2014/12/21

Ардчилалд дургүй хүний үг

Хувьсгал гарав: Үр дүн нь

1990 он. Хувьсгал гарлаа. Эрх баригчид улс төр болон ёс суртахууны хувьд ялзарч, ард түмнээс хураасан хөрөнгө мөнгөн дээр тарвалзан,"тусгай дэлгүүр", "тусгай эмнэлэг", "тусгай үйлчилгээ", "тусгай төрөлт", "тусгай оршуулга" гээд бүх л юм нь "тусгай амьдралаар" амьдарч байсан тул олон түмэн дургүйцдэг байж. Тиймээс ч ард түмний дэмжлэгээр хувьсгал ялав. Гэтэл нөгөө хувьсгалчид маань өөрсдөө төдийгүй, гэр бүл, ах дүү, хамаатан садан, танил тал, найз нөхөд, найзын найз гээд бүр ч олон хүнийг дагуулан саарал ордонд орж ирлээ. Тэд ордны тавлаг суудалд тухалж байгаад өмнөх эрх баригчдаасаа илүүгээр завхарч, улсын хөрөнгийг улайн цайм идэж ууж, наргин цэнгэж, хээл хахуульд баригдаж, албан тушаалын төлөө "алалдаж" эхлэв!

1990-ээд оноос өмнө идэж ууж байсан дарга нарыг эд нартай харьцуулах юм бол "тавгийн чихэр хумсалж буй хүүхдүүдтэй" адил аж. Тэгээд ч тэр үед цөөхүүл идэж уудаг байв. Тэгвэл ардчилагчид маань ардчилсан маягаар маш олуул, бас тэгээднэг нэгэнтэйгээ барьцаж, уралдан цөлмөж эхэллээ. Гадаад төрх нь өөр ч албан тушаалын донтой, идэж уух хүсэл нь барагддаггүйнөгөө дарга нар бүр олуул болоод гараад ирж. Ард түмний хувьд юу ч өөрчлөгдсөнгүй. Хэдэн хүнд ашиглагдаад өнгөрчээ. Ард түмэн "нуухаа авахуулах гэсэн биш нүдээ сохлуулав". Харин нөгөө хувьсгал хийсэн ардчилагчид маань одоо болохоор эрх мэдлийн төлөөх тэмцлээ ардчиллын төлөөх тэмцэл гэж тайлбарлаж эхэллээ.

Ардчилсан хувьсгалчид өнгө зүс орж, янцаглаж, ярвалзсан бүдүүн бүдүүн дарга нар болов. Тэд бүтээлч ажил хөдөлмөр эрхлэхгүй, харин эрх мэдэлтэй болж, хөнгөн хялбараар амьдрах гэсэн залуусыг эгнээндээ олноор шургалуулж, хойч үеэ бэлдэж эхлэв. Ардчилалд учиргүй хайртай, түүнийг амь насаараа хамгаална гэж хийрхэгчид бүх шатны албан тушаалд очив. (Болдогсон бол ийм "улаан хамгаалагчдыг" 1960-70-80-аад оны Монголд аваачаад тавьчих юмсан гэж бодмоор. Хэрэв тэгж болдог бол эд юу ч дуугарч чадахгүй гөлөлзсөн, өндөг шиг мөлийсөн, эсвэл "энхрий хайрт намдаа амь насаа өргөнө" хэмээн хашгичиж, цээжээ балбасан хэнхэг юмнууд болох байсан буй за). Телевиз харж байхад "Улс төрд шинэ манлайлагчид" ч гэх шиг сүржигнэсэн залуус харагдах ихсэв. Сэтгэл нь хөөрсөн энэ залуусыг харахад яг социализмын үеийн Монголын хийрхүү комсомолчид санаанд ордог. Одоо ингээд харахад ардчиллын "өвгөн партизанууд"нь тийм, шинээр элсэж буй залуус нь ийм, "нохой шиншлэх" юм тун бага үлджээ.

Ардчилагчдын хэлж ярьж буй үгийн утга, логик жирийн хүмүүсийнхээс тэс өөр болчихов. Тэд үгийн утгыг тонгоруулж ярьж эхлэв. Жишээ нь, "давхар дээлд дургүй" хэмээвэл тэр нь дуртай,"ард түмний амьдрал дээшилж байна" гэвэл ард түмний амьдрал доройтож, өөрсдийнх нь амьдрал дээшилсэн,"авилгатай тэмцье" гэвэл авилга улам ихийг авна, "төсөв хэмнэж, төрийн аппаратыг цомхотгоё" гэвээс төрийг улам данхайлган, орон тоогоо нэмж, төсвийн мөнгөнөөс өөрсдөдөө улам ихийг зориулах гэж байгаа юм байна гэх мэтээр ойлгоход болно.

