2014/11/20

“Нүүрээ угаагаад нөгөө хувцсаа өмсөөд ороод ирлээ”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэх асуудалтай холбогдуулж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей нар Ерөнхий сайдад нэр дэвшигчийн талаар танилцуулсан юм.

 

Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэг  нь 1969 онд Дорнод аймгийн Сүмбэр суманд төрсөн. 1986 онд Нийслэлийн 10 жилийн 45 дугаар дунд сургууль, 1991 онд Москва хотын Хүмүүнлэгийн их сургуулийг түүхийн багш мэргэжлээр, 1995 онд Монгол Улсын Их Сургуулийг хуульч мэргэжлээр, 2002 онд АНУ-ын Вашингтон хотын Жорж Вашингтоны их сургуулийг тус тус төгссөн.  Хууль зүйн ухааны магистр юм байна.

Танилцуулгын дараа УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Ерөнхий сайдад нэр дэвшигчид хандан асуулт тавилаа. Тэрээр "Эдийн засгийн хямрал улстөрийн хямралтайгаа хослоод эхэллээ. Хэрвээ улс төрийн хатуу сорилыг давж чадахгүй, бүлэглэлийн эрх ашгаар төсөөлөөд байвал улс орныхоо ачааг авч явж чадахгүй. Мэргэжлийн баг бүрдүүлээд ажиллавал, ачааны ард гарна. Тэгж чадахгүй бол хар түүх давтагдана гэлээ.

Үүнд нэр дэвшигч Ч.Сайханбилэг: Эдийн засгийн хямрал улс төрийн хямрал болж магадгүй гэдэг болгоомжлолтой санал нэг байна. Шинээр байгуулагдах Засгийн газар бүтээлч байдлаараа хариулт өгч чадна. Би аливаа ажлыг сайн менежэр нугалдаг гэж боддог. Сурсан мэдсэнээ олонхи дээрээ тулгуурлаж явуулснаар үр дүнтэй ажиллаж чадах болов уу.

УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар: Хямралыг зогсоох арга замыг та юу гэж харж байна вэ. Сайн менежер байснаар шийдэхгүй. Шударга хүмүүсээр Засгийн газраа бүрдүүлж чадах уу. Хэчнээн ажил хийе гэвч авлига хээл хахуульд нэр холбогдсон, ёс зүй, нэр төрийн хувьд сэвтчихсэн хүмүүсээр Засгийн газрын танхимыг бүрдүүлбэл шинэ харагдаж чадахгүй?

Нэр дэвшигч Ч.Сайханбилэг: Хямралыг зогсоох талаар арга хэмжээний төлөвлөгөө гаргана. УИХ-ын 34 дүгээр тогтоолоор үндсэн хана нь гарсан. Засгийн газрын мөрийн хөтөлбөр үргэлжлээд явна. Хямралтай холбоотойгоор жижиг өөрчлөлтийг хийнэ. Зөвшилцөл бий болгохын төлөө ажиллана.

Ажлын ачаалал дааж явах хүмүүсээр  танхимаа бүрдүүлнэ. УИХ дээр дийлэнх олонхийн дэмжлэг авсан Засгийн газар бүрдүүлэхийн төлөө ажиллана.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Та өмнөх Засгийн газарт Хэрэг эрхлэх газрын дарга гээд  явж байсан хүний хувьд хуучин кабинетаасаа хүмүүсээ оруулах уу. Нэрлэх боломж бий юу.

Нэр дэвшигч Ч.Сайханбилэг: Ардчилсан намын ҮЗХ-ноос бүх намуудтай зөвшилцөх үүрэг өгсөн, хамтарч ажиллах нь намуудын өөрсдийнх нь шийдэх асуудал гэсэн хариулт өглөө.

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайдад нэр дэвшигчид хандан "Нүүрээ угаагаад, нөгөөгөө хувцсаа өмсөөд ороод ирлээ. Таныг өнөөдөр Ерөнхий сайдаар томилно. Гэхдээ та аль хэдийнэ ялагдсан шүү" гэж байр сууриа илэрхийлсэн юм.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ

0 сэтгэгдэл:

Post a Comment