2014/09/29

МАНАН байгуулах гээд байна уу даа

Сандал суудлын то­хи­роо, сөрөг хүч­ний халуухан улстөр­жилт­тэй намрын чуулган эхлэх гэж бай­на. Энэ сарын 1-нд буюу мар­гааш нээлтээ хийх намрын чуул­ган мэдээж "халуухан" гэх тодотголтой өрнөх нь мэ­дээж. Улс төрийн намуудын жаг­саал цуглаан, эсэргүүцэл, халах солих улстөржилт, Зас­гийн газрын "ЭЗЭН-100" хөтөлбөрийн үр дүн, тан­химын халаа сэлгээ зэргээр нээл­тээ хийсэн өдрөөсөө л улс­төржилтөөр дүүрэн байх нь то­дор­хой болчихоод байгаа.

Найр наадмын улиралтай давх­цан найруулсан хор, улс тө­рийн элдэв жүжиг ч өрнөх нь тодорхой байна. Ам алдвал барьж болдоггүй учраас халаа сэл­гээ хийнэ гэсэндээ хүрэхийн тулд Н.Алтанхуяг сайд хэдийнэ тан­химын шинэ бүрэлдэхүүний зу­раглал гаргаж эхэлчихсэн хэмээн мэдэгдчихлээ. Гэсэн ч энэ бүхэн улстөрчдөд өөрс­дөд нь ашигтай юу гэхээс иргэ­дэд хүртээлгүй шахуу. Ард түм­ний хүсэл бол улс төрийн тогт­вортой байдал.

Дүн өвлийн хүйтэн "хаалга тогшиж" эхэлсэн энэ үед үлдсэн төсвөө хэрхэн зарцуулах, өвлийг өнтэйхэн давахын тулд гэр хорооллынхон нүүрс түлээний асуудлаа хэрхэн зохицуулах, орон сууцны иргэд хөлдчихгүй өвлийг өнгөрүүлчих аргаа хайна уу гэхээс Н.Батбаярын суудалд хэн очиж, Эрүүл мэндийн салбарыг Н.Удвал үргэлжлүүлэн удирдах эсэх нь огтхон ч хамаагүй юм. Өөрөөр хэлбэл, цаг хугацаа нь тохироогүй сандал суудлын маргаантай асуудал өнгөрсөн хаврын чуулганаар яригдсан "Давхар дээл" шиг хугацаа авах вий гэдэг л хамгийн их болгоомжлол төрүүлсэн асуудал болж байна.

Гүйцэтгэх засаглалын тэргүүн өмнө нь хэлж байсан шигээ танхимын халаа сэлгээг хурдхан хугацаанд хийж чадах эсэх нь ч тодорхой бус. Нөгөөтэйгүүр энэ томилгоо, халаа сэлгээг улстөрчид нь ч өөрсдөө хүсэхгүй байж мэдэх юм. Улс орны тогтвортой байдал, сонгогчдынхоо төлөө гэсэн өчүүхэн жаахан сэтгэл байдаг бол улс төрийн тогтворгүй байдлыг тэд хүсэхгүй нь мэдээж. Тэгвэл хэн хүсээд байна вэ гэдэг асуулт эндээс урган гарна.

Хариулт нь маш амархан. Нэгдүгээрт, албан тушаал, улс төрийн тогтворгүй байдлыг хүсч байгаа хэсэг АН дотор цөөнгүй бий. Хоёрдугаарт, удаа дараагийн сонгуульд ялагдаж халаасаа "гөвчихсөн" МАН гэх улс төрийн хүчин юу юунаас илүүтэй Засгийн газрын халаа сэлгээг хүсч хүлээж байгаа хэрэг юм. МАН өлсгөлөн байна. Амжилт гэж нэрлэчихээр зүйлгүй дөрвөн жилийг үдэх үү, Засгийн газрын бүтээж босгосноос хуваалцаж жаахан ч гэсэн нэр хүнд олж авах уу гэдэг сонголтоо тэд хийчихсэн учраас МАНАН гэх бүлэглэл байгуулахыг санаархаж эхэлжээ.

Шинэчлэлийн Засгийн газарт алдаа мадаг байгаа ч амжилт нь түүнээс олон гэдгийг хэн бүхэн хүлээн зөвшөөрдөг. Жил тутам 3-6 аймаг хатуу хучилттай замаар нийслэлтэй холбогдож байна. Ганц жишээ гэвэл МАН-ын 20 тавьсан замыг АН хоёр жилд тавьсан. Оюутолгойн асуудал шийдэгдсэнээр Монгол Улсад дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ. Ийм их мөнгөний чимээ дуулдаж эхэлсэн энэ үед хэн ч Н.Алтанхуяг ба тэдний нөхдөд эрх мэдлийг үлдээхийг хүсэхгүй нь мэдээж юм.

