2015/01/23

Хууль зүйн сайд Д.Дорлигжав хуулийн төсөл өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай болон холбогдох бусад хуулийн төслийг өнөөдөр /2015.01.23/ өргөн барилаа. Монгол Улсын Их Хурлын 2012 оны 37 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн Эрх чөлөөтэй Монгол хүн гэсэн тавдугаар бүлэгт "Хуулийн тухай хуулийг батлуулж, хуулийн хэрэгцээ шаардлага, хэрэгжилтийг үнэлдэг болох" гэж заасныг хэрэгжүүлэх зорилгоор хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай төслийг боловсруулжээ.

Хуулийн төслийг боловсруулахдаа НҮБХХ-ийн "Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь" төслөөс зөвлөх багуудыг ажиллуулсан бөгөөд хууль боловсруулах стандарт, журмын талаар олон улс /ХБНГУ, БНСУ, БНВУ, ИБУИБНУ, Канад Улс, Япон Улс/-ын туршлага, практикийн харьцуулсан судалгаа хийж, түүнд үндэслэн хуулийн төслийн анхны хувилбарыг боловсруулж, төсөлд хуулийн үр нөлөөний үнэлгээ болон хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг тогтоох судалгаа хийсэн байна. Хуулийн төсөл нь 11 бүлэг,  53 зүйлтэй юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

0 сэтгэгдэл:

Post a Comment