2014/10/23

Дуулиан: Их хурлын гишүүдийг тойрсон эзэнгүй мессеж

УИХ өнөөдөр Төмөр замын талаар Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэж, 84 хувийн саналаар баталлаа. Олон сар жил яригдсан Төмөр замын асуудал ийн нэг тийш шийдэгдэх нь тодорхой болов.

Гэхдээ улс төр, сошиал ертөнц, хэвлэл мэдээллийнхэн яг одоогоор Төмөр зам, өргөн-нарийн царигийн сонирхлоо түр орхиж,  УИХ-ын гишүүдэд өөрийнх нь дугаараас өөрт нь мессеж ирсэн, гишүүдийн утасны дугаараас тойргийнх нь сонгогчдод SMS "ниссэн" гэх дуулиан руу шилжлээ. Гишүүдийн өмнөөс мессеж бичлээ гэх энэ дуулиан Төмөр замын асуудал хэлэлцэж байх үетэй давхацсан юм.

Үдээс өмнөх чуулганы хуралдааны дундуур УИХ-ын гишүүн А.Бакей утсан харилцаанд асуудал гарч, өөрийнх нь өмнөөс бусад руу мессеж ирсэн талаар ярьснаар энэ асуудал сөхөгдсөн юм. Тэрээр "Миний утсаар, миний тойргийн гишүүдэд зүй бус бүдүүлэг мессеж илгээсэн байна. Мобикомын утасны дугаартай, нэр бүхий хэдэн гишүүний өмнөөс мессеж илгээсэн байна. Энэ бол хүний эрхэд, хууль тогтоогч гишүүний бүрэн эрхэд халдаж буй хэрэг. УИХ-ын гишүүний утаснаас хүртэл өмнөөс нь мессеж бичиж болж байгаа юм бол жирийн иргэдийн утсан харилцаа юу болж байх билээ. Мобикомын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалдаг газар гэж байна уу. УИХ-ын гишүүн хэний ч эрхшээлд орохгүйгээр өөрийнхөө итгэл үнэмшлээр саналаа өгөх эрхтэй. Би ч өөрийнхөө итгэл үнэмшлээр саналаа өгсөн. Иймд энэ асуудлыг таслан зогсоох хэрэгтэй"  гэсэн бол УИХ-ын дарга З.Энхболд  ч энэ асуудлыг хүлээн зөвшөөрч, "Миний утаснаас над руу мессеж ирсэн. Би Тагнуулын Ерөнхий газрын Б.Ариунсанг дуудаж үүрэг өгсөн. Хүний утаснаас мессеж бичдэг зүйл байгаа бол том асуудал байна. Үүнийг олж тогтоо гэх үүрэг өгсөн" гэж мэдэгдээд байна.

Ийнхүү УИХ-ын гишүүдийн өмнөөс худал мессеж бичин, олон нийтэд тарааж буй үзэгдэл Төрийн ордонд дуулиан дэгдээж, эзэнгүй SMS-т УИХ-ын даргаас эхлээд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо анхаарал тавьж эхэллээ. Нэгэнт сөхөгдсөн асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүдийн нилээд нь өөрсдөд нь ийм зүйл тохиолдож байсан талаар ярьж, хэлж, жиргэж эхлэв.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын утсанд өөрийнх нь дугаараас хэлэлцэж буй хуулийн төслүүдтэй холбоотой худал мессежийг илгээсэн байна. Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудсандаа "Таны өмнөөс ямар ч хувийн зорилгоор хэн ч мессеж бичиж болох нь" гэж бичжээ.

Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү "76 гишүүний өмнөөс мессеж бичсэн байна. Мобиком яагаад миний эрхэнд халдаад байна вэ" хэмээн жиргэжээ.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Бусдын утасны дугаараас бусдад мэссэж бичээд байгаа энэ зүйл хавар намайг хар тамхины хэрэгтэй холбох гэсэнтэй адил технолог харагдаад байна" гэж жиргээд байна.

Ямартай ч энэ асуудалд "хардагдаж" эхлээд байгаа "Мобиком" компани ч дөнгөж сая олон нийтэд мэдээлэл хийхээр хэвлэлийн хурал зарлалаа.

 

 


Үнэхээр бусдын утасны дугаар руу ийм байдлаар мессеж /SMS/ илгээх боломж бий юу?

Энэ талаар цахим сайтуудтай холбоотой товч мэдээлэл хүргэе.

Интернэтэд суурилсан үнэгүй дуудлага хийх, мэссэж бичих үйлчилгээнүүд цөөнгүй байдаг. Тухайлбал, эдгээр үйлчилгээний нэг болох http://www.sendanonymoussms.com/ сайтыг ашиглан илгээх дугаар, хүлээн авах дугаараа оруулаад 145 тэмдэгтэд багтсан мэссэжийг интернэт ашиглан илгээх боломжтой байдаг аж.

Гэхдээ уг үйлчилгээг ашиглагчдад хандсан мэдэгдэл уг сайтын буланд тавигдсан байх ёстой бөгөөд энэ үйлчилгээг хууль бус зорилгоор ашигласан тохиолдолд таны ipхаягийг ил болгон нийтэлж, блоклоно гэж анхааруулсан байдаг ажээ.Тиймээс хэрвээ УИХ-ын гишүүд рүү мэссэж илгээсэн явдал үүрэн холбооны компанийн оролцоогүйгээр буюу интернэт үйлчилгээ ашигласан байвал уг этгээдийн ipхаягийг олох бүрэн боломжтой юм байна.

 

Б.БАЯСАХ

 

0 сэтгэгдэл:

Post a Comment