2014/10/30

Овоо босгоогүй бол...

Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өнөөдөр Төрийн  байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх тов гарсан ч АН-ын бүлэг ирэх долоо хоногийн лхагва гариг хүртэл завсарлага авснаар дахин  хойшилсон.

АН-ын бүлэг Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байхад асуудлыг   Байнгын хороогоор хэлэлцэх нь учир дутагдалтай. Тиймээс нэгэнт хуулийн хугацаа дууссан учраас Байнгын хорооны хуралдааныг зарлаж завсарлага авч байна. 

АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар хугацаа алдагдаж байгаа. Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэгчээр Ардын намын хэд маань ийм санал өргөн бариагүй бол асуудал ингэж хүндрэхгүй. АН-ын бүлэг үдээс хойш энэ асуудлаар үргэлжлүүлэн хуралдахаар төлөвлөсөн" гэсэн нь  огцруулах асуудлыг өргөн барьсан сөрөг хүчнийхний дургүйцлийг хүргэв бололтой.  

УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд "Бид овоо босгоё гэж зорьж яваад байсан юм огт байхгүй. Д.Эрдэнэбат дарга үгээ олж хэлэх нь зүйтэй. Та МАН-ын бүлгийн 26 гишүүн, танай намын бүлгийн төлөөлөл, "Шударга ёс" эвслийн бүлгийн төлөөлөл бүхий 28 гишүүн гарын үсэг зурж, УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийн дагуу Ерөнхий сайдад хариуцлага тооцуулахаар өргөн мэдүүлсэн тогтоолын төсөлд ингэж хариуцлагагүй хандаж болохгүй. Энэ бичиг өргөн баригдаад 14 хонож байгаа. Та нар 14 хоногийн хугацаанд иргэд, олон түмний дунд яригдаж байгаа зүйл, тэдний санаа бодлыг сайтар судалж үзэх хэрэгтэй. Бидний өргөн барьсан бичиг бол Монголын ард түмний дийлэнх олонхийн хүсэл санаа зоригт нийцсэн зүйл. 28 хүн босгосон овоо биш шүү. Улс орны эдийн засгийн байдал ямар болчихоод байгаа билээ, үүнд дүгнэлт хиймээр байна. Би хэд хоногийн өмнө байнгын хорооны хуралдаанд Монголд засаглалын хямрал бий болчихлоо гэж сануулж байсан. Харин өнөөдөр засаглалын хямрал бодитой нүүрлэчихлээ. Засаглалын хямралыг дагаад хууль тогтоох дээд байгууллага үйл ажиллагаагаа явуулж чадахгүй болчихлоо. А.Бакей дарга аа, Та Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын хувьд үүнд анхаарах ёстой шүү. Өнгөрсөн долоо хоногт З.Баянсэлэнгэ гишүүн Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлаас завсарлага авсан. Завсарлага дуусаад гурав хонож байна. Энэ гурван хоногт байнгын хороо асуудлаа хэлэлцэх талаар ямар ч санал санаачлага гаргаагүй. Лхагва гаригт УИХ юу ч хийгээгүй. Пүрэв гаригт УИХ төсөв дагаж орсон ганцхан асуудлыг хэлэлцсэн. Өнөөдөр дахиад завсарлага авчихлаа. Цаана нь цаг алдахгүй ярилцаж шийдэх ёстой төсвөөс эхлээд улс орны амьдралын олон асуудал бий" гэлээ.

Тэрбээр эрх баригчдыг байгаа байдалдаа дүгнэлт хийхийг анхааруулж,  асуудлаа яаралтай шийдэхийг хүссэн. Харин УИХ-ын гишүүн  Л.Цог завсарлага авах нэрийдлээр асуудлыг сунжруулж болохгүйг сануулсан бол  Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей "Миний хувьд ч гэсэн та нартай адилхан байр суурьтай байгаа.  Төсөв батлах хугацаа хаяанд ирсэн үед энэ асуудлыг нэг тийшээ болгох ёстой" гэв. Байнгын хорооны хуралдаанд тус байнгын хороонд харьяалагддаг МАН-ын бүлгийн гишүүд бүгдээрээ ирсэн бол АН-ын бүлгээс А.Бакей, Д.Эрдэнэбат, Р.Бурмаа нарын гишүүд оролцлоо.

С.ОТГОН

 

 

 

0 сэтгэгдэл:

Post a Comment