2015/01/23

Төрийн зарчим алдагдаж байна

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд дэд сайдуудыг цомхотгох асуудлыг хэлэлцэх үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Засгийн газраас эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлаа хурдан хугацаанд давахын тулд хэмнэлтийн горимд төр засгийн бүх байгууллагууд, нийгмээрээ анхаарал хандуулж ажиллах хэрэгтэй гэдэг үүднээс төсвийн тодотголыг өргөн барьсан. УИХ-д талархаж байна. Яагаад гэвэл Засгийн газрын санал санаачлагыг дэмжсэн. Ямар ч байсан Засгийн газраас оруулж ирсэн төсвийн хайрцаг алдагдаагүй. Харин нийгмийн аль хэсэгт таналт хийх вэ гэдэг дээр УИХ өөрсдийн байр сууриа барьсан. Үүнд Засгийн газар хүндэтгэлтэй хандаж байгаа. С.Ганбаатар гишүүний гаргасан төсвийг хэмнэх хандлага, зарчмыг дэмжиж байгаа. Гэхдээ бид нэг зүйлийг ойлголцох хэрэгтэй. Нам, фракц гэж их ярьж байна. Энэ бол засаглалын асуудал. Үндсэн хуульд тусгасан гурван засаглал бие биедээ хүндэтгэлтэй хандах ёстой. Өчигдөр 22 цаг болоход "Танай дэд сайдууд УИХ-ын санал хураалтаар алга болчихлоо" гэдэг асуудал Ерөнхий сайдын хувьд орж ирсэн. Засгийн газар нь парламент руугаа, шүүх засаглал руугаа төсвөөр, орон тоогоор тайраад хаячихвал ямар байдал үүсэх вэ. Засаглал бие биедээ хүндэтгэлтэй хандах ёстой. Ажлын хэсгээс, гишүүдээс санал гаргахыг бид хүндэтгэнэ. Эргээд засаглал хоорондын бичигдээгүй, хүндэлдэг том зарчим байгаа. Жишээлбэл татвартай холбоотой хуулиудыг дан гишүүд санаачлахгүй, Засгийн газар үүнийг санаачил гээд сүүлийн хэдэн жил мөрдөөд явж байгаа. Үүнтэй адилхан төсөв хэмнэх ухагдахуун дотроо гүйцэтгэх засаглалын нэг том баганыг тайрч хаяж байна гэдэг нь өөрөө Үндсэн хуулийн асуудал болж байгаа юм. Гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд УИХ-ын байнгын хорооны хуралдаанд нэг зүйлийг онцлон хэлье. Төсвийн хэмнэлтийн горимд шилжих ажиллагаа Төсвийн тодотголын хуулиар зогсохгүй. Энэ хууль нэмэлт хийгээд гадаад, дотоод томилолт 30-40 хувиар буурсан. Бусад урсгал зардлууд дээр маш том хэмнэлт явагдаж байна. ТӨХ-ны даргад үүрэг өгсөн. Яам, агентлагт үйлчилж байгаа бүх автомашины хэрэглээнд бодлогын чанартай өөрчлөлт хийнэ. Цаашлаад яам, агентлагийн барилгууд дээр өөрчлөлт хийнэ. Төрийн өмчийг эзэнжүүлнэ. Асуудал нь 17 хүний цалин мөнгө биш, энэ бол мөсөн уулын оройны жижигхэн хэсэг. УИХ дээр ч үүнийг харж үзээч. Засаглал бие биедээ хүндэтгэлтэй хандаж ажиллах зарчмаа барья. Дундаас нь тоосго сугалаад байж болохгүй. Монгол төрийн зарчим алдагдаж байна. Энэ бол хэмнэлтийн асуудал биш" гэсэн юм.

С.ОТГОН

 

0 сэтгэгдэл:

Post a Comment