2014/10/20

“Шинээр обьект барих мөнгө төсөвлөөгүй”

УИХ-ын чуулганы хуралдаанаар 2015 оны нэгдсэн төсвийн тухай төслийг хэлэлцэж байна. Гишүүдийн зүгээс өөрсдийн аймаг орон нутагт хувиарлагдсан төсвийг хасч, танасан зүйл байгаа эсэх талаар тодруулж "аймгийн хөрөнгө оруулалтын дүн ялгаатай харагдаж буй" тухай нийтлэг шүүмжийг хэлцгээж байв.

Засгийн газрынхны өгч буй хариу тайлбараар аймаг орон нутгуудад эрх, хөрөнгө оруулалт шилжиж буйтай холбоотойгоор төсөв шилжсэн, хэн нэгний үзэмжээр ялгамжтай тогтоосон зүйл байхгүй гэж байв. Яг энэ асуудлаар нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл шүүмжлэлтэй буйгаа илэрхийлэн "Хотын төсөв аюулд орчихсон байгаа. Энэ төсөв батлагдах юм бол хот зүгээр л цалин, нийтийн тээврийн тэтгэлэг олгодог урсгал данс л болно. Улаанбаатар хотын суурь тэнцлийг 280 тэрбумын ашигтай мэт харуулж байгаа. Засгийн газар тавьж чадахгүй цалингийн зардлаа хот дээр тавьчихсан. Нийслэлийн төсөв гэж нэг агентлагын төсвөөс дор болж байна. Суурь зардлыг бидэнд хариуцуулж байгаа юм бидэнд НӨАТ-ийг өгөөч гэж санал тавьж байгаа" гэв. Үүнд "Суурь зардлыг орлогод нь тааруулж нэмж өгсөн. Дээрээс нь 128 тэрбум төгрөгийг тэтгэмж олгож буй" гэсэн байна.

Дараагаар нь гишүүн Б.Бат-Эрдэнэ "Айл өрхийн амьдрал бэрх байна. Гэтэл энэ төсөв дээр үзүүлэлтүүд өссөн талаар танилцууллаа. Ингэж худлаа мэдээлэл өгч болохгүй. Хэнтий аймагт хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд юу ч өгсөнгүй. Захын гэр хороололд амьдрал алга" гэж шүүмжиллээ.  Ц.Даваасүрэн мөн энэ санааг дэмжиж "УИХ –ын чуулган дээр чинь газрын даргаас дээш албан тушаалтан ч ирж тайлбар өгөхөө болилоо. Энэ бол төсвийн захиран зарцуулагчдад хариуцлага тооцож чаддаггүйтэй холбоотой. УИХ-аас гарч буй шийдвэрүүдийн хэрэгжилтийг анхаарахгүй бол болохгүй нь. Орон нутагт эрхийг нь шилжүүлж байна гээд нийслэлд баахан ачаагаа шилжүүлчихэж болохгүй байх. Эх үүсвэрийг нь шийдэж өгөөгүй байж ингэж болохгүй" гэв. 

Ирэх оны төсөвт шинээр барих обьектийг санхүүжүүлэх хөрөнгө оруулалт тусаагүй байна хэмээн гишүүд шүүмжилсэн бөгөөд үүнд Н.Алтанхуяг "Шинээр барих, тэр олон дуусаагүй зүйлийг чинь дуусгая гэвэл төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ. Гэвч өнөөдөр тийм боломж байхгүй. Бондын мөнгөөр сургууль, цэцэрлэг барьж болохгүй.  Харин буцалтгүй тусламжаар шийдэх боломжтой" гэсэн юм.

Үргэлжлүүлэн гишүүн Ц.Нямдорж "Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс асуух зүйл байна. Дээд шатны шүүхийн шүүгч, анхан шатны шүүхийн шүүгчийн цалин тэмээ ямаа шиг өөр. Хуульзүйн сайдаа цагдаагийн кабонд төсөвлөсөн зүйл юу ч алга байгаа нь ямар учиртай вэ. Хуулийн сайдын багц дотор шүүхийн байшингийн зардал ороод ирж. Үүнийгээ яагаад Шүүхийн ерөнхий зөвлөлийн багцад шилжүүлэхгүй байгаа юм. Үүний чинь цаана Үндсэн хуулийн асуудал байна" гэсэн юм.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж үүнд "Шүүгчдийн цалин тогтоох тухай асуудлаар УИХ-ын ажлын хэсэг ажиллаж байгаа. Анхан шатны шүүхийн шүүгч 2,7 сая төгрөгийн цалинтай, давж заалдах шатны шүүгч 2,9 сая, дээд шатны шүүхийн шүүгч 3,2 сая төгрөгийн цалинтай" гэв. Мөн Хууль зүйн сайд Х.Тэмүүжин "Хөдөөгийн алслагдсан сумдад кабон барих төсвийг суулгасан. Гэхдээ кабоны зардлууд орон нутагт шилжиж буй хөрөнгө оруулалт дотор багтаж буй. Шүүхийн байшинтай холбоотой асуудалд хариулт өгье. Эхлээд стандартыг нь гаргаж өгч байгаа юм. Түүнээс цаашхи шүүхийн барилга байгууламжийн асуудал нь Шүүхийн зөвлөлдөө очно. Гол нь хаана бичигдэх нь гол биш, хуулийн байгууллагын барилгууд шуурхай баригдан ашиглалтад орж, хэвийн үйл ажиллагаа явагдаж байх нь чухал" гэж хариуллаа.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Б.ЭНХ

 

0 сэтгэгдэл:

Post a Comment