2014/10/24

Шийдвэр гүйцэтгэлийг сайжруулах төслийг хэлэлцлээ

Чуулганы хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар хуралдаж байна. Засгийн газар уг төслийг өргөн мэдүүлсэн бөгөөд шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түтгэлзүүлэх санал гаргах тухай өөрчлөлт орж буй юм.

Хуулинд ямар өөрчлөлт орж буй заалтад, шийдвэр гүйцэтгэлд үндэслэлгүйгээр гомдол гаргах боломжийг нь хязгаарлах, Төлбөр төлөгч этгээд эд хөрөнгийн мэдүүлгээ өгөхөөс зайлсхийсэн тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар дансны мэдээлэл авах боломжтой болгох, Төлбөр төлөгч хаягийн өөрчлөлтөө мэдүүлэх үүрэгтэй байхаар болсон зэрэг зохицуулалтууд буй аж.

Тодотговол, төлбөр авагч иргэн, бизнесийн байгууллагын хувьд зөрчигдсөн эрхээ сэргээх, алдсан хөрөнгөө түргэн хугацаанд буцаан гаргуулан авах ажиллагааг хэрэгжүүлэхэд саад учруулж буй нэг шалтгаан бол төлбөр төлөгчийн зүгээс зөвхөн төлбөр төлөлтийг хойшлуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны бүхий л шатанд үндэслэлгүйгээр гомдол гаргаж буй явдал юм. Сүүлийн 3 жилийн дунджаас харахад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны эсрэг нийт 275 гомдол гаргаснаас 161 нь үндэслэлгүй байсныг шүүхээс тогтоон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Иймээс нэгэнт шүүхээс гарсан эцсийн шийдвэрийг богино хугацаанд гүйцэтгэх боломжийг бий болгох зорилгоор ажиллагааны эсрэг гомдол гаргах тухай эрх зүйн зохицуулалтыг өөрчлөх шаардлага гарч байгаа гэнэ.

Б.ЭНХ

0 сэтгэгдэл:

Post a Comment