2014/10/21

Хямралаас гарах төсөв болж чадах уу?

УИХ-ын чуулганы хуралдаанаар 2015 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Гишүүдийн  олонх нь Ерөнхий сайд,  ажлын албаныхнаас  асуулт асууж  байна. Ерөнхийдөө  2015 оны төсвийг хямралаас гарах төсөв болж чадах уу гэх асуултыг гишүүд тавьж байна. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан эдийн засгийн өсөлт 2015 онд 10 хувь байна гэж баталчихаад 30 хувиар бууруулж байгаа үндэслэлийн талаар тодруулсан.  Энэ асуултад Сангийн дэд сайд С.Пүрэв "Төсвийн төсөлд орон тоог аль болох бууруулах бодлого баримталсан ч шинээр  ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийн боловсон хүчний тоо 1714 хүнээр нэмэгдсэн. Гэхдээ Засгийн газрын шийдвэрээр 1000, УИХ-ын шийдвэрээр 139 орон тоо багассан"  болохыг онцолсон. Харин агентлагуудын дэд дарга, даргын зөвлөхийн орон тоог цомхотгох асуудлаар ажлын хэсэг гарсан ч эцсийн шийдвэр гараагүй байгаа  аж.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл Засгийн газрын тусгай сангуудад хичнээн төгрөг төвлөрч байгаа  болон  тусгай сангуудыг цэгцэлсэн эсэхийг тодруулсан юм. Одоогийн байдлаар  1.6 их наяд төгрөгийн зарлагатай 30 гаруй тусгай сан  байдаг аж. Эдгээр  тусгай сангуудыг татан буулгах, үйл ажиллагааг шинэчлэн зохион байгуулах асуудлыг зохицуулах хуулийн төсөл Засгийн газарт яригдаж байгааг ажлын хэсгийнхэн хэллээ.

Түүнчлэн сөрөг хүчний зүгээс  орон нутагт  маш бага төсөв хуваарилсныг шүүмжилж байв. Тухайлбал, нэг аймагт 13 төсөл хөтөлбөрийн дунд нийтэд нь зургаан тэрбум төгрөг  хуваарилсан нь учир дутагдалтай гэж байв. Энэ асуудалд Засгийн газрын тэргүүн   хөрөнгө оруулалтын 1/4 орон нутагт шилжүүлэх зарчмын хүрээнд төсвийг  боловсруулсан гэж тайлбарлалаа. 2015 төсвийг хэлэлцэх явцад  хэд хэдэн гишүүнээс урсгал төсвийг нэмэгдүүлэхгүй гэсэн ч нэмэгдэж орж ирснийг лавлаж байсан. Үүнд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт  "2015 оны төсвийг боловсруулахдаа урсгал төсвийг өсгөхгүй байх бодлого баримталсан. Гадаад томилолтын зардлыг 2 тэрбум, тавилгад зарцуулах хөрөнгийг 4.8 тэрбум, эм эмнэлгийн хэрэгслээс 6.1 тэрбум, бусад урсгал зардлыг 69 сая төгрөгөөр бууруулсан. Харин өнгөрсөн оны цалин хөлсний нэмэгдэл, боловсрол, үйлчилгээний  гэсэн зайлшгүй салбаруудад урсгал зардал нэмэгдсэн зүйл  бий. Бусдаар тэвчиж болохыг зардлыг танасан" гэх хариулт өглөө. Гишүүдийн асуулт хариулт үргэлжилж байна.

С.ОТГОН

 

0 сэтгэгдэл:

Post a Comment