2014/10/30

“Хямрал болоогүй мэт бүтээн байгуулалт хийсэн”

-УИХ-ын өнөөдрийн чуулганаар Төсвийн хуулийн өөрчлөлтийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, уг хуулийг анхдугаар хэлэлцүүлэгт шилжүүлснээр өндөрлөлөө-

Төсвийн хуулийн өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлэг дуусч чуулганы хуралдаан өндөрлөлөө.  Ерөнхий сайд Н.Алтанхуяг орон нутагт эрх шилжүүлэхтэй холбоотой шийдэх ёстой асуудал олон байгааг хүлээн зөвшөөрч байсан юм. Энэ Засгийн газар эдийн засгийг  хямралд хүргэсэн гэх нийтлэг шүүмжлэлд Ерөнхий сайд хариу өгөхдөө "Н.Батбаяр, Ч.Улаан сайдын босгож өгсөн бондын мөнгөөр хямрал болоогүй юм шиг бүтээн байгуулалт хийсэн" гэх хариулт өглөө. Харин гишүүдийн хувьд тавилга авах, бараа бүтээгдэхүүн авах зардлыг өсгөхгүй байхаар, төрийн гурван өндөрлөгөөс бусдын гадаад дотоод томилолтын зардлыг 50 хувиар багасгасан зэрэг хэмнэлтийг дэмжиж байсан ч төсвийг захиран зарцуулах эрх мэдлээс орон нутагт шилжүүлэх санааг үндсэнд нь эсэргүүцэж байсан юм.  Ингээд Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, харин дагалдан орж ирсэн Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх эсэх талаар санал хураалтын дүн 50:50 хувиар тэнцсэн бөгөөд Байнгын хороон дээр унасан төсөл УИХ-ын босгыг давах эрхтэй боллоо.

Хэлэлцүүлгийн үеэр сөрөг хүчнийхэн ч шүүмжлэлээ үргэлжлүүлсээр. Гишүүн Ө.Энхтүвшин "Орон нутагт эрх мэдлийг өгнө гэчихээд олигтой юм өгөхгүй нь шив дээ. Сум хөгжүүлэх сангийн мөнгөний асуудлаар орон нутагт бөөн хэрүүл байна. Тухайн намын засаг дарга аль намын хүн байна тэр намынх нь хүмүүст л тараачихаж. Ах дүү, амраг садан, дэмжичгдэд л тарааж. Тэр мөнгөөр горьдлого үүсгээд өөр хэсэг хүмүүсийн амыг барьчихаж. Энд ямар ч хяналт алга. Өгөх ёстойг нь өгөхгүй байна шүү дээ. Сүхбаатар аймагт шүлхий гарч малыг нь устгасан. Гэтэл тэдэнд мөнгө өгөөгүй л байна" гэв.

Үүнд нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг Сум хөгжүүлэх сангийн зарцуулалтын талаар "Сумын иргэдийн хурал дээр яриад дээд тал нь гурав хүртэл хувийн хүүтэй зээлийг олгоно л гэж шийдсэн. Үүнд иргэдийн хурал хяналт тавих ёстой" гэж хариуллаа.

УИХ-ын гишүүн Н.Энхболд үргэлжлүүлэн "Төсвийн мөнгийг байтугай сумын хөгжлийн мөнгийг шударга бусаар тарааж байна шүү дээ" гэсэн бол гишүүн Н.Номтойбаяр "Жишээ нь, нэг аймгийн Засаг даргын тайланд мөнгөн аяга хийлгэх 85 сая, татварын байцаагчид 20 сая, Берлинд зугаалахад гэхчилэн өдий төдий саяар нь төсвийн мөнгийг зарцуулж. Ганц гарын үсгээр 717 саяыг зарцуулж байсан өөр жишээ ч бий. Ийм байдалтай байхад орон нутагт мөнгө зарцуулах эрх шилжүүлэх нь учир дутагдалтай" гэв.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг ч тайлбарласаар байлаа. Тэрбээр "Орон нутагт хэдэн хүн хууль зөрчсөнийг нь орон нутагт эрх шилжүүлэхтэй холбоод бантан болгох нь л дээ. Хөдөө орон нутагт эрхийг нь өгөхдөө, хариуцлагатай нь хамт шилжүүлэх, хууль зөрчүүлэхгүй байх тогтолцоо л бий болгох санаа шүү дээ. Орон нутагт давхар хариуцлага хүлээлгэх тогтолцоо хэрэгжвэл Бразил руу хүмүүсээ явуулахгүй шүү дээ" гэв.

Тэгтэл УИХ-ын гишүүн Д.Оюунхорол "Төсвийн эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ гэдэг нь үндэслэл муутай байна. Иймд Төсвийн байнгын хороо дэмжилгүй унагасан" гэсэн бол УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Эрх баригчид эдийн засгийг самарсан бол, одоо боловсрол, эрүүл мэндийн салбарыг самрахаар орон нутагт эрхийг нь шилжүүлж байна", гишүүн Г.Батхүү "Орон нутагт эрх шилжүүлэх нь зүйтэй ч цаг хугацааны хувьд одоо биш" хэмээсэн юм.

Хуралдааны эцэст Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Б.Энх

 

 

0 сэтгэгдэл:

Post a Comment