2014/10/01

Женкогийн нохойд барих мод

Давхар дээлээ тайлсан УИХ-ын гишүүн Х.Баттулга "Монгол тулгатны 100 эрхэм" хэмээх нэвтрүүлгийн хөтлөгч болж, давхар дээл дахин өмсчээ. Өдгөө уг нэвтрүүлгийн санхүүжүүлэгч нь Женко Баттулга болсныг зарим нэг нь анзаараагүй байх. Гэвч уг нэвтрүүлгийн мөн чанар бүрэн алдагдаж, зөвхөн түүний бодож санаж байгаа болон тэмцэл тулааных нь зэвсэг болон хувирсныг сүүлийн хагас жилд дэлгэцээр хангалттай харлаа. Тэрээр сайд хийх хугацаандаа төмөр замын царигийн асуудлаар тэмцэл өрнүүлсээр олон ч дайсантай болж, бас тэр хэрээрээ олон фэнтэй болсон.

Түүний улс төр хийгээд улс орны цаашдын хөгжилд хандах хандлага нь Оросоос ихээхэн хамааралтай болсныг гэрчилдэг. Төмөр замыг Орос ноёдын таашаалд нийцүүлж, өргөн царигаар тавих бодлогоосоо ухарч няцахгүй гэдгээ олон зүйлээр харуулаад байгаа. Орос эхнэртэй түүнийг хойд хөршийн олигархи Дерпаска болон Оросын төмөр замчин Якунин нарын гарын хүн болсон гэдгийг хэн хүнгүй мэднэ. Хамгийн сүүлийн жишээ л гэхэд тэр өөрийнхөө дайснаар тодруулаад буй Ерөнхий сайд Н.Алтанхуягт Якунинаар заналхийлсэн захидал бичүүлж дөнгөсөн. Уг захидал хэвлэлээр тархаснаас болж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хэд хэдэн ажилтан халагдсан талаар мэдээлэл гарч байсан. Тэд уг захидлыг задруулсан уу, аль эсхүл нэг хувь нь мань Женкод байсан уу, чөтгөр бүү мэд. Ямартаа ч хоёр хүний хооронд бичилцсэн захидал эзэндээ хүрээгүй шахам байхдаа олон нийтэд тархсан юмдаг.

Өнөөдөр Орос Хятад хоёр ор хөнжилдөө орсон янагууд мэт харагдавч хэзээ ч шийдэгдэхгүй ээдрээтэй асуудлууд түм бумаараа бий. Тухайлбал, Оросын бүс нутгуудад суурьшсан хэдэн сая Хятад иргэн, газар нутгийн маргаантай асуудлууд, цаг үеийн асуудлаас болж хийгдсэн тэгш бус гэрээ гээд хоёр хөршийг маань тун удахгүй эвдрэлцүүлэх асуудлууд бийг санахад илүүдэхгүй биз ээ. Тийм ч учраас хоёр хөршийн аль аль нь манай улсыг нэг нэгнийхээ эсрэг турхирахаа сайн мэднэ. Хятадын аюулын талаар Оросууд үнэндээ юу ч мэддэггүй нь тус хоёр улсыг олон жил тусгаарлан суусан Монголчуудын гавьяа гэлтэй.

Хятадын ерөнхийлөгчийн айлчлалын үеэр урсгал сөрөн мань Женко гүйсэн гэдэг. Үүнийгээ тэрээр "Би өглөө болгон Энхтайвны гүүр давж гүйдэг юм" хэмээн тайлбарласан. Үүнийг үнэн гэж бодъё. Тэгвэл яг тэр үеэр Женко Баттулга "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн багаа дагуулан Далай лам дээр очин нэвтрүүлэг хийснийг юу гэж үзэх вэ? Энэ нэвтрүүлэг нь өдийг хүртэл гарсангүй. Гэтэл бас нэг нэвтрүүлэг хийчихжээ, мань эр. Уг нэвтрүүлгийн гол баатар нь хэн гээч? Алдарт Н.Энхбаяр. Энэ хүн мөлжүүрээ өгдөггүй яс гэлтэй. Хаана л дайсагнал, хар хор, холион бантан, идэж уулт байна, тэнд л Н.Энхбаярын нэр зоолттой байдаг. Одоо бүр хэн нэгний дайсагналын зэвсэг болж хувираа юу гэлтэй.

