2014/12/21

Нийтийн сонсголын хуультай болчихвол

Төрийн байгуулалтын байнгын хорооны маргаашийн хуралдаанаар хэлэлцэх эсэх нь шийдэгдэх нэгэн хуулийн төслийг агуулгатай болохыг "Хууль төрөхийн өмнө" булангаараа хүргэж байна.

Өнгөрөгч баасан гаригт Төрийн ордны их танхимд Шилэн дансны тухай хууль хэрэгжих цаг ойртож буйг сануулсан томоохон уулзалт болж өнгөрсөн. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ үеэр уг хуулийн ач холбогдлын талаар танилцуулсан бөгөөд бас өөр нэгэн хуулийн төслийн талаар онцолсон юм.

Түүний ийнхүү ач холбогдол өгөн байж онцолсон хуулийн төсөл нь "Нийтийн сонсголын тухай хууль" байв. Тэрээр,

-"Нийтийн сонсголын хууль" гэдэг бол яг "Шилэн данс"-ны хуультай адил энэ ардчиллыг амьдруулах юм. Ардчилал маань одоо үг, дүр л байна. Одоо энэ дүрээс нь гаргаж амьдруулъя. Нийтийн сонсголын хуулийн баталснаар:

Нэгд, хууль тогтоох, хяналт тавих сонсголтой болно. Нэг албан тушаалтан зөрчил гаргахад шууд дуудаж ирээд, телевизээр харуулж "Би зөвхөн үнэнийг хэлнэ" гэж тангараг өргүүлээд УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөгчийн хувьд  асуух зүйлээ асууж, хэлэх зүйлийг нь хэлүүлээд  хариуцлага тооцохоор бол тэгэх дүгнэлт  гаргаад явуулж байх болно. Энэ нь зөвхөн УИХ дээр бус нийслэл, дүүрэг, аймаг, суманд бас байж болно. Ингэж байж ардчилал амьдарна. Одоо үүнийгээ хийх зориг зүрх суух хэрэгтэй. 25 жил дураараа байлаа. Хангалттай шүү дээ,

Хоёрт, төсвийн сонсгол гэж бий. Төсвөө яаж зохиосон юм, яаж баталсан юм, яаж зарцуулсан юм, энэ бүхнийг иргэд цуглаад сонсож байх ёстой. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дээр сонсож байх ёстой.

Гуравт, орон нутгийн сонсгол гэж байгаа. Орон нутагт хордоод байна гээд ярьдаг. УИХ-ын байнгын хорооны гишүүд тэнд очоод сонсож болно. Яг хордсон юм уу,  ер нь юу болчхоод байна гэдгийг сонсох юм. Аймгийн Иргэдийн Хурлын гишүүд суманд очоод сонсгол хийж болно. Ийм боломж, арга хэрэгслийг таны гарт өгч байгаа юм.

Дөрөвт, захиргааны сонсгол гэж байна. Гаргасан бүх шийдвэр дугаартай, ил тод байх ёстой. Тэр нь тодорхой стандарттай, бас хадгалагддаг байх учиртай. Нэг шийдвэр алга болсон эсвэл хэрэгжээгүй бол түүнтэй холбоотой сонсгол хийж болно.

Тавд, томилгооны сонсгол байж болно. Хүнийг буруу зөрүү томилсон байж магадгүй" гэсэн юм.


Ийнхүү таван сонсголыг тоочсон бөгөөд мөн  төсөлд ерөнхий хяналтын сонсгол, мөрдөн шалгах сонгол гээд нийтдээ үндсэн долоон төрлийн сонсгол явуулахаар тусгаж төрийг удирдах хэрэгт иргэдийн оролцоог хангахыг зорьжээ.

Тайлбарлаагүй үлдсэнийх нь агуулга нь, УИХ нь хууль болон бусад шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаа, нутгийн өөрөө удирдах байгууллага нь тухайн нутаг дэвсгэр дэх захиргааны хэм хэмжээний актыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх зорилготой ерөнхий хяналтын сонсгол.  Харин Мөрдөн шалгах сонсголын тухайд, олон нийтийн санаа бодлыг түгшээсэн хууль зүй, улс төр, эдийн засаг, нийгмийн тодорхой асуудлаар гишүүн болон УИХ-аас томилогдсон албан тушаалтан хууль зөрчсөн эсэхийг тогтоох зорилгоор УИХ-аас явуулна.  УИХ тухайн сонсголыг явуулахдаа хэлэлцэх баримт сэлтийг цуглуулах, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороог байгуулан ажиллуулахаар төсөлд заажээ.

Ийнхүү сонголыг тусгайлан хуульчилснаар төрийн гаргаж буй шийдвэр, мөн гаргах гэж буй шийдэлд иргэд жинхэнэ утгаар, яг яаж оролцож болох нь тодорхой болох юм.

Түүнчлэн хууль санаачлагчдын зүгээс иргэд өөрсдөө хууль тогтоох, шийдвэр гаргах ажиллагаанд оролцоод эхлэхээр шийдвэрт итгэх итгэл, хэрэгжилтэнд эерэг нөлөөлөх, олон нийтийн оролцоотойгоор төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа, албан тушаалтныг хянах механизмыг ажиллуулах, хамгийн товчдоо "ухаалаг шийд" гаргах нөхцөл бүрдэх юм.

Хууль батлагдсанаар ямарваа нэг зардал, орон тоо гардаг нийтлэг жишиг тогтоод буй бол энэ хуулийн хувьд одоогийн байгаа тогтолцоо, бүтцэд тулгуурлан нийтийн сонголыг зохион байгуулах журмыг тодорхойлох тул бүтэц, орон тооны хувьд нэмэлт зардал шаардагдахгүй аж.

Б.МАНДАХ

 

0 сэтгэгдэл:

Post a Comment