2014/09/29

С.Баяр, У.Хүрэлсүх нар юу хийх вэ?

Жилийн өмнө МАН Их хурлаа хийж, бүтэц, бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулах үед Ерөнхий сайд асан С.Баяр, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан У.Хүрэлсүх нар Бага хурал, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн дэх фракцийнхаа нөлөөллийг алдсан. Тэгвэл тэд тэрхүү орон зайгаа эргэн тогтоох, мөн 2016 оны УИХ-ын сонгуулийн бэлтгэл хангах зорилгоор Зүүний хүчний холбоог өнгөрсөн амралтын өдрүүдэд хаалттайгаар хуралдуулж, холбоогоо өргөтгөжээ. Эх сурвалжийн мэдээгээр хоёр фракци нэгдсэн нь нам доторх эв нэгдлийг хангахад чиглэснээс МАН-ын дарга М.Энхболдын тэргүүлдэг хотын фракцийн эсрэг хөдлөх зорилго агуулаагүй аж. Мөн Зүүний хүчний холбоо нь дээрх хуралдаандаа намын даргаа урьж оролцуулжээ. Гэхдээ Зүүний хүчний холбоо нь тус хуралдаанаар Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнээ өргөжүүлж 31-д хүргэхдээ зөвхөн С.Баяр, Сү.Батболд нарын залуусыг багтааснаас хотын фракциас төлөөлөл багтаагаагүй юм байна. Ингэснээр Зүүний хүчний холбооны Удирдах зөвлөлд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, "Бишрэлт трейд" ХХК-ны захирал Б.Ундармаа, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Цогтбаатар, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан, "УБ бизнес" группын ТУЗ-ын дарга Д.Хүрэлбаатар, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга асан Д.Амарбаясгалан, Налайх дүүргийн Засаг дарга асан Б.Баяндэлгэр, МАН-ын шинэчлэлийн хорооны дарга Т.Аюурсайхан, "Мөнхийн үсэг" ХХК-ны ерөнхий захирал Б.Батцэцэг нар багтжээ. Эдгээр есөн гишүүний дийлэнх нь С.Баяр, Сү.Батболд нарын фракцийн гишүүд аж. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Цогтбаатар, "Бишрэлт трейд" ХХК-ны захирал Б.Ундармаа, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан нар улстөрд хөл тавьсан үеэс С.Баяр нарын дэмжлэгтэйгээр албан тушаалд томилогдож байсан гэх. Харин одоо Зүүний хүчний холбооны Удирдах зөвлөлд багтсанаар У.Хүрэлсүхийн армийг "цэнэглэх" бололтой.

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан У.Хүрэлсүхийн тэргүүлдэг Зүүний хүчний холбоонд багтдаг залуусын хувьд дийлэнх нь хал үзээгүй, төрийн ч ажилд нухлагдаж үзээгүй залуус аж. Тэднийг өөд нь татаж МАН-д нөлөөтэй болгосон хүн нь холбооных нь тэргүүн. Харин түүнийг улстөрөөс зай барьсан үеэс залуус нь намдаа нөлөөгөө алдаж, зарим нэг нь боловсролоо дээшлүүлэхээр АНУ-ыг зорьсон. Ийм үед холбооны залуусыг цэнэглэх тархи нь С.Баярын фракцийнхан болох бололтой. Үүнийгээ ч экс генсек мэдэж хоёр фракцийг нэгтгэх санаачлагыг гаргасан тухай дуулдаж байна. Нөгөөтэйгүүр, намын нөхөд нь тэднийг нэгдлийг дэмжиж эхэлжээ.  Учир нь С.Баяр, У.Хүрэлсүх, Сү.Батболд нарын хувьд өмнө нь хамтарч ажиллаж байсан туршлага бий. Түүнийгээ одоо сэргээж, унтаа намыг сэрээх талд ажиллах цаг болсныг гишүүд нь онцолж байна.

У.Хүрэлсүхийн хувьд ч улстөрд эргэн ирж байгаагаа дээрх хуралдааны үеэр онцолжээ. Мөн Ерөнхий сайд асан С.Баярын байр суурь ч өөрчлөгдсөн байна. Өмнө нь тэрээр "Улстөрд оролцох үе минь болсон" гэж өөртөө чөлөө олгодог байсан бол одоо харин "Намын нөхөддөө чадах ядахаараа тусална" гэх байр суурийг илэрхийлж эхэлжээ.

Эндээс үзвэл, С.Баяр, У.Хүрэлсүх нар хэсэг хугацаанд завсарлага авсан улстөрийн амьдралаа ийн эхлүүлж байна уу гэлтэй. Тэд одоо юу хийх бол...

МАН дотор нөлөөгөө тогтоох уу, эсвэл түүнээс цаашхийг харсан нүүдэл хийх үү.

Г.НАРАН

 

0 сэтгэгдэл:

Post a Comment