Ардчилсан хувьсгалаар олон зүйл өөрчлөгдлөө. Танил тал, арын хаалга, хээл хахуулийн замаар адгийн амьтад өндөр тушаалын дарга, ихээхэн хөрөнгийн эзэн болж хувирсан бол амьдралын хэв маяг нь тэс өөр хүмүүс болох эрдэмтэн, уран бүтээлчид, жирийн хөдөлмөрчдийн аж амьдрал ерөнхийдөө уруудан доройтов. Увайгүй, жудаггүй, нэр төр гэсэн ойлголтгүй, бүдүүлэг, улайн цайн луйвардан дээрэмдчихдэг ("наглый", "нахальный" гэдэг дээ) хүмүүсийн бизнес өөдөлж, албан тушаал ахиж эхэлсэн. Ер нь нийгмийн томоохон өөрчлөлт шинэчлэлийн үед сайн муу, сайхан муухай, үнэн худал гээд бүх зүйлийн утга, логик алдагддаг бололтой. Завсрын ийм үед Айн Рэндийн хэлснээр саарал хүмүүс хамгаас илүү хождог байна.

Сонгууль гэж нэг зүйл явуулах бөгөөд аль нэг нам нь луйвардаад засгийн эрхэнд гарчихна. Ардчилсан замаар төрөө байгуулж буй нь тэр. Төрд орж авсаныхаа дараа ард түмний өмнө согтуу гарч ирэн хашгичиж гуагчина, ордон дотроо согтуурна, бөөлжинө, "унтана", хоорондоо зодолдоно, хутга шөвөгний хэрэг гаргана, ухамсартай иргэдийн үгсийн санд байдаггүй үгсээр нэгийгээ хараана.Төрийн эрх барьж буй нь тэр. Ардчиллын үед хамгийн сайн нударган зодоонч нь хамгийн нэр хүндтэй, орон зайтай улстөрч болдог. Ардчилагчдын хувьд улс төр гэдэг бол хор сайн найруулж, хуйвалдаж, нэгийгээ ар хударгаар тавих явдал. Тэдний хувьд ичих, улайх, санаа зовох зэрэг нь үеэ өнгөрөөсөн хуучны ойлголтууд. Цагаандаа гарч дуусдаг. Тэд улсын өмчийг (үйлдвэр, аж ахуйн газар, объектуудыг) янз бүрийн арга зам, ихэвчлэн хахуулиар хувьдаа авах, төрд буй танил талаар компаниа тэтгүүлэн протекционизмд орох, арын хаалгаар тендер, захиалга олж авах, ажилчдаа луйвардах, хууран мэхлэх арга замаар л бизнес хийнэ. Капитализмд орж, хувийн өмчийг дээдэлж буй нь тэр.

Хөдөлмөрлөж, хөлсөө дуслуулж байж бус улс төр, хээл хахууль, ов мэх, залилангаар хөрөнгөжсөн болохоор бизнесмэнүүд нь бүгд "шинэ баяны цээж өвчтэй." "Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг" гэгчээр тэр баячуудын хүүхдүүдэд хүртэл энэ хууч удамшчихсан. Нэгэн ийм баяны эрх хүү "Литр бензиний үнэ 10,000 төгрөг болчихоосой, тэгвэл хотын гудамжаар ганцаараа давхиж явах юмсан" гэж байхыг сонссон, ресторанд өөр нэг баяны халамцуу хүү 20,000 төгрөгөөр лааз пиво авчихаад "хариулт хэрэггүй" гэж байхыг харсан хүмүүс байдаг юм. Эд баян, өгөөмөр, хэнэггүйдээ ийм араншин гаргадаггүй. Бизнес сэтгэхүй суугаагүй л дээ ингэдэг! Тэд хөрөнгө, мөнгөө заль мэх, луйвар, Мөррэй Ротбардын хэлснээр улс төрийн арга замаар олсон учраас ингэж цамаан загнадаг ажээ.

