2014/10/21

Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй гэв

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр үдээс хойш хуралдаж, хоёр асуудлыг хэлэлцсэн юм. Хэлэлцсэн асуудлын талаар өнөөдөр Ардчилсан намын бүлгийн удирдлагууд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын нэг нь  МАН-ын 26 гишүүн  бүхий 28 гишүүнээс өргөн барьсан  Ерөнхий сайдыг огцруулах тухай санал. Ерөнхий сайдыг огцруулах уг асуудлыг бүлгийн хурлаар  хэлэлцээд дэмжих боломжгүй гэх шийдвэр гаргасан байна. Энэ асуудлаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авлаа.

-Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг эхэлж  хэлэлцэх үү. Эсхүл одоо өргөн баригдаад байгаа сайд нарын бүрэлдэхүүнтэй холбоотой төслөө хэлэлцэх юм уу?

-Ерөнхий сайдыг огруулах тухай асуудлыг хуулийн дагуу долоо хоногийн дотор байнгын хороогоор хэлэлцэнэ.  Байнгын хороогоор хэлэлцсэний дараа УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх үүрэгтэй. Сайдуудыг томилох асуудлаар МАН-ын бүлэг  ажлын тав хоногийн завсарлага авсан байгаа. Завсарлын хугацаа дуусмагц хэлэлцэнэ.

-Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах шаардлагагүй гэж үзэж буй шалтгаан нь юу юм бэ?

-Ерөнхий сайдыг огцруулах дөрвөн заалт бүхий шаардлагыг тавьсан. Үүнд тоо хэмжээний тухайд зөрж байгаа, зарим шаардлагууд  Ерөнхий сайдын хувь  хүнийх нь тухайд эрээ цээргүй, үндэслэлгүй халдсан заалтууд орсон байна. Хүнийг гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй байхад яллаж болохгүй гэж Үндсэн хуульд заасан.

Гэр бүл хамаатан садан найз  нөхөд  гээд хэвлэл мэдээллээр гарсан зүйлсийг үндэслэл болгож тавьсан нь Үндсэн хуулийг зөрчиж байгаа юм.  Ерөнхий сайдыг огцруулсны дараа эхний ээлжинд доорхи хэргүүдийг шалгуулах ёстой гэсэн заалт орж ирсэн. Огцруулчихаад шалгуулна гэсэн ойлголт байхгүй. Хэрэв Ерөнхий сайд буруутай байгаа бол түүнийг нь нотлосны дараа хариуцлага тооцох нөхцөл үүсч болно. Хоёрдугаарт, Ерөнхий сайдыг огцруулах тухай Ардын намын санал нь улс зохион байгуулалттай улс төрийн үйл ажиллагаа байна гэсэн дүгнэлтэнд хүрч байна. Тиймээс Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжих боломжгүй гэж үзсэн.

-Ж.Батзандан гишүүн Ерөнхий сайдыг огцруулах саналд  гарын үсэг зурсан байгаа.  Хариуцлага тооцох талаар яригдсан зүйл байгаа юмуу?

-Өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Батцогт Ардчилсан намын бүлэгт элсэх  хүсэлтээ илэрхийлсэн нь УИХ-д мэдээлэгдээд баталгаажсан. Ардчилсан намын бүлэг 35 гишүүнтэй. Харин хариуцлага тооцох асуудлыг Ардчилсан намын бүлэг тогтоодоггүй. Гарсан үр дагавар нь тогтоогдвол намынхаа үндсэн дүрмийн хүрээнд шийдвэрлэдэг дүрэмтэй.

С.ОТГОН

 

0 сэтгэгдэл:

Post a Comment