2014/11/27

Хүн амын хөгжлийн бодлогыг тунхагийн чанартай гэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд олонхи гишүүн дэмжсэнээр "Төслийг хэлэлцэх нь зүйтэй" хэмээн үзлээ.

Хүн амын зүйн ачаалал 2011 оноос хойш тогтвортой өсч, 15-59 насныхан дийлэнх хувийг эзлэх болжээ. Энэ нь хөдөлмөрийн насныхан бусад насныхнаас хамгийн өндөр хувьтай байгааг харуулж буй аж. Улс орнууд энэхүү хүн амын цонхны үеийг ашиглаж, эдийн засгийн өсөлтөө хангадаг. Тиймээс Монгол Улс хөдөлмөрийн насныхныг ажлын байраар хангахаас эхлээд хөгжил, хамгааллын асуудлыг бодлогын төвшинд нь шинэчилж, илүү холыг харах. Мөн хүн амын цонхны үе дуусч, тэтгэвэрт гарахад ямар байдал үүсэх вэ түүнийг хэрхэн зохицуулах вэ гэдгийг хууль эрх зүйн хүрээнд зарим зохицуулалтыг хийх шаардлага тулгарсан байна. Тиймээс Засгийн газар дээрх тогтоолын төслийг боловсруулжээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Монгол Улсыг монгол хүн л хөгжүүлнэ. Хүнээ хөгжүүлэх асуудлыг цогцоор нь бодлогод суулгаж өгөх ёстой. Дээр нь бүсчилсэн хөгжлийн асуудал ч мөн хамаарна" гэж онцолсон бол УИХ-ын гишүүн Р.Амаржаргал хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого нь тунхагийн чанартай болсон учраас дэмжих боломжгүй гэж байр сууриа илэрхийлэв.

Мөн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Нэгдүгээр ангид зургаан настнууд элсэн суралцдаг болсноор хөдөөгийн гэр бүлүүд хоёр тусдаа амьдрах болж, энэ нь эргээд гэр бүл салалтад нөлөөлөх болсон. Хөдөөд ажлын байр байхгүйгээс хот руу ирж төвлөрдөг. Ядуу тарчиг амьдралын тухай яриад байх авч энэ мэт асуудлыг олж харж, шийдлийг гаргаагүй цагт УИХ-аас хэчнээн ч бодлого баталлаа ч хүндээ хүрэхгүй" гэсэн юм.

Ийн асуудлыг талууд нэлээд ярилцсаны эцэст санал хураахад тогтоолын төсөл дэмжлэг хүлээж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.

Г.ДАРЬ

 

0 сэтгэгдэл:

Post a Comment