Ардчиллынхан "ардчилал гэдэг бол олонхийн засаг" гэдгийг маш сайн ойлгоодхож. Хаашаа л бол хаашаа харна, олуулаа байгаадаа хөөрцөглөсөн хүмүүс. Худал гэдгийг нь мэдсээр байж, олонх л аль нэг талд байх юм бол бүгд түүнийг зөв гэцгээнэ. Буруу зөв нь хамаагүй, олуулаа байх ёстой гэнэ. Ийм коллективистуудын хувьд олуулаа байх юм бол буруу ч байсан зөв, ганцаараа байх юм бол зөв ч байсан буруу. Эд олонх эс зөвшөөрөх аваас газрын татах хүчний хуулийг худал гээд Ньютоныг ч нулимахад бэлэн байдаг.

Ардчиллынхан АН-аа хамгийн ардчилалтай байгууллага гэх маягийн юм ярих нь олонтаа. Худал, энэ байгууллага бол маш бюрократ байгууллага. Томас Жэффэрсон улс төрийн намыг "хуйвалдагсдын үүр" гэсэн байдаг. Яг АН-ыг харж байгаад тодорхойлчихсон юм шиг. АН бол ямар ч үзэл баримтлалгүй, зүүний ч биш, барууны ч бус, "зүгээр л зарчимгүй хүмүүсийн цуглуулга", "улс төрийн хор найруулдаг лаборатори", "эрх мэдэлд тэмүүлэгсдийн лобби тасалгаа", "олигархиудын эзэмшил газар", өөр юу ч биш.

Монгол дахь ардчилсан засаглал. Туйлын дур зоргын (волюнтарист) шинжтэй шийдвэр гаргана. Хэн өөрт нь сайхан санагдана, түүний хэн байх хамаагүй хамгийн дээд шагналаар шагнана, хэн муухай санагдана, түүнийгээ үндэслэлтэй үндэслэлгүй шийтгэнэ. Эрх мэдэл надад байгаа юм чинь гэсэн маягтай загнадаг. Жишээ нь, поп рок дуулдаг үй олон залуус байна, нэг нь нөгөөгөөсөө илүү гарах юм уу, дутах юм юу ч үгүй. Энэ урлаг улс-оронд байлаа гээд илүүдэхгүй, байхгүй гээд дутагддаггүй тийм л зүйл. Гэтэл тэдний дундаас нэгийг нь сугалж аваад төрийн соёрхол хүртээчихнэ. Олимпийн медальтнуудад сард хэдэн саяар нь мөнгө олгох шийд гаргана. Үнэндээ, энэ бүхэн улс-үндэстний хөгжил, олон түмний аж амьдралд ямар ч нэмэргүй шийдвэрүүд. Нэмэргүй байтугай хортой. Жүдо, нийтийн дуу, поп рок урлаг хөгжсөнөөр улс үндэстэн өөдлөн, ард түмний амьдрал сайжирчихдаггүй.

Хотын захиргаа хогийн уутанд мөнгө төгрөгийг хэдэн тэрбумаар цацна. Энэ бол хэн ч, хаанаас нь ч харсан протекционизм. Нэг хэсэг нь шударгаар бизнес хийх гэж хөлс хүчээ шавхаж байхад нөгөөдүүл нь хэн нэг төрийн эрх мэдэлтний ивээлд орж баяждаг энэ байдал бол капитализмд үнэхээр харш үзэгдэлюм. Ийм хулхи бизнесмэн, албан тушаалаа ашиглан ивээл үзүүлэгч эрх мэдэлтэн хоёрын хооронд тогтсон протекционист холбооноос хэн хэн нь асар их завшдаг юм гэсэн. Харин тэр хоёрын завшсан хэмжээгээр олон түмэн хохирдог.Ер нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, УБ хотын захиргаа гэж төрийн нүүр царайг яруу тод харуулдаг газар шинээр гарч ирэх шинжтэй. Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч болгон улиралд хэдэн сая ч гэнэв төгрөг авдаг, хурлын 20-иод төлөөлөгчийг төсвийн мөнгөөр гадаад руу явуулж дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн үзүүллээ, хотын захирагч нь 6 орлогчтой боллоо гэх шиг. Ардчиллын үед стэйтистүүд (төрийнхөн) үнэхээр жаргадаг юм байна.

