2014/12/21

Төрийн нарийн хэрүүл

Сайдын суудлын хэрүүлээр ханш нь 500 саяд дөхсөнийг жирийн иргэд мэдэж авсны дараа асуудал нэг талдаа гаран цэгцэрлээ гэтэл яамдын Төрийн нарийн бичгийн даргын хэрүүл ид үргэлжиллээ. Төрийн нарийн бичгийн даргын суудал дэд сайдын суудлаас ч илүү үнэтэй болохоор тэр. Яагаад гэвэл "Сайдын түр эзгүйд түүний даалгаснаар байгууллага, албан тушаалтнаас ирүүлсэн бичигт хариу өгч, гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үр дагаврыг өөрөө хариуцна" гэсэн дэд сайдаас ч дээгүүр, хуулиар олгогдсон эрх мэдэлтэй болохоор тэр. Гэхдээ энэ албан тушаал улстөрийнх биш. Төрийн албаны зөвлөлийн мэдлийн албан тушаал. Өөрөөр хэлбэл улстөрөөс ангид салгасан төрийн захиргааны албан хаагч гэсэн үг. МОНГОЛ УЛСЫН ЯАМНЫ ЭРХ ЗYЙН БАЙДЛЫН ТУХАЙ хуульд зааснаар, энэ албан тушаалтныг Төрийн албаны төв байгууллага/Төрийн албаны зөвлөл/-ын саналыг үндэслэн Засгийн газар томилж, чөлөөлнө гээд цагаан дээр хараар дурайж байна.

Гэтэл, -Улаан туг залуучууд хоёр ихэр юм

Уралдаан ялалт хоёрын нөхөр юм гэж дуулдаг шиг "Сайдыг нь бид авсан бол Төрийн нарийныг нь бас өгөх ёстой" хэмээн МАН-ынхан бачууран сандарч, хэвлэлийн бага хурал зарлан "чарлав". МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт наанаа "Албан тушаал, сандал суудал горилж хамтраагүй" гэдгийг хэлэх ч "Дөрвөн яамны Төрийн нарийн бичгийн даргыг томилохдоо салбар хариуцсан сайдтай нь зөвшилцөлгүй, хулгайгаар томилсон нь итгэлцэл, зөвшилцлийг үгүйсгэж байна" гэснээс нь харвал "цаанаа үгүй юм аа".

Албан тушаалаа хуваалцахгүй л бол ажлыг нь явуулахгүй дэгээдэж унагаана гэдгийг урьдаас харсан Ч.Сайханбилэг "Монгол төрийн бодлого ингэтлээ эрэмбээ алдсан, ингэтлээ төрийн дархлаа сульдаж доройтсон бол бид өнөөдөр үүнийгээ хүлээн зөвшөөрөөд нийгэмд байгаа хүлээлтүүдээ болиулах хэрэгтэй" гэж чуулганы индэр дээрээс хэлж байгаа ч МАН-ынхан чихээ өөрийнх нь авсан дөрвөн яамдын Төрийн нарийнаар хэн байх вэ гэсэн яриа руу дэлдийлгэснээс биш үнэхээр энэ хямралаас хамтын хүчээр гарахад энэ л чухал гэж сонссонгүй.

С.Баярцогтын "Бид ачааг нь хувааж үүрэх гэж, ард түмний амьдралыг сайн сайхан байлгахын тулд, улс орноо хөгжүүлэхийн тулд энэ Засгийн газарт хамтарсан. Бид ажлаа явуулахын тулд Сангийн яам, Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яам, Хөдөлмөрийн яам гээд хүнд салбаруудыг хариуцаж авсан. Энэ салбаруудад ахиц, дэвшил гаргахын тулд тухайн салбарт ажиллаж байгаа сайд нь гар, сэтгэл нийлж, нэг зорилгын төлөө хамтарч ажиллаж чадах багаа бүрдүүлэх бололцоо боломжийг нь олгох ёстой" гэх үгнээс хууль хамаагүй гэсэн гаргалгаа өндөлзөж байна. Тэр нь ч "Энэ бололцоо бүрдэхгүйгээр сайдууд маань энэ хүнд салбарыг авч явахад хэцүү болно. Ажлаа явуулахын тулд л бид ийм асуудал тавьж байна" гэх үгээр нь илэрхий тодорхой боллоо. Эндээс харвал, уруудсан улс орноо өөд нь татах гээд байна уу эсвэл өөрсдийн авсан яамандаа намын гишүүнээ томилж, нам нийлж, сэм хуйвалдах гээд байна уу?

