2014/12/21

Орших уу, эс орших уу?

-Эдийн засгаа, төсөв мөнгөө цэгцлээд явах нэг зам байна, эсвэл бие биенээ үргэлжлүүлж хуурсаар, зориг ажлыг мохоосон популизмдаа бууж өгсөөр бүхнээ тавьж туух нөгөө зам байна-

Шийдлийн гэсэн тодотголтой ч бодит утгаараа Их эвслийн Засгийн газрын тэргүүний өнгөрсөн Баасан гаригийн УИХ-ын чуулганд хэлсэн үг олон хүнд итгэл найдвар төрүүллээ. Юун түрүүн улс орны эдийн засаг ангалын өмнө ирээд байгааг хүлээн зөвшөөрч, үүнээс санхүү, төсвийн бодлогын эргэлт хийж гарах ёстой хэмээн мэдэгдлээ. Шинэхэн Ерөнхий сайдын өгсөн мэдээллээр Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн гол үзүүлэлтүүд дараах байдалтай байгаа аж.

"Уул уурхайн болон хөдөө аж ахуйн салбарт 16 орчим хувийн өсөлт гарч, 2014 онд эдийн засгийн өсөлт 7 орчим хувьд хүрэхээр байгаа боловч, худалдаа болон барилгын салбар 5-10 хувиар унахаар байна. Төсөв, мөнгөний тэлсэн бодлого явуулж, Засгийн газрын бондыг гадаад, дотоод зах зээлд их хэмжээгээр худалдаалах, Монгол банк болон Хөгжлийн банкнаас эдийн засагт их хэмжээний мөнгө оруулах замаар эдийн засгийн өсөлтийг 2013 онд хоёр оронтой тоонд хадгалж чадсан боловч, энэ инерци нь гадаад валютын орох урсгал төдийлөн нэмэгдээгүй үед эргээд төлбөрийн тэнцэлд дарамт учруулж, 2014 оны эхний 10 сарын байдлаар алдагдал 880 сая ам.долларт хүрч, гадаад валютын нөөц эрс буурлаа. Энэ нь төгрөгийн ханшийг огцом сулруулж, одоогоор нэг ам.доллар 1900 орчим төгрөг байна. Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш ийнхүү суларсан нь импортын бараа, бүтээгдэхүүнээр дамжин инфляцийн түвшинг өсгөж, 2013 оны аравдугаар сараас өнөөг хүртэл хоёр оронтой тооноос буурахгүй байгаа бөгөөд энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар инфляцийн түвшин 11.5 хувь байна. Инфляцийн түвшин 15 хувиас ингэж буусан нь нааштай үзүүлэлт боловч эдийн засгийн зөв бодлого гэхээс илүүтэйгээр түүний агшилтаас үүдэлтэй байна. Өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн улсын өрийн хэмжээ оны сүүлээр 11.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 53 хувь байх төлөвтэй байна. Үүнд, гадаадын хөнгөлөлттэй зээл 4 их наяд байгаа бол дотоод, гадаад бонд, баталгаа тус бүр 2.5-2.7 орчим их наяд төгрөгийн дүнтэй байна. 2013 онд банкны нийт системийн зээл олголт 54 хувиар өссөн ч 2014 онд 20 хувиас бага байх төлөвтэй байна. Өнгөрсөн жилд 30 орчим хувиар өсч байсан мөнгөний нийлүүлэлт энэ онд 9 хувьтай байхаар байна."

Энэ бол бодит байдал. Нэгэнт манайх, танайх гэлтгүй хамтран улс орноо удирдъя гэж тохирсон учраас нууж хаалгүйгээр сэтгэлээ онгойтол ярих боломж ирсэн нь энэ. Мэдээж Шийдлийн Засгийн газрын өмнө энэ байдлаас хэрхэн гарах вэ гэдэг хүнд бөгөөд шийдэхэд амаргүй асуултын тэмдэг байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ байдлыг Шекспирийн алдарт "Орших уу, эс орших уу"-н өмнө байна хэмээн томъёолж, амжиж хариу арга хэмжээ авч чадвал "ёроолдоо хүртэл арай уначихаагүй байна" гэлээ.