Мөнч олон халамж байх юм. Хэзээ зах зээлийн нийгэм, капитализм ийм байсан юм. Ердөө л социализм. Нэг хэсэгнь иргэд, залуучуудаа зах зээлийн мэдлэг, ухамсар, дадал заншилтай болгох гэж ядаад байдаг. Гэтэл улстөрчид нь социализм руу уруу татаад л. Ер нь Монголын ардчилагчид социализмаас сөөм хүрэхгүй зайд байдаг хүмүүс аж. Энэ нь тэдний явуулж буй бодлого, хэлж ярьж буй зүйлс, улс төрийн нэгдэж салах явцаас илт харагддаг.

Манай ардчилагчид юмс үзэгдлийг дутуу, өнгөц ойлгосон атлаа түүнийгээ эс мэдэн айхавтар муйхарлана. Ганц жишээ татахад, УИХ-аас баталсан Тамхины эсрэг хууль. УБ хотын сая гаруй хүн, түүний дотор нялх нярай хүүхэд гээд бүгдийг агаарын бохирдол-хорт утаагаар хордуулж буй нөхцөлд энэ нь утгагүй хууль байхгүй юү! Хэлбэрдэнэ, дүр үзүүлнэ, жүжиглэнэ гэж энэ. Тамхи татдаггүй хүмүүсээ хордуулахгүй байх, татаж буй хүмүүсийн дэргэдээс холдоод явчих шиг амархан зохицуулчих зүйл байхгүй.Соёлтой хэн ч иймэрхүү зүйлийг ёс суртахуунаараа зохицуулчхаж чадна. Тэгвэл УБ хотын бүх оршин суугч, түүний дотор нялх балчир үрс маань гэртээ орж бүгсэн ч хорт утаанаас зайлж чадахгүй дам "тамхилсаар" байна. Иймд хотын утаа, агаарын бохирдлын асуудлаа л хамгийн түрүүн шийдмээр. Гэтэл очиж очиж тамхи шүү. Дашрамд хэлэхэд, ардчилсан Ерөнхий сайдын боловсон хүчнүүд хорт утаагаар далимдуулж хэдэн тэрбумаар нь зувчуулсан гэж байгаа. "Олон түмний хувьд золгүй зүйл бүр төрийнхний хувьд завшаан болдог" гэсэн либертари хэллэг үүнийг л хэлээд байгаа хэрэг. 

Ийм байтал нэг их санаа зовсон дүр гаргаж, хоосон дүрэмдсэн хууль гаргаад л. Тэр нь амьдралаас тасархай учир огт хэрэгжихгүй. Хуульд заасан бүх зүйл зөв байдаггүй гэж либертари үзэлтнүүдийн хэлдэг үнэн шүү дээ. Улстөрчдөд байдаг ганц зэвсэг нь хууль. Тэгэхээр "Байгаа ганц багаж нь алх юм бол бүх юм хадаас болж харагдана, тэдэнд". Хүнсний зах дээр очоод захын худалдагчаас асуухад лангуун доороосоо тамхи гаргаад ирнэ, дайралдсан ТҮЦ бүр нууцаар тамхи зарж байна (Бодвол хууль санаачилж, батлуулсан гэх тэр нөхөр арваад сая төгрөг авсан байх даа. Эд нар өөрсөддөө зориулж хууль санаачилж батлуулах бүрдээ 10-аад сая төгрөг авч байхаар хууль гаргаж авсан шүү дээ! Уг нь хууль санаачилж батлуулах чинь УИХ-ын гишүүдийн хийх ёстой үндсэн ажил шүү дээ. Энэ логикоор бол эмч, багш нар ажилд орсон тушаал гарсан бол цалингаа тогтмол авч байхаас гадна хүн үзэж, эмчлэх, хичээл заах болгондоо нэмж мөнгө авч болох нь байна шүү дээ). Нөгөө хууль гаргагчид маань өөрсдөө төрийн ордон дотроо тамхиа баагиулсаар. Энэ хуулийг дэмжигсэд тамхичдыг өөрийгөө хордуулахаас хамгаалж байна гэх маягийн үндэслэл гаргаж байна лээ. Хувь хүний "өөрөө өөрийгөө мэдэх" зарчим гэдгийг энэ ардчилсан МР (УИХ-ын гишүүд) нар сонссон болов уу. Өнгөн дээрээ ардчилсан дүр эсгэсэн, цаагуураа социалист ухамсартай халамжлагчид маань бүр сүүлдээ "намайг надаас хамгаалах"гэдэг. Өөрийгөө хордуулах эрх бол хүний эрх мөн гэвэл эд хөлсөө чийхартал бодоод ч учрыг нь олохгүй дээ.

