2014/11/26

Ерөнхий сайд хууль зөрчсөн үү?

Засгийн газрын хуралдаанаас өчигдөр Авлигатай тэмцэх газрын дэд даргын алба хашиж байсан Б.Хурцыг Тагнуулын ерөнхий газрын даргаар томилсон нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болж, улстөрчдөд бас нэгэн ажил нэмэгдлээ.

Хуульд зааснаар Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох, чөлөөлөх бол УИХ-аар асуудлыг оруулж, хэлэлцүүлэн батлуулдаг юм байна. Нэг үгээр хэлбэл, УИХ-аас Б.Хурцыг Авлигатай тэмцэх газрын дэд даргаас нь чөлөөлөөгүй байхад Тагнуулын ерөнхий газрын даргаар томилсон нь асуудал үүсгэж эхэллээ.

Зарим цахим хэвлэлд энэ асуудлыг хуульчид Үндсэн хуулийн цэцэд өгөхөөр бэлтгэж байгаа тухай мэдээлж буй. Гэхдээ Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар өнөөдөр 11.30 цагт холбогдох албаны хүмүүс хэвлэлийнхэнд мэдээлэл хийхээр болоод байна.

Мөн УИХ-ын даргын тодотгосноор өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хороог хуралдуулж, Авлигатай тэмцэх газрын дэд дарга Б.Хурцыг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, УИХ-д оруулж ирэх юм байна. Улмаар энэ асуудлыг УИХ хэлэлцэн, шийдвэрлэх чиг барьж буй аж.


Сануулахад, Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг зарим агентлагийн дарга нарыг өөрчилж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга С.Буяндалайг чөлөөлж, Б.Билэгтийг,

Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Ариунсанг чөлөөлж Б.Хурцыг,

Цагдаагийн Ерөнхий газрын дарга С.Баатаржавыг чөлөөлж, Р.Чингисийг,

Татварын Ерөнхий газрын дарга Т.Батмагнайг чөлөөлж Б.Ариунсанг тус тус томилсон билээ.

 

Г.ДАРЬ

 

0 сэтгэгдэл:

Post a Comment