2014/09/30

Ерөнхий сайдыг огцруулах шаардлага тавилаа

МАН-ын Шинэчлэлийн хорооныхон өнөөдрөөс эхлэн суулт зарлаад байна. Тэд улс орны нийгэм эдийн засгийн байдал хүндэрхэд Засгийн газрын алдаатай бодлого нөлөөлсөн гэж үзэн, Ерөнхий сайдыг огцрохыг шаардаж байгаа аж. Тухайлбал, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 50 мянга гаруй аж ахуй нэгж хаалгаа барьсан бол нэг иргэнд ногдох гадаад өр 6700 ам.доллартай тэнцэж эхэлсэн гэнэ. Мөн инфляци өндөр байгаа нь бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөд нөлөөлж тэр хэрээр иргэдийн амьжиргаа доройтсон тул энэ бүхний хариуцлагыг Ерөнхий сайд хүлээх ёстой гэж үзэж байгаа ажээ.

Түүнчлэн Ерөнхий сайдын хамаатан саднуудтай холбоотой хэрэг хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа нь албан тушаалаасаа чөлөөлөгдөх үндэслэл болно гэж МАН-ын Шинэчлэлийн хорооны дарга Т.Аюурсайхан хэллээ.

Мөн тус холбооныхон өөрсдийн тэмцэлдээ ард иргэдийг нэгдэхийг уриалж гарын үсэг цуглуулж байгаа юм. Тэдгээрийг нэгтгэсэн Ерөнхий сайдыг огцруулах шаардлагыг маргааш УИХ-ын намрын чуулган нээлтээ хийх үед холбогдох хүмүүст гардуулж өгөх юм байна. Шаардлагыг хүлээж аваагүй нөхцөлд тэмцлийн дараагийн хэлбэрт шилжих аж.

Г.НАРАН

 

0 сэтгэгдэл:

Post a Comment