Ардчиллын боловсон хүчний амнаас хүний эрхэд хамгийн харш үг яриа гарна. "Гадаадад олон жил амьдарсан монголчуудыг эргэж ирэхэд аль болох хүнд суртал гаргана", "Парламентын бус намуудыг татан буулгана" ч гэх шиг. Ардчиллынхан бол хүний эрх, эрх чөлөөний талаар "А" ч үгүй, энэ талаар ямар ч мэдрэмжгүй хүмүүс.

Боловсрол, мэдлэгээр дульхан, ажил мэргэжлийн чадваргүй, ёс суртахууны доройтолтой нөхдүүд төр-засгийн янз бүрийн суудалд суухаараа урьд өмнө хаана нь ч хүрдэггүй байсан тэр хүмүүсээ хараад садист зан нь хөдөлж, атаархал хорслоо тайлах шалтаг хайж эхэлдэг. Ардчилал гэдэг нь "ард" гэсэн үгнээс гаралтай. Тэгвэл профессор, мэс заслын эмч, төгөлдөр хуурч, зураач, инженерүүд бол ард биш, тэгэхээр ардчилалд харш элементүүд."Нөр их тэмцлийнхээ" үр дүнд засгийн эрхэнд гарсан "ардууд"мэдлэг боловсрол, ёс суртахууны хувьд өөрсдөөс нь хамаагүй дээд түвшний тэр хүмүүсийг аль болох дарж, ажилд нь саад тээг учруулж байж кайф авч байна. "Чи их авьяас чадвар, мэдлэг боловсролтой, шулуун шударга хүн гэл үү, одоо чи миний зөвшөөрөлгүй яаж ч чадахгүй болохыг харуулж, төрийн хүч хувь хүний авьяас чадвараас хэзээ ямагт дээгүүр оршдогийг үзүүлнэ ээ" хэмээн шүд зууна. Гартаа үзэг барьж үзээгүй, бичиг үсэг үл мэдэх шахуу хувьсгалчид цагаан цамц өмсөж, зангиа зүүгээд үгээ зөөн ярьж эхэлдэг үе ингэж ирдэг юм билээ. Хороо, дүүргээс эхлээд Засгийн газар, УИХ-ын түвшинд хүртэл шигсэнэдгээр нөхөд бол шалгуур чангатай үед багийн дарга хийж чадах нь хүртэл эргэлзээтэй бодгалиуд. Угийн ядмаг үгсийн санд нь нэмэгдсэн үгс бол ардчилал, сонгууль, тэгш эрх, шударга ёс, Үндсэн хуульт ёс, нам, эвсэл, фракци, лобби гэх мэт. Юу ярьж байгаагийнхаа учрыг олоогүй атал янз бүрийн нэр томьёогоор бөөлжиж өгдөг. Үнэндээ, энэ ойлголтуудынх нь талаар хэдхэн асуулт тавихад л бүгд суугаад өгнө.

Өнөөгийн ардчилсан нийгэм дэх хамгийн сайхан урлаг нь хошин шог (тайзан дээрхэдний марзганалбүр гаарсан), нийтийн дуу (эрэгтэй, эмэгтэй хоёр гарч ирээд хайрын дуу дуулбал болоод явчихна) хоёр болж байна. Сонирхдог кино нь адал явдалт эс бөгөөс Солонгосын олон ангит кино. Уншдаг ном нь Баяжих ухаан, Сайхан харагдах нууц, Амжилтын тарни. Арай боловсролтой гэгдэх хэсэг нь Сталин, Мао, Чингисийн намтар, Нууц товчоо-гуншина. Юун дэлхийд алдаршсан сонгодог дуурь, симфони, бүжгэн болоод драмын жүжиг, уран зураг, уран баримал, роман, философийн эссэ!

Олон нийтийн арга хэмжээн дээрээс харж байхад"ардчилсан дарга" нар бүдүүлэгдүү хөдхи зангаа бага багаар гээж, хоосон ёсорхог маяг үзүүлэх боллоо. Язгууртан-дээдэс (элит, аристократ) болж буй нь тэр. Ардчилсан масс ч өөрчлөгдөж байна. Сүүлийн үед тэдилт зусар зан гаргах болж. Ардчиллын "улаан хамгаалагчид"дээдэстээ ичгүүргүй тал засдаг юм билээ. Овжин нэг нь зусардаж байна гэдгээ харуулахгүйгээр тал засах эрдэмд суралцсаныг хөлсний нийтлэл, илтгэл тавигчдын өгүүлэл, хэлсэн үгнээс харж болно.

