2014/11/27

Д.Ганхуяг БНАСАУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

"Цэнхэр сүлд" төрийн бус байгууллага Зэвсэгт мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэхийн төлөөх дэлхийн түншлэл /Global Partnership for the Prevention of Armed Conflict - GPPAC / байгууллагатай хамтран "Зүүн хойд Азийг цөмийн аюулаас ангижруулах нь" сэдэвт олон улсын бага хурлыг Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамны ивээл дор 2014 оны 11 дүгээр сарын 26-27-нд Улаанбаатар хотноо зохион байгуулсан билээ. 

Энэхүү бага хуралд оролцож буй Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Хөдөлмөрийн намын Төв Хорооны харьяа Үндэсний энх тайвны хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга О Рен Ил-ийг ГХЭЗХА-ны дэд сайд Д.Ганхуяг 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг тогтмолжуулах, Солонгосын хойг болон бүс нутгийн хэмжээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцов.

Дэд сайд Д.Ганхуяг ЗХА-ийн аюулгүй байдлын асуудлаарх "Улаанбаатарын яриа хэлэлцээ"-ний хүрээнд зохион байгуулагдаж буй арга хэмжээнүүдэд БНАСАУ-ын тал бүхий л түвшинд идэвхтэй оролцож байгаад баяртай байгаагаа илэрхийлж, Монгол Улс цаашид ч бүс нутгийн улс орнуудын хооронд харилцан итгэлцлийг бий болгох, тулгарч буй аливаа асуудлыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхийн төлөө ажиллахаа тэмдэглэв.

Солонгосын тал СХН-ын Төв Хорооны харьяа Үндэсний энх тайвны хорооны үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулж, ЗХА, Солонгосын хойгийн энх тайван, аюулгүй байдлыг хангахын төлөө "Цэнхэр сүлд" ТББ болон бусад олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлж байв.     

GPPAC-ийн шугамаар зохион байгуулагдаж буй энэхүү бага хуралд Улаанбаатар, Токио, Киото, Пхеньян, Сөүл, Владивосток, Бээжин, Хонконг болон Тайпэй зэрэг хотын төлөөлөгчид оролцож, байр сууриа илэрхийлэв.

Эх сурвалж: mfa.gov.mn

0 сэтгэгдэл:

Post a Comment