2014/09/16

Засгийн газрын бүтцийг яах вэ?

Эх сурвалжаас авсан мэдээллээр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг өчигдөр Төрийн ордонд дуудан, Ерөнхий сайд нэлээд удаан хугацаанд хуралдсан нь ажлыг нь дүгнэсэн хэрэг байжээ. Ийм хурлыг долоо хоног бүрийн мягмар гаригт хийж, өнгөрсөн долоо хоногт яамд бүрт ажил ямар байсан талаар хэлэлцэж, ажил нь урагшгүй тохиолдолд тухайлсан Төрийн нарийн бичгийн дарга нарт үүрэг даалгавар өгдөг аж. Тодруулж хэлбэл, долоо хоног тутамд болдог ээлжит хуралдаан өчигдөр болсон гэх мэдээллийг эх сурвалж өглөө.

Гэхдээ зарим хэвлэлүүдийн онцлон бичсэнээр дээрх хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрыг есөн яам, 10 тохируулагч агентлаг, 19 хэрэгжүүлэгч агентлагтай байх бүтцийг танилцуулсан байж болзошгүй аж. Түүгээр Гадаад харилцааны яам, Сангийн яам ( Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яамыг нэгтгэж), Хууль зүйн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам ( БОНХЯ, ССАЖЯ-ыг нэгтгэж), Батлан хамгаалахын яам,  Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам,  Дэд бүтцийн яам ( ЗТ, БХБЯ, ЭХЯ-ыг нэгтгэж), Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам,  Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам ( ХЯ, НХЯ, ЭМЯ-ыг нэгтгэж) гэсэн есөн яамны бүтцийг танилцуулжээ. Мөн шадар сайдын албан тушаалыг байхгүй болгож, үүрэгт ажлыг нь Засгийн газрын хэрэг, эрхлэх газарт хамаатуулж магадгүй гэнэ.

Арав гаруй хоногийн өмнө Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-ын намрын чуулганы эхэнд оруулж хэлэлцэн шийдвэрлүүлнэ гэдгээ ард түмэндээ хандаж хэлсэн. Одоогоор аль яамыг татан буулгаж, хэн гээч сайдыг үдэх вэ гэдгийг гүйцэтгэх засаглалын тэргүүн албан ёсоор зарлаагүй ч  хэвлэлүүд өөр, өөрийн эх сурвалжаас мэдээлэл аван, зарим нэг зураглалыг гаргасан. Түүгээр дээр дурдсанчлан үүрэг чиглэл нь давхардаж буй яамд сэлгээнд орж, нэгтгэгдэх магадлал өндөр буй. Гол нь яамдын тоог цөөлсөн нөхцөлд зөвхөн сайд чөлөөлөгдөөд зогсохгүй дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нар ч цомхотголд өртөнө.

Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулж, цомхон болгох асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч урьдын адил дэмжиж байгаа. Энэ тухай төрийн тэргүүн хэлэхдээ "Одоо харин тодорхой хүмүүстээ хариуцлага тооцох, бүтэц, бүрэлдэхүүнээ оновчтой болгох асуудлыг Ерөнхий сайд гартаа авах ёстой" хэмээсэн нь фракцийн хүсэл сонирхолд нийцүүлэхээс илүүтэй улс орноо бодож, бүтцийн өөрчлөлтийг хийх ёстой гэсэн захиас болов уу хэмээн улстөрчид дүгнэж байна.

Мөн УИХ-ын гишүүд Ерөнхий сайдын дээрх алхмыг цаг хугацааны хувьд оройтсон боловч хийх ёстой үйдлийнх нь нэг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Давхар дээл" тайлах тухай хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх үед энэ асуудлыг давхар шийдсэн бол илүү цаг хожин Засгийн газар ажилдаа шуудрах зам засагдах байсан гэх байр суурь ч илэрхийлж буй.

Ердөө хоёр долоо хоногийн дараа УИХ-ын намрын чуулган нээлтээ хийнэ. Түүнтэй зэрэгцэн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний асуудал хөндөгдөнө. Гол нь энэ үеэр "давхар дээл"-тэй сайдуудыг дан болгох уу эсвэл яамдыг нэгтгэж  цомхон болгосноор бүтцийн өөрчлөлтөд цэг тавих уу гэдгийг хүлээх л үлдлээ.

Гэхдээ "давхар дээл"-тэй сайд нарыг дан болгосон нөхцөлд олонхийг нь шинээр парламентын гаднаас томилох шаардлага үүснэ. Ийм нөхцөлд шинэ хүн ажилтайгаа танилцахаас эхлүүлээд гартаа оруулах хүртэл цаг шаардана. Мөн УИХ-ын гишүүн нь сайдын алба давхар хашсанаар илүү цалин авдаггүй. Эдийн засаг хүнд үед энэ нь эерэгээр тусдаг. Хэрэв парламентын гаднаас сайд томилбол төсвийн ачааллыг нэмэх талтай гэнэ. Нөгөөтэйгүүр, үлдэж байгаа хоёр жилийн хугацаанд эрх баригч хүчин илүү хариуцлагатай байж, 2012 оны сонгуульд амласан амлалтаа хэрэгжүүлэхийн тулд одоогийн бүтцээ илүү оновчтой цомхон байдлаар шийдэх нь илүү эерэг тусна гэх гаргалгаа ч бас байна.

Г.НАРАН

 

0 сэтгэгдэл:

Post a Comment