Өнөөгийн байдал нь сүүлийн хэдэн жил хэрэгжүүлж ирсэн алдаатай бодлогын шууд үр дүн гэдгийг хэллээ. Үүнд, манайх, танайх гэлтгүй улс орны залуур дээр сууж ирсэн бүх хүний буруу байгаа. Гэхдээ одоо буруутныг хайх биш цаашаа хэрхэн зөв алхах вэ гэдгийг ярих учиртай.

Зөвхөн сонгуулийн хожоо харсан халамжийн бодлого, мөнгөний хожоо харсан тулга тойрсон шийдвэрүүд, улс төрд мөнхийн найз, мөнхийн дайсан үгүй гэсэн үгээр бамбай хийн өнөөдөр хэлсэн үгээсээ маргааш буцсан урвалтууд, хүний оюун билэг, шинжлэх ухаан, онолд биш далдын хүчинд дөрлүүлсэн үйлдлүүд энэ бүхэн эцсийн дүндээ улс орныг буруу замд хөтөлсөн нь үнэн. Эдийн засгийн бодит байдлыг илтгэсэн тооноос илүүтэй Монгол төрийн нэр хүнд шалдаа буун, ард иргэд төрийн сүлдэндээ сүсэглэхээ больсон нь хамгийн том эмгэнэл. Алдсан нэр хүндийг сэргээнэ гэдэг амаргүй.

Хариу арга хэмжээ болгож юун түрүүн санхүү, төсвийн бодлогодоо эргэлт хийхээ Ерөнхий сайд мэдэгдлээ. Олон улсын санхүүгийн байгууллагууд болон мэргэжлийн хүмүүсийн шүүмжийг дагуулаад байсан улсын төсвөөс гадуурх мөнгийг нэгдсэн нэг төсөвт зангидах юм байна. Энэ чиглэлд хийх өөрчлөлтүүдийг удахгүй УИХ-д өргөн барих, батлагдаад 45 ч хоноогүй байгаа 2015 оны төсвийн тодотголд багтаан оруулж ирэхээ Ерөнхий сайд амаллаа. Мөн төсөв гэдэг УИХ-ын гишүүдийн хүслийн жагсаалт биш гэдгийг харуулна гэлээ. Хүслийн жагсаалтаа гүйцэлдүүлэхийн тулд төсвийн орлого, зарлагыг шат шатандаа 16-18 хувиар нэмдэг хорт зуршлыг хална гэлээ.

Хүүхдийн мөнгө, оюутны тэтгэмж, төрийн албан хаагчийн элдэв урамшуулал гэсэн халамжийн чиглэлийн бодлогуудыг хумьж, шинээр малын хөлийн татварыг оруулж ирэх нь. Үүрэг, чиглэл нь давхацсан хэн нэгэн, эсвэл хэсэг бүлэгт зориулагдан бий болгосон агентлагуудыг эмхэлж цэгцлэх нь. Хоёр жил шахам шүүмж дагуулаад байгаа үнэ тогтворжуулах хөтөлбөрийн зарим хэсгийг, тухайлбал, шатахууны үнэ тогтворжуулахаа зогсоох нь.

"Одоо ажил хийсэн ч, популизм ярьсан ч аль аль нь өөр өөрийн үр дагавар авчрах цаг үе ирлээ гэдгийг л шууд хэлье. Бид хүмүүст таалагдахгүй ч авах ёстой арга хэмжээ, хийх ёстой шийдвэрүүдээ гаргаад эдийн засгаа, төсөв мөнгөө цэгцлээд явах нэг зам байна, эсвэл бие биенээ үргэлжлүүлж хуурсаар, зориг ажлыг мохоосон популизмдаа бууж өгсөөр бүхнээ тавьж туух нөгөө зам байна" хэмээн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдэгдлээ.  Эхнийхийг нь сонговол оршино, хоёр дахийг нь сонговол эс оршино. Ардын үлгэрт гардаг шиг хэсэг зуурын амар дөт замыг сонгож эцэстээ сүйрэх үү, бартаа, саадтай замыг сонгож эцэстээ амар сайхан жаргах уу. Үлгэрийг сайхан жаргааж чадвал Ч.Сайханбилэгийн Засгийн газар "Шийдлийн" нэртэйгээ үлдэнэ, эс чадвал "Шидлийн" болон түүхэнд үлдэнэ.

Д.НАРАНТУЯА

0 сэтгэгдэл:

Post a Comment