны ахмад дайчин  Григорьев Петр Осипович, Елизавета Ивановна Чувашова, Ковалев Ефрем Андреевич, Мартыненко Андрей Иванович, Олейников Михаил Федотович, Хулугуров Василий Прокопьевич, Кравец Николай Дорофеевич, Панкратьев Георгий Тимофеевич нарт чин сэтгэлийн талархал дэвшүүлж баяр хүргэе. 

Монгол төрийн дээд хүндэтгэл, гавъяа шагналыг өмнө нь болон өнөөдөр хүртсэн нийт ахмад дайчиддаа дайчин нөхөрлөлийн баярын мэнд хүргэж, улам урт удаан насалж бидэндээ үлгэр дууриал болж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Та бүхний баатарлаг гавъяаг түүх мартахгүй, Монголын ард түмэн мартахгүй" гэлээ.

Шагнагдагсдыг төлөөлөн Монгол Улсын баатар Пунцагийн Шагдарсүрэн баяр хүргэж, үг хэлэв.

Эх сурвалж: www.president.mn

0 сэтгэгдэл:

Post a Comment