2014/12/21

Шилэн дансны хуулийг өглөө бүр унш

Шинэ оноос эхлэн тэмдэглэлийн дэвтэртээ Шилэн дансны хуулийг бичиж байх нь. Ийм хууль байгааг өглөө бүр санахын тулд өдөр бүр хийх ажлынхаа жагсаалтад оруулан дэвтэртээ тэмдэглэж, эсвэл нарийн бичиг, туслах нь дарга нартаа энэ хуулийг сануулж байхыг Төрийн тэргүүн захив.

Бусдад 10 мянган төгрөг зээлчихээд, түүнийхээ араас нэхдэг монголчууд бид дарга, даамлыг 10 тэрбумыг шамшигдуулсан гэхэд дуулаагүй, мэдээгүй юм шиг өнгөрдөг болжээ. Төрийн мөнгийг хайр гамгүй үрэн таран хийдэг үзэгдэл өнөөгийн нийгэмд байх л ёстой юм шиг хэвшсэн нь энэ биз ээ.

Тэгвэл монголчууд хөрөнгө мөнгөндөө хянамгай ханддаг болоход 10 хоног үлдэв. Байгууллага, аж ахуйн нэгжүүд сар бүр тайлан гаргадаг байсан бол долоо хоног бүр мөнгө санхүүгээ цэгцэлдэг болох юм.  Төрийн мөнгийг сайн манадаг байх, хяналттай зөв зарцуулдаг болох, хэрэв алдаа гаргавал хатуу шийтгэдэг байхаар Шилэн дансны хуулийг баталж, шинэ оноос хэрэгжүүлж эхлэх гэж байна. Ерөнхийлөгчөөс эхлээд аж ахуйн нэгжийн нягтлан бодогч бүр энэ хуульд анхаарлаа хандуулж  хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг базааж буй. Гэвч нэг их айж ичих зүйл биш гэдгийг Төрийн тэргүүн өнгөрсөн пүрэв гаригт болсон Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн зөвлөгөөнд үг хэлэхдээ онцолж байв. Тэрээр "Хариуцлага гэдэг юмыг чинь биежүүлээд ирэхээр ингэж харагддаг юм байна. Биеэр нь хараад ирэхээр, яг өөр дээр нь тулаад ирэхээр энэ албан тушаалтнууд айж эхэлдэг, мэгдэж эхэлдэг. Энэ хуулиас айгаад мэгдээд байх ямар ч шаардлага байхгүй. Шийдвэрээ хуулийнхаа дагуу, мэдээллээ хугацаанд нь гаргаад явахад болно. Албан тушаалтнууд ажил үүргийнхээ дэвтрээс "Шилэн данс"-ны хуулийг хэрэгжүүлэх ёстой гэдгээ заавал харж бай. Эсвэл өглөө бүхэн "Шилэн данс"-ны хууль байгааг надад сануулж бай гээд өөрийнхөө туслахад хэлэх хэрэгтэй. Тэр хуульд надаас хамаарах ямар заалт байна, "Шилэн данс"-ны хуулиас болж би муу газрын хаалга татаж болохгүй гэдгээ сана" гэв.

Манай улсад төсвийн мөнгөөр амьдардаг, ажилладаг байгууллагын тоо 5000-д хүрчээ. Бүх сургууль, эмнэлэг, цэцэрлэг, Тамгын газар, төрийн захиргааны байгууллага, агентлаг, хэлтэс гээд оруулахад ийм тоо гарсан байна. Тэгэхээр Шилэн дансны хуулийн тухай мэдээлэл тавих эрх үүрэгтэй 5000 албан тушаалтан байх аж.Одоо энэ тоог аймаг, суманд, нийслэлд хэд нь байгааг нарийвчлан гаргах ажлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хүлээжээ. Дээр нь 51хувиас дээш төрийн өмчтэй аж ахуйн нэгжүүд нэмэгдэнэ.

Үүнд арван сая төгрөгөөс дээш үнийн дүнгээр улс, орон нутгийн төсөв, Засгийн газрын болон орон нутгийн тусгай зориулалтын сан, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт, санхүүжилт хамаарна. Мөн Засгийн газар, түүний харьяа байгууллагаас гаргасан бонд, үнэт цаас, өрийн бичиг, баталгаа, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний дагуу хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөр, арга хэмжээний дагуу санхүүжиж байгаа этгээд нь нийт төсөвт өртөг, хэрэгжилтийн явц, үе шат, зарлага, санхүүжилтийн мэдээллийг Засгийн газраас тогтоосон журмын дагуу улирал бүр мэдээлэхээр хуульчилсан.

Ингэхдээ тухайн байгууллага нь шилэн дансны мэдээллийг өөрийн цахим хуудсаар хүргэнэ. Цахим хуудас нь шилэн дансны бие даасан цэстэй байх, мэдээлэл татаж авах, хэв­лэх боломжтой байх юм. Мэдээлэлтэй холбоотой тодруулга өгөх албан тушаалтны нэр, утас, цахим хаягийг байршуулсан байх ёстой. Хэдийгээр юм бүхэн шилэн боллоо гээд цахи­маар мэдээлээд зогсох­гүй заавал цаасан дээр тэмдэглэж үлдээх нь оновч­той гэсэн санаа сүү­лийн үед нэлээд явж буй.

Ганцхан төрийн нууцад хамаарах төсөв, үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон гүйцэтгэх ажил эрхлэх эрхтэй байгууллагын гүйцэтгэх ажилтай холбоотой төсөв, гүйцэтгэл, хэрэгжилт, тайлагнал энэ хуульд хамаарахгүй юм байна.

Энэ хуулийн дагуу байгууллагууд тайлангаа гаргахдаа хагас жилийн төсвийн гүйцэтгэлийг жил бүрийн наймдугаар сарын 15-ны өдрийн дотор, өмнөх оны төсвийн гүйцэтгэлийг жил бүрийн дөрөв дүгээр сарын 25-ны өдрийн дотор, сар, улирлын гүйцэтгэлийг дараа сарын 8-ны өдрийн дотор гаргана. Дараа жилийн төсвийн төслийг жил бүрийн есдүгээр сарын 15-ны өдрийн дотор, жилийн эцсийн санхүүгийн тайланг дараа жилийн дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн дотор, хагас жилийн тайланг наймдугаар сарын 15-ны өдрийн дотор мэдүүлэх аж.

М.ГАН

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

 

0 сэтгэгдэл:

Post a Comment