2014/09/29

Засгаас явах сайдууд

Хуулийн дагуу УИХ-ын намрын чуулган маргааш буюу аравдугаар сарын 1-нд нээлтээ хийнэ.  Намрын чуулганаар хэлэлцэх асуудлыг жагсаалтад  эдийн засаг, улс орны хөгжилд чухал гол хуулиуд багтсан байгаа.  Харин хэлэлцэх асуудлыг жагсаалтад багтаагүй ч олон нийтийн анхаарлын төвд байгаа Шинэчлэлийн Засгийн газрын бүтцийн өөрчлөлт намрын чуулганаар орох нь нэгэнтээ тодорхой болсон.

Ерөнхий сайдын зүгээс танхимдаа сэлгээ хийнэ гэдгээ мэдэгдсэн  бөгөөд улс төрийн хүрээнийхний дунд элдэв янзын таамаглал өрнөж байна.  Саарал ордон доторх хов жив ч гадагшаа хальж,  Засгийн бүтэц,  Н.Алтанхуягийн танхимд үлдэх сайдуудын талаарх  зорилготой болон зорилгогүй мэдээлэл хэвлэлийн хуудаснаас тасрахгүй байна.

 Хоёр жилийн ой дээрээ  шинэчлэлт хийхээр төлөвлөөд байгаа Шинэчлэлийн Засгийн газрын бүтцийн өөрчлөлт ерөнхийдөө  Ерөнхийлөгчийн санаачилсан "Том төрөөс ухаалаг төр"-ийн хүрээнд явагдах нь нэгэнтээ тодорхой болсон. Энэ асуудлаар Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд нар хоорондоо зөвшилцөж ярилцсан гэх сураг ажиг төдий мэдээлэл бий.

Гэхдээ ямар ч байсан Засгийн газар бүтцийн өөрчлөлтөөр 11 яамтай байх нь хамгийн зөв хувилбар гэдэг шийдэлд нэгэнтээ хүрсэн гэх. Харин энэхүү бүтцийн цомхотголд ямар, ямар сайдууд "төрхөмдөө" буцах вэ гэсэн хувилбар эхнээсээ тодорхой болж, олонх ч Засгийн газрын тэргүүний баримталж байгаа байр суурийг дэмжиж буй бололтой.

Ерөнхий сайдын хувьд танхимдаа нэг баг болж тоглож чадах, өөрт ноогдсон ажилдаа хариуцлагатай хандаж ирсэн сайдуудаа танхимдаа авч үлдэхээр тооцоолж байгаа гэнэ. Тэгэхээр Шинэчлэлийн Засгийн газарт буюу Н.Алтанхуягийн танхимд хэн хэн үлдэж, харин хэн, хэн явах вэ. Яагаад? 

Явах сайдууд

1.Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр. Сөрөг хүчний зүгээс байнгын шүүмжлэлд өртөж, Шинэчлэлийн Засгийн газрын нэр хүндийг шавартай хутгаж байгаа түүнийг  гүйцэтгэх засаглалаас хамгийн түрүүнд явуулахаар болжээ.  Хаврын чуулганаар сөрөг хүчний зүгээс түүнийг огцруулах саналыг өргөн барьсан ч намрын чуулган хүртэл хойшлуулсан.  Намрын чуулганаар хэлэлцэх асуудлыг жагсаалтад Засгийн газрын гишүүнийг огцруулах гээд түүний асуудал тодоос  тод бичигдсэн бий.  Тэгэхээр  ажлаа хийж чадаагүй гэж огцорч байснаас  Засгийн газрын бүтцийн өөрчлөлтөөр "гэртээ" харьсан нь Н.Батбаяр сайдын хувьд улс төрийн карьер, нэр төрөө бодсон ч арай цэвэрхэн хувилбар.    Бондын мөнгийг замбараагүй зарцуулсан, тэнгэр бурхантай харьцахаас өөрөөр шидгүй хэмээн олон нийтэд баалуулж, Ерөнхийлөгчийн зүгээс ч нэгэнтээ Засгаас явах  сайдууд бий гэсний дунд хэвлэлийнхэн түүний нэрийг багтаасар ирсэн.  Энэ удаад Н.Батбаяр сайдыг явуулах хэрэгтэй гэдэгт Ерөнхийлөгч, болон Ерөнхий сайд, мөн олон санал нэгдээд байгаа юм байна.