Авлигачид болоод авлигын эсрэг тэмцлийг сааруулах гэсэн оролдлого ардчилагчдын зүгээс маш их гарах болов. Эдгээр ардчилагч мэдэхгүй байна, жирийн хүмүүс АТГ-ын (Авилгатай Тэмцэх Газрын) үйл ажиллагааг маш их таашааж байгааг. "Но"-той хүмүүс л АТГ-аас их айдаг, тэгээд ч "айсандаа айл эвдэхийг" оролддог. Авлигачдыг хорьчихоор "хүний эрх" гэсэн үгээр далайлгаж, "ажил хийлгэхгүй байна"хэмээн орлинготно. Тэгвэл авлига гэдэг чинь жирийн иргэдийн эрхийг хамгийн их зөрчдөг үзэгдэл, бусдын эрхийг зөрчдөг эрх бол үнэндээ эрх биш. "Хулгайчийг бариарай" гэж хашгирахыг сонссон махны хулгайч "Юун мах вэ" гэж уурласан шиг АТГ-ын тээр тэнд явагдаж буй үйл ажиллагаанд энд буй авлигачид дургүйцэж, айж, үзэн ядах аж. Дахин хэлэхэд, жирийн иргэд АТГ-ын үйл ажиллагаа өөрсдийнх нь эрх ашигт нийцэж буйг маш тод мэдэрч байна.

"Сайн муу нийлж, сав дүүрдэг", "Уулын мод урттай богинотой нь" үнэн л дээ. Гэхдээ Монголын ардчиллын "ууланд буй богино мод", "саванд буй саар" арай ч хэтэрлээ. Монгол маань эрх мэдэлтэн, баячуудын засаглал тогтсон, танил тал, арын хаалгыг шүтсэн орон болжээ. Сrony capitalism-танил талын капитализм. Үнэндээ, манайх шиг идэж уудаг улстөрчидтэй, хөрөнгө мөнгөтэй хүмүүс нь хуулиас дээгүүр амьдардаг ардчилсан орон цөөнгүй л дээ. Африк, Латин Америк, Зүүн өмнөд Ази гээд. Бид тэдний эгнээнд тун амжилттай орж явна.

Энэ бүхнийгээ олж хараад, хэлчих хүн ардчиллынхан дунд алга. 2014 оны XII сарын 5-нд Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойд зориулсан хурал болов. Дутагдлаа ил тод хэлж, түүнийхээ шалтгаан нөхцөлийг гаргаагүй ч академик талаасаа гайгүй ганц хоёр илтгэл байх нь байсан. Гэхдээ хоосон магтан дуулж, олон түмний психологийг "агаарт хөвөх тоогоор" эзэмдэх гэсэн илтгэлүүд голлов. Монгол улс оюутан, их дээд сургуулийн тоогоор дэлхийд дээгүүрт ордог, амьдрал сайжирснаар хэт таргалалт газар авсан, юугаараа ч гэлээ Японоос давсан юм байх (элий балай статистик). Бид чинь хачин сайхан амьдарч байгаа бөгөөд түүнийгээ мэдэхгүй байгаа юм байх. Яруу алдарт намынхаа (өнөөгийн нөхцөлд АН-ын) ачаар амьдрал хэчнээн сайн сайхан болж буй тухай иймэрхүү илтгэлийг социализмын үед чихэндээ эвэр ургатал сонсож байлаа. Худал, үнэнийг хольж яриад, үр дүнд нь үнэнийг бүрхэгдүүлэх софист аргыг улс төрчид амжилттай хэрэглэдэг. Ийм ярианаас худал нь хожиж, үнэн нь хохирдог юм. За тэгээд, улстөрчид болоод улс төрд ойр байдаг хүмүүсээс бодитой, үнэн үнэлэлт, дүгнэлт гарна гэж бараг л байхгүй дээ.

Ардчилалд өгөх либертари үнэлгээ

Үнэхээр ардчилсан оронд бол ардчиллыг шүүмжилж болно. Харин иллиберал ардчилалтай, ардчилсан дүр эсгэж, ардчилсан болж харагдах гэж оролдож буй оронд бол ардчиллыг шүүмжлэгчдийг үзэн ядаж, хяхаж хавчдаг.Монгол улс ардчилсан юм шиг харагдах бус харин жинхэнээсээ ардчилсан улс болох хэрэгтэй байна (Хүнд эрүүл юм шиг харагдах нь чухал бус, жинхнээсээ эрүүл мэнд чухал байдаг шиг).

