2014/10/24

Хивэгний асуудлаар мэдээлэл хийж байна

УИХ-ын чуулганы үдээс хойшхи чуулганы хуралдаан эхэллээ.  Хуралдаанаар гишүүн Л.Эрдэнэчимэгээс Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад тавьсан "Дотоодын фермерийн аж ахуйн нэгжүүдийг хивгээр хангах үүднээс экспортыг улирлын чанартайгаар зогсоож болох эсэх талаар асуулга"-ын хариуг сонсож байна.

Монгол улсаас 2010 онд 2500 тн, 2011 онд 5000 тн хивгийг ОХУ, БНХАУ-д экспортлосон бөгөөд 2012 онд өвөлжилтийн хүндрэлээс урьдчилан сэргийлж экспортлоогүй аж. Үүнээс болж агуулах сав дүүрч экспортод гаргахыг эрчимжүүлсэн байна. Ингээд 2013 оны зургадугаар сард БНХАУ-тай хивэг экспортлох санамж бичиг байгуулж Улаанбаатар гурил ХХК-ийн Дархан Уул дахь салбар, Хангай миллс ХХК, Милл хаус ХХК, Алтан тариа ХК-ийн Улаанбаатар Сэлэнгэ дэх салбар зэрэг 4 ААН-ын 5 байршлаас тодорхой хэмжээний хивэг экспортлохоор гэрээ байгуулсан аж.

Сайдын хэлж буйгаар гурил тэжээлийн балансаар энэ онд нийт 87,5 мянган тонн тэжээлийн хивэг үйлдвэрлэхээр тооцоо гарч байгаа аж. 2013 оны долдугаар сараас он дуустал хугацаанд БНХАУ-д 41,3 мянган тонн, ОХУ-д 5,4 мянган тонн нийт 46,8 мянган тонн хивэг экспортлосон байна. Харин 2014 он гарсаар аравдугаар сар хүртэлх хугацаанд нийт 41,6 тонн хивэг БНХАУ-д экспортлосон байна.

Гишүүн Л.Эрдэнэчимэг өмнө нь энэ асуудлаар шүүмжлэж "Энэ жил 420 мянган тонн улаанбуудай хурааж авах юм байна. Нийт улаан буудайны 24 хувь нь хивэг болох нь. Үүнээс үзвэл 100 мянган тонн хивэг гаргах боломжтой юм байна.  Өнгөрсөн жил ч 300 мянган тонн улаан буудай хурааж авч, 80 мянган тонныг ОХУ-аас оруулж ирсэн. Гэтэл тэднээс гарсан хивэг чинь хаачсан юм бэ. Бүтэн жилийн турш хивэгний асуудлыг ярьж байна. УИХ-ын гишүүн хүн ингэж хөөцөлдөөд асуудлыг шийдүүлж чадахгүй байгаа юм чинь сүүний холбоод, малчид асуудал шийдүүлнэ гэж байхгүй шүү дээ. Энэ жил дахиад л хивэгээ үргэлжлүүлэн экспортлосоор байх уу. Би Хөдөө аж ахуйн яаманд хивэгний экспортыг зогсоож өгөөч гэсэн бичиг явуулаад "нийт хивэгний 40 хувийг экспортод гаргаж байгаа" гэх хариу авсан. Тэгвэл тэр үлдэж байгаа 60 хувийн хивэг чинь хаашаа алга болоод байгаа юм бэ. 46 мянган тонн нь монголын зах зээлд үлдэх ёстой. Гэтэл хотын хэрэгцээний 80 хувийг хангаж буй Сонгинохайрханы сүүний нэгдэл 1000 тонн хивэг ч авч чадахгүй сууж байна шүү дээ. Жил гаруйн өмнө 150 мянган төгрөгний үнэтэй байсан хивэг өнөөдөр 400 мянган төгрөгийн үнэтэй болчихсон байна" хэмээж байсан юм.

Хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Б.ЭНХ

0 сэтгэгдэл:

Post a Comment