2014/10/21

Төсвийн төслийг буцаая гэв

УИХ-ын чуулганы хуралдаанаар 2015 оны нэгдсэн төсвийн хэлэлцүүлэг цаг сунгасан хуралдаанаар үргэлжилж байна. УИХ-ын дарга З.Энхболд гишүүдэд "Цаг сунган хуралдаж байгаа тул яаралгүйхэн шиг дуусгая. Одоо гишүүд асуултаа тавьж дууссан тул үгээ хэлцгээх дарааллаараа явна" гэсэн юм. 

Ирэх оны төсвийн төсөлтэй холбоотойгоор гишүүн Ж.Батсуурь "Төсвийн эрх мэдлийг орон нутагт нэмэгдүүлж байгааг дэмжиж байна.  Хяналт хариуцлага нь мэдээж хэрэгжих байлгүй. Алийн болгон яамны царай харцгаах вэ дээ"  гэж дэмжиж буйгаа илэрхийлсэн бол гишүүн Ж.Энхбаяр "Энэ жилийн төсвийн орлогын хүлээгдэж буй байдал, тасалдал нь бараг 1 их наяд төгрөгт хүрэх бололтой. Гадаад дотоодын үзүүлэлтийг харахад төсвийн хүрээний мэдэгдэл,  ирэх оны төсвийн мэдэгдэл нь унаж байгаа юм байна. Сүүлийн гурван жил эдийн засаг унасаар байгаад таарах нь. 90 тэрбумын буцалтгүй тусламжаар цэцэрлэг барих юм гэнэ, энэ нь төр өөрийнхөө орлогоор нэг ч цэцэрлэг барьж чадахгүй, чадавхигүй болж байгаа нь харагдаж байна" гэсэн юм.

Я.Содбаатар мөн дараагаар нь "Төсөв гэдэг бол монгол гэх айлын ирэх онд юу идэж уух вэ гэдгийг харуулдаг толь. Гэтэл ийм хариуцлагатай зүйл ярьж байхад танхимд хэдэн цөөхөн хүн л алга. Ардчилсан намаас хэдэн хүн энд сууж байна. Гэтэл албан тушаал ярихаар бүгдээрээ ороод ирдэг. Би хувьдаа төсвийн төслийг буцаах саналтай байна. Анх өргөн барихаас эхлээд л хууль зөрчиж эхэлсэн. Эдийн засгийн хямралын үед төр өөрсдийнхөө бүсийг чангалаач гэж УИХ-аас чиглэл өгсөн. Энэ боломжуудаа гарга гэсэн ч 2014 оны тодотгосон төсөвтэй харьцуулахад урсгал зардал 15 хувиар нэмэгдсэн байна шүү дээ" гэсэн байна.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Б.ЭНХ

 

0 сэтгэгдэл:

Post a Comment