Оюутолгойгоос идэж сурсан, олсон ашгаа байнга хувааж хүртэж сурсан МАНАН-г байгуулах хүсэлтэй хүмүүст их мөнгөний чимээ хорхойг нь хөдөлгөж, зүгээр суулгахгүй байгаа хэрэг бус уу. Хоёрдугаарт, хоёр хөршийн төрийн тэргүүний айлчлал зүй ёсоор Засгийн газрын том амжилтад тооцогдоно. Далайд гарах гарцын асуудлаа шийдсэн, "Талын зам" төсөл, хийн хоолойг Монголоор дамжуулах эсэх гээд том том ажлууд яах аргагүй Н.Алтанхуягийн Засгийн газрын үед эхлэл тавьчихлаа. Үлдсэн хоёр жилд бүх ажлууд нь эмх цэгцэндээ орчихвол Н.Алтанхуяг сайдыг намын лидерүүд нь ч өөрсдөө өндөрлөгөөс буулгаж дийлэхгүй.

20 жилд тэдний хийгээгүй зүйлийг дөрөвхөн жилд хийчихсэн намын дарга дараагийн сонгуулиар ногоон гэрлээр суудлаа хадгалж үлдэх учраас түүнийг эртхэн замаасаа холдуулах гэсэн нөхөд нам дотор цөөнгүй болж МАН-тай хавсран түүнийг унагах гэж санаархаж эхлээд байна. Амжилтаас нь хугаслаж дараагийн сонгуульд томхон суудал санаархах болсон фракциудын лидер гэгдэх улстөрчдийн нэрс хэвлэл мэдээллээр хангалттай бичигдэж байгаа учраас энд нурших нь илүүц биз.

Тиймээс МАНАН бүлэглэл байгуулах хүсэл сонирхол хоёр намд аль алинд нь байна гэж хэлээд байгаа юм. Засгийн газрыг тогтворгүй байдалд оруулж тэндээс жаахан мөнгө, нэр хүнд, амбийц олох гэсэн санаархагчид хөшигний ард маш олон зүйлийг санаж сэдэж байгаа биз ээ. Намрын чуулгантай зэрэгцэн найруулсан хороо цацаж эхэлнэ, тэд. Цаашлаад Өрийн удирдлагын тухай хуулийг батлаж, гаднаас хөрөнгө татах  гэхээр МАН  гэх шаврын хаалт өмнө нь хөндөлсчихөөд хөдлөхгүй байна. Бид тэр мөнгөнөөс чинь хэдийг авах юм.

Манайд өгөх ашиг нь юу байгаа юм хэмээн шантааж хийдэг сураг ч дуулдах болсон. Өлсгөлөн, халаасаа гөвчихсөн, дараагийн сонгуулиар хэдэн төгрөг хаанаас босгохоо мэдэхгүй болчихсон, ихэнх компаниуд нь хаалгаа барьчихсан, тендерийн наймаа нь хаагдчихсан тэдний ганц хийх нүүдэл нь Засгийн газраар тоглож мөнгө олох учраас тэд юу ч хамаагүй хийж мэдэх нь. Өөрөөр хэлбэл, их мөнгөний яриа Оюутолгой, Си Зиньпин, В.Путинтай хамт дуулдахтай зэрэгцэн идэж уудаг хобби нь хөдөлчихөөд байна, улстөрчдийн маань. Эдгээр улстөрчдийн тоглолт л энэ намар өрнөх нь.

Гэхдээ хөзрийг хэрхэн хуваарилах, хожих уу, хожигдох уу гэдэг нь Ерөнхий сайдын өөрийнх нь тоглолтоос шалтгаална. Тиймээс төр засгийн тогтворгүй байдлыг хүсч, хэдэн төгрөг илүү харж танхимын хувь заяанд нөлөөлж байгаа хүний өөрийн улстөрчдөд жинтэйхэн хариу барина гэдэгт найдаж байна. МАНАН хэрвээ  байгуулагдвал Оюутолгойгоос олох ашиг, хийн хоолой, транзит тээвэр ард түмэнд огт хамаагүй хэвээр үлдэх билээ.

Б.ӨНӨРТОГТОХ

Эх сурвалж: www.mminfo.mn

 

0 сэтгэгдэл:

Post a Comment