2014/10/24

Хуурамч гэрээ хийсэн гэх Н.Дэмбэрэл ажлаасаа гарчээ

МАН-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Т.Гантулга, Эрх зүйн бодлогын газрын дарга Д.Мөрөн, МАН-ын бүлгийн Ажлын албаны дарга Ш.Раднаасэд нар хэвлэлийн бага хурал хийж, ТЕГ-аас хийсэн мэдээлэлд няцаалт өглөө.

ТЕГ нь Ерөнхий сайдын гар хөл болж, улс төрийн шинжтэй байгууллага болсон тохиолдлууд удаа дараа давтагдаж байна гэж тэд мэдэгдэв.

Энэхүү хэвлэлийн бага хурлын үеэр АН, МАХН-ын хамтран ажиллах гэрээний хавсралт гэх гэрээг "МАН хийгээгүй"  гэж тэд мөн мэдэгдлээ.  ТЕГ-ын ажилтнууд   МАН-ын байранд  прокурорын зөвшөөрөлгүй  нэвтэрч, компьютер  хураасан, хэвлэл мэдээллийн ажилтнаас  шөнийн цагаар  тулган   шаардаж, мэдүүлэг авсан гэж  МАН-ын төлөөлөгчид ярилаа. МАН-ын зүгээс   гүтгэлгийн  шинжтэй мэдээлэл тараасан асуудлаар прокурор болон холбогдох хууль хяналтын  байгууллагад  хандана гэдгээ мэдэгдээд байна.

МАН-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Т.Гантулгаас зарим асуултад хариулт авлаа.

-Танай хэвлэлийн ажилтнууд  нууц гэрээ  гэдэг зүйлийг  МАН-аас тараасан гэж тагнуулынханд мэдүүлсэн юм уу?

-Энэ бүх үйл ажиллагаа улс төрийн захиалгаар хийгдсэн. Өнгөрсөн шөнө буюу аравдугаар сарын 22-ны 01.00 цагаас эхлэн МАН-ын байранд  зөвшөөрөлгүй нэвтэрч, комьпютерийн хард хурааж, гэрээт ажилтан залууг хууран мэхэлж, ТЕГ-т аваачин,  мэдүүлэг авсан байна. Мөн МАН-ын хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтнуудын гэрт  нэгжлэг хийж, олон цагаар байцаасан. Ингэхдээ ТЕГ-аас нууц гэрээ гэгчийг хуурамчаар үйлдэж тараасан гээд байгаа Н.Дэмбэрэл болон МАН-ын удирдлагын түвшний нэг ч хүнээс тайлбар мэдүүлэг аваагүй. Бүр гэрээт ажилтан залууд "Намынхаа дарга нарт мэдэгдээд хэрэггүй биз дээ" гэх зүйлийг тагнуулынхан өөрсдөө хэлсэн  байна лээ.

-Н.Дэмбэрэл хэзээ ажлаасаа чөлөөлөгдсөн хүн бэ. Ямар үндэслэлээр чөлөөлөгдсөн  бэ?

-Өөрийн хүсэлтээр ажлаасаа  гарсан. Энэ бол хувь хүний эрхийн асуудал. Тагнуулынхан энэ хүнээс ямар ч тайлбар аваагүй нь хардлага төрүүлж байна. Тагнуулын газар төрийн эсрэг гэмт хэргийг  шалгах ёстой байгууллага болохоос Н.Алтанхуяг гэдэг хүний мөрдөн шалгах товчоо биш. Мэргэжлийн бус хүнээр ТЕГ-ын удирдлагыг томилсон нь ийм байдалд хүргэж байна. Хуулинд шөнийн цагаар зөвхөн хойшлуулшгүй ажиллагааг гүйцэтгэнэ гэж заасан байдаг.

С.ОТГОН

0 сэтгэгдэл:

Post a Comment