2014/12/19

11574 хүнийг цомхотгоход 38 тэрбумыг тэтгэмжид олгоно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулж мэдээлэл хийсэн юм. Үүнтэй холбоотойгоор гишүүд Ерөнхий сайдад асуулт тавьж хариулт авч байна.

Тухайлбал, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт "Цаашдаа гарах шийдвэрүүд хүнд байх нь. Хүүхдийн мөнгийг зорилтот хэсэгт өгье, тэтгэвэрт гарах төрийн албан хаагчдын нэг удаагийн тэтгэмжийг гурав дахин багасгая, төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхээ болъё. Алдарт эхийн одонгийн мөнгийг өгөхөө зогсооё гэдгээ та хэллээ. Энэ бүхэн юунаас болчих вэ. 2012 онтой харьцуулахад, өнөөдөр инфляци өсч 11.5 хувьд хүрсэн, гадаадын хөрөнгө оруулалт зургаа дахин буурсан, төлбөрийн тэнцлийн алдагдал ихэссэн, банкны чанаргүй зээлийн хэмжээ өссөн, төсвийн орлого 1.1 их наяд төгрөгөөр тасарсан. Ирэх онд цалин, тэтгэврийг цаг хугацаандаа тавьж чадах уу үгүй юу гэмээр  макро эдийн засаг хэд дахин унасан байна. Бүсээ чангалахын тулд ард түмний халаас руу гар дүрж, хариуцлагыг нь МАН хамтдаа хуваалцах болж байна. Өнгөрсөн хугацаанд бодлого буруу байж гэдгээ хэлж болох уу" гэв.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Байдал таны хэлсэнтэй адил байгаа. Өнөөдөр үүссэн асуудлыг тэр улстөрчөөс болсон гэвэл явцуу юм руу орно. Ер нь гадаадын хөрөнгө оруулалтын урсгал хаагдсан нь УИХ-аас баталж байсан олон хууль, тогтоомжтой холбогдоно. Урт нэртэй хууль, 106 лицензийн асуудал, Оюутолгой, Тавантолгой зогссон зэрэг нь хөрөнгө оруулагчдын итгэл алдсан. Түүнээс болж хөрөнгө оруулалт 7.5 дахин буурсан. Тиймээс ирэх онд ямар арга хэмжээ авах ёстой вэ гэдгээ УИХ-д танилцууллаа. Төсвийн зардлыг танана гэдэг маань хөрөнгө оруулалт, цалин, тэтгэвэртэй хамаарахгүй" гэлээ.

Мөн УИХ-ын гишүүн А.Бакей, О.Баасанхүү нар төрийн албан хаагчдыг ажлаас чөлөөлөхөд хэдий хэмжээний зардал гарах талаар тодрууллаа.

Сангийн сайд Ж.Эрдэнэбатын тайлбараар 11574 төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөхөд ажилгүйдлийн тэтгэмжид 38 орчим тэрбум төгрөг гаргах болж байгаа аж. Тиймээс Засгийн газрын хуралдаанаар эл асуудлыг хэлэлцээд цомхотгол хийхгүй байх талаар тогтсон гэнэ.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин "Гадаадын хөрөнгө оруулалтаар жилдээ 4.6 тэрбум ам.доллар орж ирдэг байсан бол одоо 700-800 сая ам.доллар болж буурсан. Ийм байдалд хүрэхэд хувийн хэвшлийнхний ажлыг хийлгээгүйтэй холбоотой. Татварынхан шалгана, хууль хяналтынхан шалгана. Хувийн хэвшлээр ажлаа хийлгэчихээд мөнгийг нь өгдөггүй, гэтэл банкнаас авсан зээлийнх нь өр нэмэгдээд явж байдаг. 3500 компанийн удирдлагыг шалгасан гэсэн мэдээлэл бий. Ер нь УИХ-д энэ тухай ярьж суухаар хувийн хэвшлийнхэнтэйгээ уулзаад "Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд алдаа гаргалаа, үүнээс хойш шалгахгүй, хянаж байгаа юмыг зогсооно. Бизнесээ амар тайван эрхэл, бизнесийг дэмжих хууль батална, гүйцэтгэсэн ажлын хөлсийг өгнө гэдгээ хэлээд уучлал гуйх ёстой. Цаашдаа том төслүүдээ хөдөлгөх шаардлага байна" гэв.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Хувийн хэвшлийнхэнтэй уулзаад эхэлсэн, өөрчлөлтийг хийгээд эхэлсэн. Хүнд байдлаас гарахад хувийн хэвшлээ дэмжсэн төрийн бодлого дээр суурилж явна" гэсэн хариулт өглөө.

Ийн Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулж гишүүд асуултад хариулт авч дууссанаар өнөөдрийн чуулганы хуралдааныг өндөрлүүллээ.

Г.ДАРЬ

 

0 сэтгэгдэл:

Post a Comment