2014/09/02

П.Цагаан: Стратегийн баримт бичигт гарын үсэг зурахгүй

Монгол судлаач Юрий Николаевич Кручкины Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үг, ярилцлагыг түүвэрлэн орос хэлнээ орчуулсан "Ц.Элбэгдорж" хэмээх ном, мөн Монгол-Оросын харилцаа, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монголтой биечлэн харилцсан харилцааны тухай өгүүлсэн сурвалжлага тэмдэглэлийг эмхэтгэн "Владимир Путин ба Монгол" номын нээлт өнөөдөр боллоо.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаанаас ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины айлчлалын үеэр ямар баримт бичгүүдэд гарын үсэг зурах талаар тодрууллаа.

-Маргааш ОХУ-ын ерөнхийлөгч ажлын айлчлал хийнэ. Айлчлалын үеэр ямар гэрээнүүдэд гарын үсэг зурах бол?

-Хоёр орны иргэд хоорондын харилцаа, бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түлхэц өгсөн шийдвэрүүд гарна. Гэхдээ бидний хүссэн бүх баримт бичигт гарын үсэг зурна гэвэл хүлээлт болно. Цаг хугацааны хүчин зүйлсээс шалтгаалан энэ удаагийн айлчлалаар стратегийн баримт бичигт гарын үсэг зурахгүй.

-Айлчлал богино хугацаатай үргэлжлэх учраас стратегийн гэрээнд гарын үсэг зурахгүй нь гэж ойлгож болох нь ээ?

-Гэхдээ 20-иод баримт бичигт гарын үсэг зурна гэж ойлгож болно. Энэ нь хоёр орны харилцааг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна. Айлчлалын үр дүнд хэсэг хугацаанд зогсонги байдалд орсон хоёр орны харилцаа шинэ шатанд гарна гэдэгт эргэлзэхгүй байна.

-Айлчлалын үер хоёр улс төмөр замын баримт бичгүүдэд гарын үсэг зурж магадгүй юм гэх таамаглал байна. Энэ талд мэдээлэл байна уу?

-Төмөр замыг тойрсон 3-4 баримт бичиг бий. 100 хувь ярих эсэх нь тодорхойгүй байна. Чухам ямар ямар баримт бичигт гарын үсэг зурахыг урьдчилж хэлэхэд хэцүү.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийг ОХУ-д айлчлахыг урьсан. Урилгын хариуг өгсөн үү?

-Урилгыг хүлээн авсан. Ирэх жил буюу 2015 оны тавдугаар сард ОХУ ялалтын 70 жилийн ойн баяраа тэмдэглэнэ. Энэ үеэр хойд хөршид айлчлал хийхээ Монгол Улсын Ерөнхийлөгч албан ёсоор зарласан.

Г.НАРАН

0 сэтгэгдэл:

Post a Comment