2014/10/24

Хэдэн хэрэглэгчид мессеж очсоныг тогтоогоогүй байна

 

1.Хятад царигаар хилээ сэтлүүлж, 2.Хятад банкаар барьцаалуулж, 3. гадныханд газраа 100 жилээр өмчлүүлэх асуудалд та саналаа өгнө үү..." гэх мессеж УИХ-ын гишүүдийн дугаараас иргэдийн утсанд ирсэн асуудал шуугиан тариад байна.

Гишүүдийн зүшээс ийм мессеж бичээгүй гэдгээ илэрхийлж, гишүүний бүрэн эрхэд халдсан ноцтой асуудал гэж үзэж буйгаа мэдэгдээд байгаа. Тэгвэл энэ асуудлаар "Мобиком" корпорацийн гүйцэтгэх  захирал Дэвид Холлидэт, дэд  захирал М.Энхсайхан нар өнөөдөр мэдээлэл  хийлээ.

Өгсөн мэдээллээр бол, тус компанийн инженер техникийн ажилтнууд хаанаас  дээрх  мессежийг илгээсэн болохыг тогтоосон бөгөөд Румын улсын "Водафон" үүрэн операторын сүлжээнээс ирсэн нь тогтоогдсон байна. Мөн UNITEL-ийн хэрэглэгчийн дугаараас  ирсэн мессежийг "Мальта" улсаас илгээсэн гэв. Тиймээс дээрх хоёр улсаас манай үүрэн операторуудад руу илгээх бүх хөдөлгөөнийг зогсоогоод байгаа аж.

Улс төрийн зохион байгуулалттай  гэж харж болох энэхүү хууль бус ажиллагааг  Румын болон Мальта улс дахь хэн нэгэн хэрэглэгч зарим гар утас үйлдвэрлэгчдийн сул талыг ашиглан, компьютерийн ямар нэг программаар дамжуулан, өөр дугаараас илгээж байгаа мэтээр харагдуулсан байх магадлалтай талаар "Мобиком" корпорацийн гүйцэтгэх  захирал Дэвид Холлидэт хэллээ.

"Дугаараа нууцлан, мессеж илгээх олон үйлчилгээ байдгийг Монгол Улсад хэн нэгэн зориудаар ашиглаж байна" гэж тус компани  үзэж байгаа аж.

Одоогийн байдлаар Монгол Улсын 20 хэрэглэгчийн дугаарыг ашиглан, мессеж илгээснийг тогтоогоод байгаа ч хэдэн хүнд уг мессеж хүрснийг тодруулаагүй байна. Тиймээс Румын улсын "Водафон" үүрэн телефоны операторын чухам ямар дугаараас уг мессежийг илгээсэн болох, Монгол Улсын үүрэн операторын сим карт юм уу, өөр төхөөрөмж  ашигласан эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа аж. 

Энэ үйл явдалд "Мобиком" корпораци өөрсдийгөө буруутгахгүй байгаа бөгөөд "Хэн нэгний нэрийг ашиглаж, залилан хийсэнтэй адилхан зүйл боллоо" гэж тайлбарлаж байна.

С.ОТГОН

 

 

0 сэтгэгдэл:

Post a Comment