Асуултын хариултыг олоход дөхөм болгох үүднээс дахиад нэг яриаг ишлэх хэрэгтэй байх.

Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар "Засгийн газрын хуулиа ч зөрчиж байгаа хэрэг. Нөгөө талаасаа зүй ёсны зөвшилцөл явж байхад итгэлцлийн гол сууриа үгүйсгэж байна. Бид энэ асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй" гэж сэтгүүлчдийн өмнө мэдэгдлээ.

Дээр хүчин төгөлдөр хуулиар энэ албан тушаалтныг хэн, хэнд санал болгож дурьдсан. Хэн нь хуулиа зөрчих гээд байгааг хэлэх нь илүүц биз.  

"Алхаа цохих нь Ерөнхий сайдын эрх мэдлийн асуудал. Харин тогтоолоо зурахгүй байх нь салбар хариуцсан сайд миний эрх мэдлийн асуудал" гэдгээрээ зөвшилцөл нэртэй хууль зөрчсөн хуйвалдаан хийхгүй бол төрийн ажлыг гацаах бол энүүхэнд шүү гэдгээ  Д.Цогтбаатар хэлжээ. 

Улс орноо боддог л бол өнөөдөр албан тушаалын хэрүүл хийх цаг байхгүй болсон гэдгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хүлээн зөвшөөрч "Энэ хэвээрээ элдэв арга хэмжээ авалгүй байдал хэвээр үргэлжилбэл хэсэг хугацааны дараа бид default  буюу улс орноо дампуурсан хэмээн зарлах шаардлага үүсэхийг ч үгүйсгэхгүй" гэж мэдэгдсэн нь МАН өгөөш болж үүн дээр нь шантаажилж байгаад барьцаа ахиулах нь зүйтэй гэх мэргэн санааг боловсруулсан бололтой. Нөхцөл байдал үнэхээр муудсаныг "Байдал ийм түвшиндээ хүрвэл та бидний талцаж суух байтугай Монгол Улсын хувь заяаг гадна дотны ямар хүн хүч удирдаж, гадаа гудамжинд ямар зохиомжтой үйл явдал өрнөж болохыг хэн ч таашгүй" гэх Ерөнхий сайдын үгнээс сонссон байх. Гэхдээ хоёр жил улс орны, иргэдийн эрх ашиг, идсэн хоолны чанар, чансааг ярин эрх баригчдын баалан эх орончийн дүрд тоглосон сөрөг хүчин МАН тэр бүхэн хамаагүй бололтой. Өмнөх Засгийн газрын алдаа оноог энд сануулах нь илүүц ч өөрсдөө засагт ормогцоо албан тушаал, суудал, ширээний хэрүүлээр хэн болохоо харууллаа.  

Төрийн нарийн бичгийн даргын албан тушаал яагаад үнэтэй вэ гэвэл яамдын нарийн жирийн зохицуулалт, төсвийн захиран зарцуулагч, тендер, худалдан авалтыг хариуцдаг болохоор тэр. Ийм ч болохоор төрийн нэртэй сандал суудлын нарийн хэрүүлийг хийсээр байна.

Ийм л арчаагүй байдлаар хоёр сарын хугацаанд хэрүүл үргэлжиллээ. Цаашид ч үргэлжлүүлнэ гэдгээ бүлгийн дарга нь шинэ сайдтайгаа байлцаж байгаад хэллээ.

Тэдэнд албан тушаал, эрх мэдлийн төлөө хоосон хийрхэл, үгүйсгэл байснаас биш хямралаас гарах төлөвлөгөө боловсруулж, хамтдаа зүтгэх сэтгэл байгаагүй юмсанжээ.

Бичигч бээрийн сараачисныг худлаа бурсан балайрал гэдгийг батлаад, нотлоод хэрүүлээ зогсоож, хийх ажилдаа орвол баярлах байна. Намынхаа нэрний хоёр дахь үгийг бодсон ч тэр, тойргоороо байнга явдаг гэж томордгоо бодсон ч, одоо онигоонд орохоосоо өмнө болчихоосой. "Улс орны төлөө"-г урдаа барьдаг улстөрчид одоо "моодноос" гарсан шүү. Үнэхээр Монголоо боддог л юм бол харуулаад аль. Хаана байна, тэр чинь?

Л.НАРАНТӨГС

 

0 сэтгэгдэл:

Post a Comment