2014/10/01

Сайд А.Гансүх Сингапур улсын Тээврийн сайдтай уулзав

Монгол Улсын Зам, тээврийн сайд А.Гансүх тэргүүтэй төлөөлөгчид Сингапур Улсад ажиллан, Үндэсний агаарын тээвэрлэгч "МИАТ" ТӨХК-ний Улаанбаатар-Сингапур чиглэлийн анхны шууд нислэгийн нээлтийн ёслолын арга хэмжээнд оролцлоо.

Тус ажлын айлчлалын хүрээнд  Зам, тээврийн сайд А.Гансүх Сингапур Улсын Тээврийн сайд Луи Так Иу-тай 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр тус улсын Тээврийн яаманд хоёр талын уулзалт хийж, хоёр орны тээврийн салбарын хамтын ажиллагаа, түүний цаашдын төлөвийн талаар харилцан санал солилцлоо.

Уулзалтад Монгол Улсаас Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Зам тээврийн сайдын зөвлөх Ж.Бямбацогт, ЗТЯ-ны Далайн захиргааны дарга Х.Энхбаатар, "МИАТ" ТӨХК-ний гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхан болон албаны бусад хүмүүс байлцлаа.

Сингапур Улсын Тээврийн сайд Луи Так Иу Монгол-Сингапурыг холбосон шууд нислэгтэй болсон явдалд баяр хүргэж, хоёр орны тээврийн салбарын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд хурдацтай өсөн нэмэгдэж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа харилцан илэрхийлэв.

Түүнчлэн энэхүү шууд нислэг нь хоёр орны бусад салбарын хамтын ажиллагааг нэмэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг дурдан, Монгол Улсын хувьд Зүүн Өмнөд Азийн бусад оронтой холбогдох хамгийн дөт боломж нээгдсэнийг цохон тэмдэглэв.

Зам, тээврийн сайд А.Гансүх Сингапур Улсын Тээврийн сайд Луи Так Иу нар уулзалтын үеэр хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор хоёр улсын Тээврийн яамд хоорондын хамтын ажиллагааны тухай Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах боломжийн талаар харилцан санал солилцов.

Сингапур Улсын Тээврийн сайд Луи Так Иу Монгол Улсын шинээр баригдаж буй нисэх онгоцны буудлын талаар ихэд сонирхож, түүнчлэн Монгол Улсын Засгийн газар болон Зам, тээврийн яам нь шууд нислэгийг Бээжинд буулгаж нэмж зорчигч суулган хоёр улс дамнасан нислэгийн зөвшөөрөл авч ажиллаж байгааг өндрөөр үнэллээ.

Эх сурвалж: www.mfa.gov.mn

 

0 сэтгэгдэл:

Post a Comment