2. Зам тээврийн сайд А.Гансүх. Танхимынхаа эсрэг ажилласаар ирсэн тэрбээр сэлгээгээр явах сайдуудын дунд багтжээ.  Түүний толгойлж байгаа яамыг Барилга хот байгуулалтын яамтай нэгтгэхээр болсон.  Тиймээс А.Гансүх сайдад Шинэчлэлийн Засгийн газарт хийх ажил үлдсэнгүй. Багийн тоглолтгүй,  Төрөөс баримтлах төмөр замын хүрээнд хэрэгжүүлэх "Шинэ төмөр  зам" төсөлд хамгийн их садаа болж байгаа нөхөр хэмээн салбарынхан болоод уул уурхайнхан дүгнэдэг.  Салбарын сайд нь атлаа царигийн асуудал дээр Засгийн газраасаа эсрэг байр суурьтай явж ирсэн түүнийг засгаас зайлуулснаар  экспортын төмөр замыг гацаа арилж магадгүй гэсэн хүлээлт бий. Түүнчлэн  агаарын тээвэр гэхээс авто тээврийн салбарт анхаарлаа хандуулдаггүй, зам тээврийн сайд атлаа Засгийн газраас зохион байгуулдаг нэг ч чуулга уулзалтад бараагаа харуулдаггүй  А.Гансүх сайд буян амалж, бурханд мөргөөд Н.Алтанхуягийн танхимд үлдэхгүй нь тодорхой болжээ.

3. Уул уурхайн сайд Д.Ганхуяг. Яамыг нь  Эрчим хүчний яамтай нэгтгэх бололтой.  С.Сономпил, Д.Ганхуяг хоёрын нэг нь засгаас явах нь ойлгомжтой байсан.  Ерөнхий сайдын сонголтоор Шинэчлэлийн Засгийн газарт Д.Ганхуяг үлдэхгүй нь тодорхой болжээ. Түүний хариуцсан салбарын үзүүлэлтүүд байнгын уналттай, Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтыг энэ сарын 30-наас өмнө шийднэ гэсэн талаар болсон.  Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал удаашралтай,  хөрөнгө оруулалт 70 хувиар буурсан гээд уул уурхайн салбараас олигтойхон мэдээ сонсогдолгүй хоёр жил болсон.  УИХ-ын сул гишүүн байх үеэсээ л "Оюутолгой"-н төслийг балбасаар ирсэн түүнийг уул уурхайн сайдаар томилсон нь хамгийн буруу томилгоо байсан ч байж болох. Хөрөнгө оруулагчдыг ойлгодог, тэдэнтэй хэл амаа ололцож чадах хүн хэрэгтэй гэдэг үүднээс хоёр жилийнээ ой дээрээ ийнхүү Д.Ганхуяг сайд давхар дээлээ тайлахад хүрлээ.

4. Эрүүл мэндийн сайд Н.Удвал. Н.Алтанхуягийн танхимаас явахаар болсон сайдуудын жагсаалтад Н.Удвал багтжээ. Эрүүл мэндийн салбарыг уналтад оруулж, Н.Энхбаяр зориулсан шийдвэр гаргаснаар өөрөөр ажиллаж чадаагүй гэсэн шүүмжлэлийг салбарынхан нь гаргадаг. Гэмтэл согог, үндэсний төвийн эмч нар улстөржих гол шалтгаан нь Н.Удвал байсан гэдэг нь худлаа биш. Тиймээс түүнийг явуулснаар Шинэчлэлийн Засгийн газарт Н.Удвалыг орыг хэн нэг нь залгахаар боллоо.

 Эмч мэргэжилтэй, эрүүл мэндийн салбарт ойр, бас ч үгүй засагт дэд сайдын алба хашиж явсан туршлагатай хэмээн түүнийг тавьсан ч харамсалтай нь өнгөрсөн хоёр жил эрүүл мэндийн салбар шиг уналтад орсон, бас улстөржсөн газар үгүй болсон.  Н.Удвалыг эрүүл мэндийн салбарыг толгойлсноос хойш эмч мэргэжилтнүүдийн хариуцлагагүйгээс болж цөөнгүй иргэн амь нас эрүүл мэндээрээ хохирсон.  Тэрбээр Засгийн газрын бүтцийн өөрчлөлтөөр сайдын суудлаа өгөх нь тодорхой болсон бөгөөд үүнийгээ ч өөрөө хүлээн зөвшөөрчээ. Сайдаас буусныхаа хариуд аль нэг газар элчин юм уу элчингийн зөвлөхөөр явах хүсэлтэй байгаагаа намынхаа удирдлагуудад илэрхийлсэн гэх. Ийнхүү Н.Алтанхуяг засагтаа сэлгээ хийж, бүтэцдээ өөрчлөлт оруулах хувилбараар бол Шинэчлэлийн Засгийн газар  Н.Батбаяргүй, Н.Удвалгүй, А.Гансүхгүй, Д.Ганхуяггүй байх нь гарцаагүй тодорхой болжээ.

 Ж.НЯМСҮРЭН

 

0 сэтгэгдэл:

Post a Comment