2014/09/17

Өргөмжит консулуудтай уулзаж санал солилцов

Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг Хилийн чанадад суугаа Монгол Улсын Өргөмжит консулуудын 9 дүгээр зөвлөлдөх уулзалтад оролцож байгаа Өргөмжит консулуудыг өнөөдөр /2014.09.17/ Төрийн ордонд хүлээн авч уулзаж, санал солилцов.

  УИХ-ын гишүүн М.Батчимэг уулзалтын эхэнд хэлсэн үгэндээ хилийн чанадад суугаа Өргөмжит консулуудын зөвлөлдөх уулзалтыг хоёр жил тутамд зохион байгуулж байгааг онцлоод Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаа, Байнгын хорооноос хэрэгжүүлж буй арга хэмжээ болон шинээр баталсан хууль тогтоомжуудын талаар товч танилцууллаа.

  Монгол Улсын иргэд ажиллаж, сурах зорилгоор хилийн чанадад олноор зорчих болсон, түүнчлэн гадаадын аж ахуйн нэгжүүд манай улсад бизнес эрхлэх сонирхол нэмэгдсэн зэрэг нь Монгол Улсыг хилийн чанадад төлөөлөн ажиллаж байгаа Өргөмжит консулуудын үүрэг, хариуцлагыг улам өндөрсгөж байгааг тэрбээр онцлоод монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдэнд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэхэд анхаарч ажиллаж буйд нь талархал илэрхийллээ.

  Дараа нь тэрбээр уулзалтад оролцсон зарим Өргөмжит консулын сонирхсон асуултад хариулт өгч, санал бодлоо хуваалцсан юм.

  Өргөмжит консулуудын уулзалтыг хоёр жил тутамд зохион байгуулж дараагийн хоёр жилийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой тодорхой асуудал зэргийг хэлэлцдэгээс гадна Гадаад харилцааны яамнаас тэдэнд ажил төрлийн зааварчилгаа өгч, шинээр гарсан хууль журмын талаар танилцуулдаг уламжлалтай.

  Одоогоор дэлхийн 44 орны 72 иргэн хилийн чанадад Монгол Улсыг төлөөлөн Өргөмжит консулаар ажилладаг юм байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 

0 сэтгэгдэл:

Post a Comment