Манайхны ойлгосноор ардчилсан үзэлтэй л юм бол ардчиллыг тахин шүтэж, түүнийг магтан дуулж байх ёстой аж. Гэтэл чухамхүү үүнийгл коммунист, фашист психологи, дадал заншил гэдэг юм. Манай ардчилагчид сэтгэлгээ, хандлага, дадал заншил, ажлын арга барилаараа яг коммунлаг үзэлтнүүд.Монголын ардчилагчид бүгд коммунистуудтай адил коллективист ухамсар, психологитой байна. Индивидуалист, капиталист ухамсар, мэдлэгтэй ардчилагч бараг алга. Нийгэм маань олонхийн дарангуйлал тогтсон нийгэм болчхоод байна. Ийм нийгэмд олонх, эрүүл сэтгэх чадвараа алдвал эрүүл сэтгэгч цөөнх сэтгэл мэдрэлийн эмнэлэгт очихоос өөр аргагүй байдалд орно.

 

 

Ардчиллыг ухаалгаар шүүмжилж чадах, шүүмжлэх ч эрхтэй ганц үзэл бий. Тэр бол либертарианизм. Энэ үзэл манайх шиг завхарч гуйвсан, феодализм, социализм, капитализмын хольц болсон, эрх чөлөөний уламжлалгүй, евро-ази менталитеттэй, патерналист орчинд бус, хамгийн ардчилсан, капитализм маш өндөр хөгжсөн, эрх чөлөөг дээд зэргээр эрхэмлэдэг, зах зээлийг жинхэнэ утгаар нь хөгжүүлсэн улсын дэлхийд алдаршсан сэтгэгчид (Людвиг фон Мизэс, Айн Рэнд, Мөррэй Ротбард, Хэнри Хаазлит) болоод Нобелийн шагналт хоёр эдийн засагчийн (Фридрих Хайк, Милтон Фридман) оюун санааны хөгжлийн үр дүн болон гарч ирсэн онол юм. Либертариуд ардчилалд дайсагнагч үй түмэн олиггүй шүүмжлэлээс эрс өөр өнцгөөс ардчиллыг шүүмжилдэг. Энэ бол ардчиллаас цааш явж, ардчиллыг "ардчиллынхнаас" гүнзгий ойлгосон хүмүүсийн шүүмжлэл. Ардчиллыг шүүмжилсэн либертари шүүмжлэл бол коммунлаг үзэлтнүүдэд бууж өгөөгүй индивидуалист шүүмжлэл. Ер нь ардчиллыг шүүмжилж, харааж, загнаж, магтаж, ерөөж болно. Ганцхан шүтэж л болохгүй. Яагаад гэвэл ингэх нь уг чанараараа ардчилалдхарш.

Томас Жефферсоны хэлснээр "ардчилал гэдэг бол 51% нь 49%-ийнхаа эрхийг хураан авч буй олонхоор хүч түрэх үйлдлээс өөр зүйл биш". Ардчилал чанарт бус тоонд ач холбогдол өгдөг. Тэгэхээр ардчилал 99%-ийн эрх ашгаар түрээ барьж асуудлыг шийддэг. Тэгвэл либертари үзэлтнүүдийн дээдэлдэг эрх чөлөө үлдсэн 1%-ийн эрх ашгийг харгалзахыг шаарддаг. Либертари үзэлтэн К.Менкенийн хэлснээр ардчилал бол "хоёр чоно, нэг хонь өглөөний хоолондоо юу идэх талаар санал хурааж байгаагаас өөрцгүй зүйл". Ардчилал гэж хоосон бахирагсад бол алиа салбадайнууд. Карьеристууд, улс төрчид, софт-стэйтистүүд. Айн Рэнд Магтуу (Anthem) зохиолдоо үзүүлснээр хамгийн үл бүтэх юмнууд "ардчилал", "тэгш эрх" хэмээн хашхичиж, энэ хашхичаан дунд хувь хүний эрх байнга зөрчигдөж байна.