Уг нэвтрүүлгийн гол сэдэв нь гурван хүнийг хараан зүхүүлэхэд оршсныг тус нэвтрүүлгийн багийнхан нь нуулгүй ярьдаг гэнэ. Мэдээж хэрэг Н.Энхбаярын заналт дайснууд гэгдэх С.Баяр, Сү.Батболд, ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гурав ажээ. Дээрээс нь нэмээд Н.Алтанхуягийг муулуулах гэсэн боловч сүүлийн үед сүжрээд байгаа Ерөнхий сайдыг Н.Энхбаяр муулахгүй гээд гэдийгээд суучихсан гэнэ. Н.Энхбаярын хүмүүс энэ засагтай хамтран бондын мөнгөнөөс цохилцож байгаа учраас тогоотой хоол руугаа нулимахыг хүсээгүй бололтой. Бас цагтаа тулахаар засгаас гарахыг ч хүсэхгүй байгаа нь ойлгомжтой. Тэр ч бүү хэл Н.Энхбаяр Алтангадас фракцын хооронд ирэх дөрвөн сонгуульд хамтран оролцох гэрээ хийгдсэнийг МАХН-ынхан үгүйсгэхгүй байгаа юм. Тийм ч учраас Н.Энхбаяраар нөгөө гурвыг нь газар доогуур ортол нь муулуулжээ. Гэвч өнөөдрийг хүртэл уг нэвтрүүлэг цацагдаагүй байна. Нэвтрүүлгийг гурав хувилсан бөгөөд телевизээр цацах асуудлыг нь Hero хариуцна. Мөн Н.Энхбаярын багийнханд нэг хувь нь очсон бол Женко гурав дахь хувийг нь авч, сошиал ертөнцөд цацахад бэлэн болжээ. Гэхдээ тэр уг нэвтрүүлгийг гаргахаасаа илүүтэйгээр наймааны хэрэглүүр болгон ашиглахыг зорьсон гэж эх сурвалж мэдээлж байна. Женко Баттулга дээрх гурван эрхэмтэй уг нэвтрүүлгээр наймаалцахыг хүссэн гэх боловч цаадуул нь толгой сэгсэрсэн юм байх. Өнөөдөр С.Баяр, Сү.Батболд, У.Хүрэлсүх нар Монголын улс төрд эргэн ирж байгаад Солонгост амьдарч буй Н.Энхбаяр боож үхэх шахаж байгааг МАХН-ынхан их л бахдалтай ярих юм.

Уг нэвтрүүлгийн санаа нь хойд хөршид бичигдсэн байх гэсэн таамаглалыг нэгэн эрхэм огтхон ч эргэлзээгүйгээр хэлнэ билээ. Үүнийгээ тэр маш учир жанцантайгаар тайлбарлаж байгаа. Далай лам, дараа нь Оросод элэгтэй гэгддэг Н.Энхбаяраар үргэлжилж байгаа уг нэвтрүүлэг нь Монгол төр хийгээд улс төрчдөд итгэх итгэлийг гээгдүүлэх зорилго агуулж байгааг тэр цохон тэмдэглэж байна. Ямартаа ч нэвтрүүлэг гарах эсэх нь тодорхойгүй ч дээрх эрхмүүдийг Н.Энхбаяраар газар дор ортол нь муулуулжээ.

Ю.АЛТАНЗУЛ

Эх сурвалж: www.24tsag.mn

 

 

0 сэтгэгдэл:

Post a Comment