Фашизм, коммунизм, консерватизм, социализм гээд бүх үзэлд ардчилсан элемент бий. Энэ утгаараа ардчиллын үүднээс эдгээр үзлийг шүүмжилсэн шүүмжлэлийн хүч сул байдаг бол либертари үзэл хамгийн чанд шүүмжлэл өрнүүлдэг. Ардчилал нь фашизм, коммунизм, консерватизм, социализмтай хаяа нийлдэг дутагдалтайболохыг либертари үзэлтнүүд олж хараад шүүмжилсээр ирсэн. Ер нь ардчилалд хувь хүний эрх чөлөөнд харшилсан, хүчирхийлэх хандлага ямагт байсаар ирсэн нь түүхээс харагддаг (Сократыг цаазалсан Афины ардчиллаас аваад хар арьст боолчуудыг үл тоомсорлож, эмэгтэйчүүдийн сонгуулийн эрхийг хасаж байсан Америкийн ардчилал, эрхтэн дархтан, хөрөнгө мөнгөтэй хүмүүст үйлчилж байдаг өнөөгийн Монголын ардчилал гээд). Тоталитари нийгэмд ч ардчиллын элемент байдаг шиг ардчилсан нийгэмд хүртэл дарангуйлал, тоталитарианизмын элемент бий. Ардчиллыг сохроор шүтэгчдэд үүнийг олж харах сөгөө байдаггүй.

Либертари үзэлтнүүд бол ардчиллыг ямар ч өө сэвгүй зүйл мэт ойлгодог "гэнэн материалистууд" биш. Либертари үзэлтнүүд эхлээд эрх чөлөө, тэгээд ардчилал хэмээн дэс дараалуулна. Дэвид Боазын Либертарианизм номд өгүүлснээр, "Хэрэв бид олонхын санал болгосон хүнтэй гэр бүл болдог нийгэмд амьдрах аваас ардчилсан, гэхдээ эрх чөлөөгүй нийгэмд амьдарч байна гэсэн үг", "либертари үзэлтнүүдийн хувьд улс төрийн хамгийн үнэт зүйл бол ардчилал биш эрх чөлөө" юм.

Авраам Линкольнийн тодорхойлсоноор "ардчилал нь ард түмэн өөрсдийн төлөө, өөрсдөө бий болгосон, өөрсдийнх нь засаг" байх ёстой бол Монголын ардчиллынхны аашилж буй байдлыг харахад"ардчилал нь төрийн  төлөө, төрийн хүслийг хэрэгжүүлэх гэж зүтгэж байдаг ард түмний засаг" болжээ.

Товч бөгөөд тодорхой дүгнэхэд

Тийм ээ, та нар ийм ардчиллыг фанатик маягаар хамгаалаад байгаа юм бол би ардчилалд дургүй, тэр тусмаа Монголд байгаа шиг ийм ардчилалд үнэхээр дургүй. Тэгэхээр над шиг хоцрогдсон, харанхуй, хуучныг баримтлагч, харгис хүчний төлөөлөл болсон хүн Монголд байхгүй биз. Мань мэтийн ардчилсан бус элементийг Жорж Орвэллийн 1984 зохиолд гардаг шиг "үзэн ядах цуглаанаар" оруулж, шүүсийг минь шахаад "нийтийн жигшил" болговоос зохино.

Философийн ухааны доктор Б.Батчулуун

Жич:1/ Энэхүү шүүмжлэлт нийтлэлийн онолын үндсийг урьд өмнө монгол хэл дээр орчуулагдсан либертари номнууд болон 2014 онд шинээр орчуулагдаж, энэ өгүүллийн дунд сурталчилгаанд тавигдсан Мөррэй Ротбардын "Төрийн анатоми", Хэнри Хаазлитын "Эдийн засгийг нэгэн хичээлд", Айн Рэндийн "Сайтар эргэцүүл!" номууд, Монголын улстөрчдийн төрх байдлын тухай либертари дүгнэлтийг харъя гэвэл Б.Батчулууны "Эрх чөлөөний дайсан" номоос хараарай.2/ Нийтлэлийг уншсан экс-коммунистуудаас талархлын үг сонсохыг үл хүснэ. Учир нь, миний шүүмжлэл уг сурвалж, агуулгаараа тэднийхээс эрс өөр юм. Тэгээд ч МАН, МАХН-ынхан ардчиллынхнаас дутахааргүй идэж уун, танил талаар ажил бүтээдэг хүмүүс болохыг бүгд мэднэ.

 

0 сэтгэгдэл:

Post a Comment